Хөгжлийн бэрхшээл хэний бэрхшээл вэ

12333912_1183201618376673_656053543_oТөрийн ордонд аль хурал чуулган болж байхыг тэр гэхэв. Хуралдаж чуулж байх зорилготой байгуулагдсан учир тэр нь ч зүй ёсны зүйл бизээ. Энэ их танхимд янз бүрийн л хурал чуулганыг сурвалжилж орч гарч явсан минь олоон олон. Ажилчин бүсгүй Ч. Гүнжлхам орлогч даргыг нь хийдэг байсан Ардын Их Хурлын чуулганаас эхлээд, Улс төрийн товчооны гишүүн Б.Дэжид гуайн чанга яригч цочдог бол цочихоор хурихардаг асан МАХН-ын их хурлыг ч сурвалжилж явсан. Гэтэл өнөөдрийн зорьж очсон хурал эдгээрээс нэг л өөр, сэтгэл гигэлзүүлсэн аястайгаараа онцлогийн дээр олон олон ухаарал бодол төрүүлсэн тун ч өвөрмөц чуулган байлаа. Энэ бол Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын шинэчлэийн бодлого, хэрэгжилт үндэсний II чуулган юм. Юуны өмнө хурлын тэргүүлэгчдийн ширээний ард тэргэнцэртэй, тод хар өнгийн шилтэй, хос суга таягтай, гарын хөдөлгөөнөөрөө ярьж харилцан ойлголцдог өвөрмөц дарга нар сууснаараа онцгой анхаарал татаж байсан юм. Амьдрал дээр бол тэд дарга нар биш, биднээс арай л өөр ертөнцөд аж төрдөг ч Монгол улсын иргэний үнэмлэх өвөртлөж явдаг нэг зуун найман мянган иргэдийн маань нэг хэсэг. Өнөөдөр тэд Монгол улсын гурван сая иргэний дөрвөн хувийг эзлэнэ. Тэдний төлөөлөл болж хорин нэгэн аймаг, нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон зургаан зуу гаруй төлөөлөгч хуран чуулсан нь энэ. Засаг төр ч тэдний үгийг сонсож л байлаа. Улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд нар маань илгээлт ирүүлснийг бие төлөөлөгчид нь хурлынханд уншиж сонсгосон бол УИХ-ын дарга өөрийн биеэр хүрэлцэн ирж мэндчилсэн нь тэдний сэтгэлийг юунаас ч илүү хөдөлгөх шиг санагдсан. Уйлмаар санагдсан даанч миний энэ цэхэрээс нулимас гарахаа болиод удаж байна даа гэж Багануурын төлөөлөгч ярьж байсан. Нэг залуу босчихсон гараа сарвалзуулаад л байсан лав л загнаагүй байх нүүрэндээ инээмсэглэл гэрэлтүүлээд хүн загнадаг хүн гэж энэ хорвоод үгүй бизээ. Хурлын ерөнхий уур амьсгал тун хүнд, эсвэл надад тэгж мэдрэгдсэн байх. Бух тэрэгний чарлаан шиг, Шостаковичийн симфони шиг хүнд аязыг мэдэрч суухад нуруугаар хүйт оргино. Чухам энэ тухай л яримаар санагдаад байна. Манай улс эдгээр иргэдээ мартаж байсан түүх огт үгүй. Гэвч бид олон арван жил харь улсаас зээлддэг дуслын тариа шиг санхүүгээр амьдарч ирсэн улсаа. Жирийн иргэдэд маань цөцгийн тос өдөр бүр хүртээж чаддаггүй байсан тэр дуслаас энэ бүлгийн хүмүүст оногддог байсан нь үнэхээр өрөвдмөөр. 90 оноос дусал ч үгүй болж, улсаараа гал алдахад хүрэхэд эд маань бүр зэвэр даасан. Хөл гартай, хэл сонсголтой нь гахай үүрч Эрээн Москвагийн хооронд хөлсөө шудрах завгүй амьсгаадаж амь амжиргаагаа залгуулж явахад энэ хүмүүс яажшуухан амьдарч байсан бол гэж бодохоос л дотор муухайрна. Гэвч тэр цаг нэгэнт ард үлджээ. Энэ дөрвөн хувиа бид уг нь элгэндээ тэвэрч, нуруундаа үүрч ачилж явах учиртай ч тэгж чадахгүй аль нэг яамны суга цавинд хавчуулж явсаар өнгөрсөн сонгуультай золгосныг бичиг баримт бэлээхэн гэрчилнэ. Харин 2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан засгийн газарт Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам байгуулагдсанаар эд нар маань банагт биш өөрийн гэрийн баруун хойморт завилах эрхтэй болсон юм. Шинэ яам