Э.Бадар-Ууган: Спортод арын хаалга гэж байдаггүй

12274672_1530550443937125_5913035823987392189_n“World Mongolians Global Association”-аас санаачлан зохион байгуулж буй “Монгол туургатны боксын анхдугаар наадам”-ыг Монголын Боксын холбоо дэмжин хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээн зохион байгуулах комиссын даргаар Хөдөлмөрийн баатар, олимпын алтан медальт Э.Бадар-Ууган ажиллаж байгаа юм.

Тиймээс наадмын хүрээнд тэрээр зохион байгуулах комиссын багийнхныхаа хамт ийнхүү Тува, Буриад, Халимагийн боксын холбооны удирдлагуудтай уулзан тэмцээний удирдамжаа гардуулан цаашид хамтран ажиллах албан ёсны гэрээ байгуулжээ. Учир нь энэхүү тэмцээн нь цаашид жил бүр зохион байгуулагдах аж.

Ингээд түүнтэй “Монгол туургатны боксын анхдугаар наадам”-ын талаар ярилцлаа.

Наадмын зорилго, таны оролцох болсон шалтгаан?

-Дэлхийн монголчуудын Глобал нийгэмлэгийнхээ тухай эхлээд ярих нь зүйтэй байх. Глобал Монгол нийгэмлэгийг манай урлаг, спортын салбарт бусдыгаа манлайлан зөв явж байгаа хүсэл тэмүүлэл дүүрэн залуус нэгдэж байгуулсан. Энэ нийгэмлэгийн нэрнээс нь хүмүүс Даяар Монгол ч юм уу түүн шиг ямар нэгэн хөдөлгөөн байгуулж байна гэж бодоод байх шиг байгаа юм. Бид нийгэмлэгийнхээ нэрийг удаан бодож ярилцаж байж Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг гэж өгсөн. Миний хувьд би боксын тамирчин спортын хүн. Манай нийгэмлэгт бизнес урлаг, спортын гээд салбар салбарын хүмүүс байна. Дэлхийн тархай бутархай байгаа Халимаг, Буриад, Тува гээд  тэдгээр монголчуудтай холбогдоод олон талт арга хэмжээг цогц байдлаар зохион байгуулах тэр л чиглэл шугам руу нэгэн тэмүүлэл зорилготойгоор ажиллаж байна. Өмнө нь энэ чиглэлээр олон хүмүүс өөр өөрсдийн сувгаар хандаж байсан ч тэр бүр амжилт олох нь тааруухан байсан. Харин одоо Дэлхийн Монгол Глобал нийгэмлэгт хандсанаар нэгэн гарцаар аливаа нэгэн арга хэмжээг зохион байгуулж болох юм гэсэн санаагаар л энэхүү наадмыг анх зохион байгуулах санаачлагыг гаргасан. Тэр ч утгаараа би энэ нийгэмлэгт харьяалагддаг боксын тамирчны хувьд “Монгол туургатны боксын анхдугаар наадам”-ыг зохион байгуулах ажлыг эхлүүлэн бэлтгэлээ базаагаад явж байна. Хэдийгээр би одоо боксын тамирчин биш ч гэсэн Боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчийн хувьд анхдугаар боксын нөхөрсөг тэмцээнийг хийе. Тэгж байж нэг нэгнээсээ харилцан суралцаж хөгжинө гэсэн санааг бид ярилцан энэхүү наадмын ажлыг хийж байна. Халимаг, Тува, Буриад гэхэд л өнөөдөр ОХУ-д харьяалагдаж байгаа. Өнөөдөр ОХУ-ын бокс, Оросын спорт дэлхийд ноёрхож байгаа. Тэр ч утгаараа бид эдгээр тамирчидтай хамтарсан тэмцээн хийхэд манай тамирчдын чансаа ч сайжирна. Түүнээс биш бид энэ наадмаас ашиг хонжоо олон эргэж монголчуудаа нэгтгэнэ энэ тэр гэж яриагүй. Дэлхийн монголчууд гэхээр л хүмүүс шууд утгаар нь эргэж нэгтгэх нь гэж ойлгоод байж магадгүй. Манай наадам бол үүнээс өдөр шөнө шиг ялгаатай.

-Наадмынхаа хүрээнд хилийн дээс алхан уулзалтууд хийгээд ирсэн гэсэн. Энэ талаараа сонирхуулахгүй юу?

