Марат Башаров: “Зөн билгийн тулаан” бол бодит тулаан юм”

d542bef64a7c468f7e9fe0595ad417bcМонголчууд бидний үзэх дуртай нэвтрүүлгийн нэг болох “Зөн билгийн тулаан” нь ОХУ-ын ТНТ телевизийн нэвтрүүлэг бөгөөд Их Британийн “Britain’s Psychic Challenge” шоуны орос хувилбар юм. Дэлхийн олон улсад ийм нэвтрүүлэг бий. Америкт “America’s Psychic Challenge”, Израилд “Коах”, Болгарт “Ясновидци”, Азербайжанд “Ekstra hiss”, Украинд “Битва екстрасенсiв”, Гүржид “Экстрасенста брдзола”, Казахстанд “Қыл көпір”, Австралид “The One”, Литвад “Ekstrasensų mūšis”, Эстонид “Selgeltnдgijate tuleproov”, Латвид “Ekstrasensu сīņas” гэх мэт. ОХУ-ын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэг 2007 оны хоёрдугаар сарын 25-нд эхэлсэн бөгөөд одоо 16 дахь цуврал нь гарч байна. Нэвтрүүлгийн 1-7 дахь цувралыг жүжигчин Михаил Пореченков хөтөлж байсан бол одоо жүжигчин Марат Башаров хариуцан ажиллаж байна.

Маш олон хүн үздэг, өөрийн гэсэн олон фэнтэй нэвтрүүлэг болохын хувьд шүүмжлэгч, эсэргүүцэгч ч олон. “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийг хуурамч, ялагч нь аль эрт тодорхой болсон байдаг, авьяас чадвартан биш жүжигчид оролцдог, зарим зөн билигч мөнгөөр асуултын хариуг авдаг зэргээр олон удаа бичиж байлаа. Мэдээж телевизийн нэвтрүүлэг хойно хүмүүсийн сонирхлыг татахын тулд бичлэгийг монтажлан, хасаж янзлах нь ойлгомжтой. Мөн үзэгчдийн сонирхлыг татах хүн оролцуулахыг зорьдог нь гарцаагүй. Гэхдээ нэвтрүүлгийг бүтээгчдийн хэлж буйгаар ямар ч зөн билиггүй хүн оролцох ямар ч боломжгүй аж. Тэднийг сонгон шалгаруулахдаа ч хатуу дэг журам баримталж, хэцүү даалгаврыг даван туулсныг нь л оролцуулдаг. “Зөн билгийн тулаан”-д оролцохыг хүсэгч маш олон. Хэдэн зуу, мянган хүн бүртгүүлснийг бүгдийг нь эхлээд даавуугаар бүтээсэн хайрцаг, эсвэл зузаан ширэмний цаана юу байгааг тааж хэлэх даалгавар хүлээж байдаг. Энэ шалгалтын дараа хамгийн сайн хариулсан 30-40 оролцогчийг л үлдээдэг байна. Дараа нь машин, авдар, шүүгээнд нуугдсан хүнийг олох даалгавар өгч, олж чадсан 8-13 хүн нь нэвтрүүлэгт оролцох эрх авна. “Зөн билгийн тулаан” гэж юу болох, яагаад энэ нь “найраа” биш болох талаар нэвтрүүлэгч Марат Башаров ийнхүү ярьж байна.

“Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн 16 дахь цуврал таны хувьд тэгш ойн нэвтрүүлэг болж байна. Таны хөтөлж эхэлсэн арав дахь цуврал шүү дээ. Энэ талаар юу бодож байна вэ?

Үнэнийг хэлэхэд би хэд дэх цувралаа хөтөлж байгаагаа тоолдоггүй. Хэрэв тэгш ойн нэвтрүүлэг юм бол би их баярлаж байна. Бүх юм саяхан эхэлсэн юм шиг л санагдана. Дөнгөж өчигдөр ирээд л “Зөн билгийн тулаан”-ыг эхэлж байгаа мэт л. Цаг хугацаа үнэхээр хурдан өнгөрч байна. Миний хөтлөлт ард олонд таалагдаж байгаасай гэж хүсдэг. Мөн бидэн дээр сонирхолтой, гайхалтай хүмүүс ирээсэй гэж хүсч байна. Хэдий чинээ олон гайхамшигтай хүмүүс ирнэ, төдий чинээ манай нэвтрүүлэг удаан оршин тогтнох болно.

Ес дэх цуврал дээр нэг зөн билигч таныг удахгүй нэвтрүүлгээ хөтлөхөө болино гэж мэдэгдэж байсан. Тэр эмэгтэй алдсан бололтой. Ер нь таны хувь заяаг мэргэлэх гэж зөн билигчид оролдож байсан уу?