байгуулагдсаны үр шим тэр дороо харагдаж 2013-5 сард Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улсын анхдугаар чуулган болсон. Чуулган дээр яригдсан олон арван бэрхшээл гачаалыг давж гарахаар яам нь ч шамдаж. Өнөөдөр түүнээс хойшхи үр дүнгээ хэлэлцэхээр цугласан нь энэ. Чамгүй үр дүн яригдаж байлаа. Хөгжлийн бэрхшээлийн эдийн засгийн урхаг санаанд тэр бүр багтамгүй өргөн хүрээтэй. Саажилттай хүүхдийн шүлсэвчээс эхлээд тэдний хөдөлгөөнийг сааруулаад байгаа бүхнийг эмчилж эдгээх хэдэн сая, тэрбум төгрөгний өртөгтэй аппарат хэрэгсэл хүртэл хөврөнө. Гүйж харайж яваа хүүхэд байтугай, халууцаад амсхийн хөлсөө арчиж суугаа хижээл эр ч үеийнхнийхээ туулж яваа хэцүү амьдралыг тэр бүр гадарлахгүй, тэдэнд ямар их дэм тус хөрөнгө мөнгө хэрэгтэй байдгийг сайн мэддэггүй. Харин яам нь мэдэж байна. Юуны өмнө судалгаанд багагүй хөрөнгө мөнгө хөдөлмөр зарцуулж, бид хаана яваа дэлхий хаашаа явчихсаныг тодорхойлоод авч. Өнөөдөр Монгол улсын хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэнд оногдох халамжийн тэтгэвэр 126 мянган төгрөг, түүнийг асран халамлагчид оногдох тэтгэмж 58 мянган төгрөг. Гэтэл АНУ-д зөвхөн асран халамжлагчид оногдох тэтгэмж сарын 3000-4000 доллар. АНУ-тай харьцууллаа гэж шүүмжлэх хүн гарах л байх. Бидний зорилго, өнөөгийн түвшин хоёрыг аргагүй л харьцуулах шаардлага байгаа учраас энэ тоог онцлон дурдахаас өөр арга алга. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ асран халамжлах тухай хуурай ярих нэг хэрэг харин тэдэнд нэн шаардлагатай байгаа хуулийн хүрээнд ярих хоёр бол хууль зүйт нийгмийн энэ цаг нэн тэргүүн анхаарах ёстой зүйл. Ийм хуулийн эхний хэсэг 2013 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай нэртэйгээр УИХ-аар батлагдан гарсан билээ. Удаах хэсэг нь буюу Хөгжлийн бэрхшээлтэй иргэнээ үл гадуурхан үзэх тухай хууль яг одоо УИХ-д өргөн баригдаад гишүүдийн хэлэлцүүлэг ид өрнөж байна. Энэ маш чухал хууль. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авдаггүй, тэдэнд зориулсан дэд бүтцийг барьж байгуулахаас хойргошдог, тэднийг ямар нэг байдлаар жирийн иргэнээсээ дорд үздэг хариуцлагатнууд нийгэмд бүгсээр байгаа нөхцөлд тэдэнтэй хуулийн хэлээр ярихаас өөр аргагүй байдал үүсдэг. Ийм хууль тэгвэл удахгүй батлагдана. Хууль гэхдээ бүхнийг шийдэхгүй. Нэгэнт байгаа нөхцөл байдлыг шийдэхэд мөнгө багагүй үүрэгтэй. ХАХНХЯ өнгөрсөн гурван жилийн хугацаанд чамгүй хөрөнгийг эдгээр иргэддээ зориулан шийдүүлж чадсанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 90 айлын орон сууцны барилга, Батсүмбэр дэхь ахмад настны асрамж хөгжлийн төвийн сэргээн засах шинэ төв баригдаж түрүүч нь нэгэнт ашиглалтад оржээ. Эдгээр зорилгод 27 тэрбум төгрөг зарцуулсан байна. Гадагшаа идэвхитэй ажил явуулсны үр дүнд олон улсын зээл тусламж нэрээр орж ирээд чухам ямар үр ашигтай нь үл мэдэгдэх олон арван төсөл рүү шургаад чимээ алдардаг байсан ихээхэн хөрөнгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүүгээ чиглүүлж чадсан нь нэн олзуурхууштай. Юун түрүүн Япон улсаас орж ирж байгаа 4,8 тэрбум төгрөгийн тусламжийг дурдах нь зөв. Энэ хөрөнгөөр сэргээн засах үндэсний төвийн нилээд хэсгийг шинэчлэн тоноглож эхэллээ. Нийтдээ долоон бүлэг тоног төхөөрөмж энэ төслийн хүрээнд орж ирэхээс дөрөв нь суурилагдаж ашиглагдаж эхэллээ. Удахгүй гурван бүлэг тоног төхөөрөмж суурилагдана. Мөн БНХАУ-тай хийсэн удаан хугацааны хэлцэл энэ онд үр дүнд хүрч жаран тэрбум төгрөгөөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн үндэсний төвийн барилга байгууламжийг барих газрын асуудлыг шийдэж барилгын шав тавигдлаа. Чуулганы үеэр яригдсан сэтгэл нэн эмзэглүүлсэн гол асуудлын нэг нь бид өөрсдөө хөгжлийн бэрхшээлийг өдөр бүр үйлдвэрлэж байгаа явдал. Хэнэггүй зан, уурын мунхаг, архины урхагаар Монголчууд нэгнээ бэртээн хөгжлийн бэрхшээл гэдэг нийгмийн хорт хавдар гээд хэлчихэд нэг их буруудахгүй жигшмээр үзэгдлийг үйлдвэрлэж байна. Бод л доо өнөөдөр манай улсад байгаа 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 70-аад мянгыг нь олдмол бэрхшээлтэй иргэд эзлэдэг. Энэ бол үнэхээр хиртхиймээр тоо. Олдмол бэрхшээл гэдэг энэ нууцлагдмал нэр томъёоны хөнжил дор юү нуугдаж байна гэж бодож байна. Энд хариуцлагагүй эмч сувилагчдын хэнэггүй зан нуугдаж байдаг. Эхээс төрж байгаа шинэ иргэнээ хайрлан энэрч тосохын оронд угз татан тархины саажилттай юм уу, түнхний мултралттай болгож байдаг. Хараа муудаад байна гээд очиход нь ширэв татсанаас магадгүй нэг иргэн маань харааны бэрхшээлтэй иргэдийн тоо руу шилжиж байдаг. Хатуу үг хэллээ гэж эмзэглэвзэй үнэндээ ийм л байна. Өглөө машинаа асаагаад хөдлөхдөө хөөцөлдөх ажлаа л бодож байдгаас биш хэн нэгнийг шүргэчихгүй хөдөлгөөний дүрмээ ягштал барьж явахаа ухаарч тунгаадаггүйгээс хөгжлийн бэрхшээл гэдэг нэр томъёоны 13% ийг жолооч нар үйлдвэрлэж байна. Зам хөндлөн гарах гээд зогсож байхад чинь хажууд чинь гүйж ирээд ухасхийж байгаа хүүхдийг та бид анзаардаггүйгээс нялх балчир үрс маань осолд өртөж, гэмтэж бэртэн мөнөөх далаад мянгыг арвижуулж байна. Хэний ч үрс адилхан орой гэртээ очоод үнэрлэхэд чинь хайр ханхийлгэдэг үр хүүхдээс чинь ялгаагүй нялх хонгор сэвлэгтэй хайрын очис юм шүү дээ. Тэднийг гараас нь хөтлөөд зам гаргаад өгчихөд танаас хэдэн грамм энерги хийсээд алга болчихгүй харин ч хүүхдийн баярласан сэтгэлийн туяа танд гийж үлдэх бусуу. Хажуу айлд чинь орилоон чарлаан үүсэхэд та аанай л -Аа эд ингэж л байдаг юм гэж бодож суудагтаа цэг тавь. Нэг тэнэг мунаг эр хөгжлийн бэрхшээл үйлдвэрлэж байна шүү дээ. Гүйж ороод зогсоож чаддаггүй юм гэхэд төрийн хамгаалалт руу хандах хэрэгтэй. Цагдаа ч гэсэн дөжирсөн сонор, сэлхэрсэн хараагаа хурцал, ийм шаардлага цаг үеийн хэрэгцээ өнөөдрөөс хэнэггүй занг чинь тогшоод эхэлсэн шүү. Учир юун гэвэл ийм хууль одоо УИХ дээр хэлцэгдэж байна. Энэ хурлын үеэр энгэр дүүрэн тэмдэг зүүсэн нэг эмэгтэй миний анхаарлыг гойд татсан юм. Орхон аймгийн Жаргалант сумын төлөөлөгч Баярхүү гэдэг энэ бүсгүй хөгжлийн олдмол бэрхшээлтэй боловч ажлаа хийсээр л яваа аж. Улсынхаа дөрвөн удаагийн аварга ногоочин энэ бүсгүйг 91 онд хөдөлмөрийн баатарт тодорхойлсон боловч өнөө болтол дээд шатнаас арга хэмжээ авсангүй. Га тутмаас 30 тонн төмс, 60 тонн байцаа, 44 тонн лууван, 22 тонн сонгино хурааж авдаг гэнэ. Ерөнхийлөгчийн тамгын газраас Сүхбаатарын одонгоор шагнагдаагүй хүн Хөдөлмөрийн баатар болж болдоггүй гэсэн хариу ирсэнд хамт олон нь Сүхбаатарын одонд тодорхойлоод явуулж. Тэгээд л сураг тасарч. Аргаа барсан сайд С.Эрдэнэ өргөдөл хүсэлт баримт материалыг өөрийн биеэр ерөнхийлөгчийн тамгын газарт хүргэсэн боловч бас л чимээгүй.

12318547_1183201635043338_607786921_o

-Намайг хөгжлийн бэрхшээлтэй болохоор л анхаардаггүй юм болов уу гэж боддог болсон гэж ярьж байна. Аргаа барсан л хүний үг санагдсан. Энэ хүн хөгжлийн бэрхшээлдээ гутарсангүй гараа хумхиад суусангүй ногоогоо тарьсаар л аягүйтвэл үр шимээр нь бид ногоотой шөл хийн гүнцэглэсээр л яваа байх. Харин өөр нэг хараа сонсголын бэрхшээл төрийн ордонд ч бүгээд байгаа юм биш биз гэж бодогдсоныг нуугаад яах вэ. Дээр нэгэнт дурдсанаа дахиад сануулая. Хөгжлийн бэрхшээлийн элбэг 60-70 хувийг монголчууд монголчууддаа үйлдвэрлэн түгээж байна шүү үүнээ зогсоож чаддаггүй юм гэхэд үгүй яадахдаа багасгах талаар хэн хүнгүй анхаарч алхам тутамдаа бодож явах цаг ирсэн байна. Хүн амын дөрвөн хувь гэдэг бага тоо биш. Эцэст нь тэмдэглэхэд Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд УИХ-ын гишүүн С. Эрдэнэтэй хурлын завсраар хэдхэн үг солиход манай хүн ч өөрийгөө энэ талын бэрхшээлтэй болсноо ярьж байсан. Ийшээ чиглэсэн бодлого хийж байгаа ажлыг ярихын оронд намайг л яриад байдаг. Гэтэл бүхэл бүтэн хамт олон яам, чиглэлийн олон газар агентлагийн хамтын бүтээл цаана нь орхигдоод байдаг. Бэлээхэн хийсэн ажил цаасан дээр биш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн минь амьдралд хэрэгжиж байхад С.Эрдэнэ ингэчихлээ тэгчихлээ гээд яриад бичээд шуугиулаад байдаг.

-Өөрөө тэгээд хариу өгч болдоггүй юм уу?

-Нэгд тэгж явах зав муу юм. Хоёрт би ч ер нь тэгээд энэ талаар бас хөгжлийн бэохшээлтэй болчихсон шүү дээ.

 -Юу?

-Иймэрхүү хов живийн чанартай зүйлийг харах, сонсох эрхтэн муудсаан.

 Бидний дунд нэг ийм л яриа өрнөсөн юм даа. Нээрэн ч бүхэл бүтэн хамт олон ажиллаж байхад нэгийг нь заамдаж сэгсчихээд байх ер нь хэнд хэрэгтэй байдаг юм болдоо. Дашрамд дурдахад нийслэл хотоос эхлээд бага дунд хот аймгийн төвүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ багагүй анхаарч дэд бүтэц барьж байгуулж эхэлсэн. Тун ч удахгүй ийм иргэд чөлөөтэй сууж бууж болох тээврийн хэрэгслүүд ч үйлчилж эхлэх болно гэсэн таатай мэдээ чухам энэ чуулганы индэр дээрээс сонсогдсон нь сайхан санагдсан шүү.

12315076_1183201298376705_300774998_o

Хурал тараад ХАХНХЯ-ны хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Х.Баавгайтай зам нийлэн алхаж явах зуур хэлтсийн дарга маань  “Нэр томъёо гэдэг бас их сонин шүү. Нэг үе бид чинь энэ иргэдээ тахир дутуучууд гэж нэрлэдэг байлаа. Их хатуу сонсогддог байсан. Арай зөөлрүүлээд хөгжлийн бэрхшээл гэж нэрлэж байна. Язгуур монгол хэлэнд уг нь ЗҮДҮҮ гэж нэрлэдэг байсан юм шүү дээ. Хуучны хөгшчүүл -Хөөрхийдөө зүдүү юм гэж ярьдаг байсныг чи сонсож л явсан байлгүй дээ “гэж билээ. Нээрэн л тэгж хэлж ярьдаг байсансан.

Сурвалжилсан: Д.Энхболд .Номин-Эрдэнэ.

Санал болгох мэдээ

НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр болно

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаан өнөөдөр /2024.04.18/ 10:00 цагт хуралдана. Хуралдаанаар: -Нийслэлийн хэмжээнд агаар, орчны …