-Сая манай Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэгийн удирдлагууд Халимаг, Буриадаар явж наадмынхаа хүрээнд боксын холбоодын хүмүүстэй уулзаж ярилцаад ирлээ. Тэд өв соёлоо олон зуун жилийн турш хадгалсаар ирсэн монгол туургатнууд шүү дээ. Тэр ч утгаараа биднийг алд цэнхэр хадгаа дэлгэн сүүтэй аягатайгаа угтсан нь сэтгэлд маш ойр сайхан байлаа. Бид өмнө өвөө, эмээ, буурлуудаасаа л Халимаг улсын тухай сонсож байсан боловч яг газар дээр нь очоод үзэхэд тэдний үүх түүх, соёл оршин тогтнож байгаа байдал, залуусын бодол санааг сонсоход үнэхээр сайхан байлаа. Глобал нийгэмлэгийн цаашдын зорилго бол монгол туургатны авьяасыг нээн хөгжүүлэх, тэднийг сурталчлан таниулах юм шүү гэдгийг хүмүүс зөвөөр ойлгоосой гэж хүсмээр байна. Тэр ч утгаараа манай нийгэмлэг дараа дараагийн удаа урлаг, соёлын наадмыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Монголчууд бол авьяастай, дэлхийд дийлдэхгүй гентэй хүмүүс гэдгийг нотолсон шүү дээ. Халимаг, Буриад, Тува, Өвөрмонгол гэд хэдийгээр өнөөдөр монгол цус холилдон холдсон ч гэсэн энэ дундаас монголоо гэсэн сэтгэлтэй, авьяастай хүмүүс байна. Бид хамтраад нэг нэгэндээ хэрэгтэй зүйлийг хийхийн төлөө ажиллах болно. Сая биднийг Халимагт айлчилж байхад тэд Лениний Халимаг хүн байсан тухай бахархан ярьж байсан. Магадгүй дэлхийд алдартай нээлтийг Халимаг хүн хийлээ гэхэд бид Монгол туургатан гэдэг утгаараа тэр хүнээр бахархан цаашдаа дэлхийд монголчууд танигдах тэр л гарцыг хамтдаа бий болгохын төлөө энэхүү нийгэмлэг маань үйл ажиллагаагаа чиглүүлэх болно.

Сүүлийн үед улс оронд маань болж бүтэхгүй байгаа зүйл олон байгаа ч энэ үед бид бодитой болж бүтэж байгаа зүйлсийг дэмжсэн, болохгүй байгаа зүйл рүү нь дуу хоолойгоо хүргэн ажиллана. Мөн Монгол хүний үнэ цэнэ гэдэг зүйлийг уландаа гишгэж болохгүй гэдгийг зөв явж байгаа залуусаар үлгэрлэн хүргэх болно. Тиймээс манай нийгэмлэгт маш олон залуус нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Бид ингэж байж ирээдүй болсон залуус, дүү нартаа зөв үлгэр дууриал үзүүлэх болов уу гэж бодсоны үндсэн дээр энэ нийгэмлэгт ажиллаж байна.

-Халимаг, Буриадын боксын холбооныхон энэхүү наадмыг хэрхэн хүлээн авав. Тамирчидтай уулзсан уу?

-Бид наадмынхаа хүрээнд тамирчид, удирдлагуудтай нь уулзсан. Тэд биднийг очиход нэлээд шахуу хуваарийн дагуу ажлын хуваарь бэлдчихсэн байсан. Хэвлэлийн бага хурал хийн боксчидтой зааланд нь уулзан ярилцсан. Тамирчин хүн бүр л эх орныхоо аварга, дэлхийн аварга болно гэсэн зорилго нэг болохоор тэдэнтэй ямар нэгэн зөрчилдөх асуудал бол байхгүй. Тэд ч тэндээ бэлтгэлээ базаан манай тамирчид ч эндээ бэлтгэлээ базааж байгаад хөлстэй хувцсаа үүрээд л явж байна. Зорилго бол үргэлж дээшээ тэмүүлэлтэй, хамгийн том нь олимпийн аварга болох шүү дээ. Халимаг, Буриадуудын тамирчид ч гэсэн улсынхаа аварга болж байж дээшээ тэмцээнд явдаг. Үүгээрээ бүх л тамирчид адилхан. Урлаг, спортод ямар ч арын хаалга байдаггүй шүү дээ.  Үүгээрээ хаана ч нүүр бардам байдаг. Түүнээс биш ямар ч амжилт гаргаагүй байж би тийм медаль авах гэсэн юм гэж ярих асуудал спортод байхгүй ээ. Чи үнэхээр чадалтай бол дэлхий, олимпоос медалиа аваад ир гэдэг. Түүнээс биш чи өөрийгөө мянга магтаад, алтаар уйлаад амжилт гаргахгүй. Спорт бол хатуу тоглоом. Боксын спорт нэгэнт зориод орсон л бол эргэж буцах замгүй хэцүү.

-Анхдугаар наадамд эх орноо төлөөлөн ямар тамирчид оролцох вэ?

-Өнгөрсөн нэгдүгээр сард манай улсын аварга шалгаруулах тэмцээн болсон. Тэр тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль авсан тамирчид энэ наадамд урилгаар оролцож байгаа.

-Тэмцээний цаашдын зорилго?