Тэд зөндөө олон юм хэлж байсан ч ихэнх нь биелээгүй. Ес дэх цувралын эмэгтэй үнэхээр тэгэж хэлж байсан ч тэр угаасаа ялаагүй шүү дээ. Миний хувь заяаг урьдчилан хэлэх гэж байнга л оролддог. Гуйгаагүй байхад л янз бүрийн юм зөвлөөд, яриад л байдаг юм. Би ч бүр дасчихсан болохоор юм боддоггүй.

Та зөн билигчдээс амьдралынхаа талаар хэзээ ч асуухгүй гэж хэлж байсан л даа. Гэхдээ хажууд чинь энэ олон далдыг харагчид байхад ямар нэг юм асуух сан гэсэн хүсэл төрдөггүй гэж үү?

Төрдөггүй. Зөн билигчид “Марат яагаад чи өөрийнхөө тухай асуудаггүй юм бэ? Асуу л даа, хэлээд өгье л” гэдэг юм. Яагаад асуудаггүй вэ гэвэл би хүн болгон өөрийн хувь заяаг өөрөө бүтээдэг гэдэгт итгэдэг хүн. Хэрэв би тэдний үгийг сонсоод зөвлөгөөг нь дагаад эхэлбэл амьдрал сонирхолгүй болно шүү дээ.

16 дахь удаагийн цувралын зөн билигчид хэр хүчтэй хүмүүс байна вэ?

Сонирхолтой хүмүүс олон байна. Жил бүр л зөн билигчидтэй анх уулзаж, танилцах мөчөө тэсэж ядан хүлээдэг. Цуврал болгон өөр болохоор шинэ сурагч хүлээн авч байгаа бага ангийн багш шиг л догдолдог. Маш сонирхолтой байдаг. Сонгон шалгаруултад ижил төстэй хүмүүс ирсэн харагддаг ч шувтаргын нэвтрүүлэгт бүгд өөрийн онцлогтой огт өөр хүмүүс үлддэг. Энэ утгаараа 16 дахь цуврал бараг хамгийн сонирхолтой цуврал байж ч магад. Үзэгчид олон гэнэтийн бэлэгтэй сонирхолтой нэвтрүүлэг үзэх болно.

Шинэ цуврал эхлэхэд та хэн хэн нь шалгаран үлдэх бол гэж дотроо таахыг хичээдэг үү?

Шинэ зөн билигчидтэй анх танилцахад л олон зүйл харагдаж, мэдрэгддэг. Хэн шалгарах бол гэдэг ч гэсэн. Ямар ч гэсэн би сүүлийн хэдэн цувралд хэн нь үлдэх бол гэдгийг алдаагүй тааж байгаа. Анх танилцахад зөн билигч ямар ч тодорч товойсон юм хийгээгүй байлаа ч дотроос нь хүч чадал, ялалтын эрч хүч мэдрэгддэг юм. Дотоод эрч хүч, нүдээр нь хэн нь ялахын тулд ирсэн, хэн нь худлаа шоудаж, өөрийг пиардах зорилготой вэ гэдэг нь харагддаг.

Та далдыг харах зөн билигтэй хүмүүс байдаг гэдэгт өөрөө итгэдэг үү?

Би итгэдэг. Олон ч удаа тийм хүмүүсийг харж, мэдэрч байлаа. “Зөн билгийн тулаан”-аас гадна жирийн амьдрал дээр ч би тааралдаж байсан.
Гадуур зөн билигчдийг худлаа жүжигчид, нэвтрүүлгийг “найраа” гэсэн цуурхал гарч байна.

Би ийм яриа, цуурхалд хэдийнэ гайхахаа больсон. Манай төсөл, нэвтрүүлэгт оролцоод шигшээ тоглолтод шалгарч чадаагүй олон хүн бусдыгаа муулаад, “Зөн билгийн тулаан”-д бүх юм худалдагдсан, шударга бус гээд л яриад эхэлдэг. Жишээ нь, интернетээр бичсэн шиг надад зөв хариултыг хэлж өгөөч гээд хэн ч 23 мянган рубль өгч байгаагүй. Манай нэвтрүүлгийн гол утга санаа юу гэж бодож байна? Зөн билигчдийн хэн нь жинхэнэ гоц авьяастан, хэн нь худлаа залилан мэхлэгч бэ гэдгийг илрүүлэн гаргах явдал гол зорилго. “Зөн билгийн тулаан”-ы шалгалт, даалгавар нь дан ганц заль мэхээр давахгүй, үнэхээр гоц авьяас шаардсан байдаг тул жирийн зальтан хэзээ ч ялж чадахгүй. Би нэлээд хугацаа өнгөрсний дараа л өөрийнхөө нэвтрүүлгийг үнэхээр тулаан юм гэдгийг ойлгосон. Зөн билигчид жирийн хүмүүсээс ихийг харж, сонсож, мэдэрч, чаддаг гэдгээ өрсөлдөгчдөө төдийгүй улс орон даяар батлан харуулдаг дайны талбар бол манай нэвтрүүлэг юм.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …