Хэнтий: Зүүн бүсийн “Цагаан сар-Цагаан идээ 2016“ үзэсгэлэн худалдаа эхэллээ

IMG_7482Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Эвт трак” ХХК-ийн 2,8 тэрбум төгрөгийн хувийн хөрөнгө оруулалтаар 6300 метр квадрат ашиглалтын талбай бүхий “Зүүн бүсийн Эвт худалдааны төв” өнөөдөр Чингис хотод үүд хаалгаа нээлээ.
Уламжлалт сар шинийн баярын босгон дээр ийнхүү ашиглалтад орж байгаа тус худалдааны төвийн нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав, Засаг дарга Ж.Оюунбаатар, Засаг даргын орлогч Г.Ганхуяг, “Эвт трак” ХХК-ий захирал Д.Баяраа тэргүүтэй удирдлагууд оролцож, ёслолын тууз хайчиллаа.

Ингэснээр аймгийн Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны “Ажилтай орлоготой Хэнтийчүүд” хөтөлбөрийн хүрээнд эрүүл ахуй, стандартын шаардлагад нийцсэн Зүүн бүсийн хэмжээнд томоохон худалдааны төв барих зорилтыг хувийн хэвшлийн түншлэлээр амжилттай хэрэгжүүллээ.

Хэнтий аймаг зүүн бүсийн тулгуур төв болон хөгжиж байгаа энэ цаг үед тус худалдааны төв ашиглалтад орсноор зүүн аймгуудын хэрэглэгчдийг татаж, жижиг дунд үйлдвэрлэлийн брэнд бүтээгдэхүүнийг шат дамжлагагүйгээр борлуулах бүрэн боломжтойгоос гадна шинээр 330 ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийн хувьд таатай нөлөө үзүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм.

Мөн энэ үеэр жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Цагаан сар-Цагаан идээ-2016” үзэсгэлэн худалдаа болж, баяр дээр баяр нэмсэн үйл явдал боллоо.

Тус үзэсгэлэн худалдаанд 18 сум, 4 тосгоны 300 гаруй баялаг бүтээгчид хүрэлцэн ирж, өөрсдийн хийсэн гар урлал, цагаан идээ, бэлэг дурсгал, үндэсний хувцас зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна.
Аймгийн удирдлагууд үзэсгэлэн худалдаанд оролцогчдын бүтээгдэхүүнүүдийг үзэн сонирхож, урьд жилүүдээс илүү онцлог байгааг хэлж байв.

Мөн тус үзэсгэлэн худалдаанд тавигдсан нэгэн шинэлэг бүтээгдэхүүн нь Өмнөдэлгэр сумын гар урчуудын бүтээж байгаа эсгий ширмэл байсан юм. Энэ нь “Хан Хэнтийн гар урчууд” ХХК-аас санаачлан бүтээж байгаа гениссийн амжилтанд бүртгүүлэхээр эсгий урлал, зээгт наамал, монгол зургийн аргыг тусгасан Их эзэн Чингис хааны амьдралыг төрөхөөс эхлээд Их монгол улсыг байгуулсан үеийг харуулсан 100 м урттайгаар хийгдэнэ. Одоогийн байдлаар 20 м хүртэл зураг нь зурагдаж урлах ажиллагаа явагдаж байгаа буюу үйл ажиллагаа нь саатахгүй бол 5 дугаар сард дуусах аж.

Тус бүтээлийг урлахад нийтдээ 50 сая төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байгаа буюу аймгийн баялаг бүтээгчид холбоотой хамтран үйл ажиллагаа сурталчилж хандивын аяныг зохион байгуулж байгаа бөгөөд Эрдэнэт хот дахь Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс 100 м эсгийг хандивласнаар энэ оны 1 дүгээр сард ийнхүү урлалаа эхлүүлсэн байгаа гэнэ.

“Цагаан сар-Цагаан идээ-2016” үзэсгэлэн худалдаа Чингис хотноо энэ сарын 22, 23-ны өдрүүдэд үргэлжлэх юм байна.

Эх сурвалж: khentii.mn

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.