-Манай боксын төрөлд онцлоод хэлэхэд ХБНГУ-ын “Химийн цом” гээд дэлхийн өндөр рейтингтэй том тэмцээн болдог. Химийн цомоос алтан медаль хүртсэн тамирчин тухайн жилдээ дэлхийн аваргаас медаль заавал хүртдэг зарчимтай өндөр нэр хүндтэй тэмцээн. Тэр тэмцээний хувьд нэг жинд найман тамирчин оролцож гурав хоног л үргэлжилдэг. Тэр тэмцээн шиг Монгол туургатан гээд тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулъя гэж бодон энэхүү шийдвэрт хүрч одоо ажил маань 70-80  хувьтай явна. Өнөөдөр манай нийгэмлэгт салбар бүрийн мэргэжилтэй хүмүүс байгаа ч эдгээр өдрүүдэд бид бүгдээрээ боксоор амьсгалж байгаа. Сүүлийн үед монголд боксын тэмцээн болоогүй удаж байгаа. Тэр ч утгаараа олон хүний сэтгэл шингэсэн энэхүү наадмаа маш сайхан болно гэж бодож байгаа.

-Тэмцээний шагналын сан өндөр юм билээ?

-Боксын тэмцээн жүдо, чөлөөт бөхийн тэмцээнийг бодвол харьцангуй мөнгөн шагнал багатай болдог. Тэр ч бас л шүүмжлэл дагуулдаг. Дэлхийн боксын холбооны удирдлагууд боксын тэмцээнийг хамгийн өндөр мөнгөн шагналтай байх хамгийн их үзэгчдийн цөсийг хөөргөдөг спорт мөртлөө хамгийн бага шагнал өгдөг гэж байнга шүүмжилдэг. Сүүлийн үед ганц нэг мөнгөн шагналтай тэмцээнүүд зохиогдох болсон. Манай тэмцээний хувьд алтан медаль хүртсэн тамирчин 1500 ам.доллар, мөнгөн медалийн эзэн 1000 ам.доллар, хүрэл медалийн эзэн 500 ам.доллараар шагнуулна. Аварга болсон тамирчин эв найрамдлын бэлгэдэл болсон шилжин явах Алтан цомыг хүртэнэ. Боксын спортын төрөлд манай тэмцээний мөнгөн шагнал бол өндөр байгаа.

-Анхдугаар тэмцээн гэсэн учраас цаашид ямар давтамжтайгаар зохион байгуулах вэ. Зохион байгуулах улс нь зөвхөн Монгол байх уу?

-Бид бүхний сая явсан ажил энэ талаар яригдсан. Тэдгээр боксын холбоод дараагийн удаа энэхүү тэмцээнийг манайд хийж болно ирэх эжилийг нь манайх авъя гэж ярьж байсан. Энэ бүх асуудлыг тэмцээний үеэр эцэслэн шийднэ. Шилжин явах цомын тухайд ч гэсэн байгаа баг нь гурван жил тэрхүү байр сууриа хадгалах юм бол тухайн багт үүрд үлдэнэ гэдэг ч юм уу. Боксын тэмцээн дундуур Монгол, Өвөрмонгол, Бруиад, Тува, Халимагийн тамирчид удирдлагуудтай хийх боксын семинар, уулзалт, техникийн зөвлөгөөн байгаа.

-Боксын зарим тэмцээний тухайд шүүлт дээр их асуудал гардаг. Энэ тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүний талаар сонирхуулахгүй юу. Гаднаас шүүгч уригдан оролцох уу?

-Манай боксын холбооноос тэмцээний шүүлтийн тал дээр маш их анхаарч ажиллаж байгаа. Олон шүүгч шүүхгүй. Олон улсын AIBA-гын дүрмээр шүүдэг одтой шүүгчид ажиллана. Дэлхийн боксын холбоо шүүгч нараа оджуулсан. Түүний дагуу одтой шүүгчид дэлхийн хэмжээнд шүүж ажиллана. Гаднаас шүүгч ирж ажиллана.

-Үзэгчдийн хувьд тэмцээнийг үзэх боломж хэр нээлттэй байгаа вэ?

-Монгол бөхийн өргөөнд 12, 13, 14-нд болно. Тасалбар 20 мянган төгрөгөөр зарагдаж байгаа. Бид бүхэн эхнээсээ тэмцээнээ үнэ цэнэтэй байлгах үүднээс тасалбарыг үнийг ийнхүү 20 мянган төгрөг байхаар тогтсон.

Тус наадмыг ирэх арванхоёрдугаар сарын 12, 13, 14-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах бөгөөд тэмцээнд Монгол, Тува, ӨМӨЗО, Буриад, Халимаг улсын шилдэг боксчид AIBA дүрмийн дагуу 1975-1996 оны хооронд төрсөн 19-40 насны оролцохоор мэдүүлгээ өгсөн байна.

Тэмцээн 49 кг, 52 кг, 56 кг, 60 кг, 64 кг, 69 кг нийт 6 жин тус бүрд 4 тамирчин оролцох бөгөөд тэмцээний шагналын сан Азийн боксын тэмцээн дундаа хамгийн өндөр буюу шилжин явах 750 кратын Алтан цомтой бөгөөд жин тус бүрд нэгдүгээр байр, алтан медаль, өргөмжлөл 1500 ам.долларын эзэн болох бол хоёрдугаар байр мөнгөн медаль, өргөмжлөл, 1000 ам.доллар, гуравдугаар байр, хүрэл медаль, өргөмжлөл, 500 ам.долларын шагнал хүртэх нь ээ.

 

Эх сурвалж: Paparatsi.mn

 

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …