П.Цэнгүүн: Чинбат, Цандэлэгийн буудайг ав гэж шахаад хямд гурил үйлдвэрлэх боломж өгөхгүй байна. Эцсийн дүнд ард түмэн л хохирно

1444787214561db40e628a6Алтан тариа” компанийн захирал П.Цэнгүүнтэй ярилцлаа.

-Тариаланчид, засаг төр, гурил үйлдвэрлэгчид гэсэн гурвалжин маргаан энэ жил ахиад дэгдлээ. Яагаад маргаад байдаг юм бол?

-Энэ маргаан хэзээнээс эхэлсэн бэ гэдэг түүхийг эргэж харах учиртай. Ноднин төв талбай дээр будаа асгаснаас эхэлсэн юм. Өмнө нь энэ салбарыг хоёр том төлөөлөгч удирдаж байсан. 2008 оноос хойш Т.Бадамжунай, дараа нь Х.Баттулга сайдаар ажилласан. Тэр үед ийм эсэргүүцэл гараагүй. Жилийн өмнөөс дэгдсэн энэ маргаанд нэг сайн тал бий. Атрын гуравдугаар аян өрнөснөөс хойших далд юм ил гарсан. Нуудаг хаадаг юмнуудаа ард түмэнд үзүүлж харуулж эхэллээ. Атрын гуравдугаар аяныг эхлүүлсэн зорилго нь ердөө л улс төр шүү дээ. 2008 оны буудайн үнийн өсөлтөөс хойш Орост найтаахад энд ханиахаа больё, ерөөсөө өөрсдөө дотооддоо тариагаа тарья гээд энэ аяныг эхлүүлж байсан. Урамшуулал, зээл, тусламж, худалдаж авсан юмнууд гээд яривал төрөөс бараг нэг их наяд төгрөгийн хөрөнгө зарцуулсан. Асар их мөнгө. Тэглээ гээд бид өнөөдрийг хүртэл хэрэглээгээ хангаж чадаагүй байна.

Хүнсний хууль гараагүй үе буюу 2012 он хүртэл гурил, буудайны худалдаа чөлөөтэй байсан юм. 2012 он хүртэл, төр энэ бизнест оролцоогүй байх тэр үед гурил, буудайн дээр хэн ч юу ч хэлдэггүй, жагсдаггүй байсан. Харин Х.Баттулга 2012 онд гарч ирээд хориг тавьж, квот өгдөг болсон. 2013 онд бас буудай дутах нь гээд 100 мянган тоннын квот гаргаж байсан. Шийдвэр гаргасан хүн нь мөн л Х.Баттулга. Үсрээд 20-иод мянган тонныг оруулж ирсэн байх. Тэгэхэд хэн ч жагсаагүй. Гэтэл 2014 онд Р.Бурмааг гараад ирэнгүүт хориод мянган тонн буудай импортлох зөвшөөрөл өгчихлөө гээд жагсч эхэлсэн. Яг нарийндаа энэ квотыг өмнөх сайдынх нь үед зөвшөөрчихсөн байсан.

-Өмнөх сайд нарын үед хэл үг гараагүй хэр нь Р.Бурмаагийн үед яагаад маргаан дэгдээд байгаа юм бол?

– Өмнөх сайд нар хоёулаа газартай, тариа тарьдаг аж ахуйтай. Бас гурил, талхны үйлдвэрүүдтэй. Өөрөөр хэлбэл хоёулаа ашиг сонирхлын зөрчилтэй улс. Төрийн хуваарилж байгаа асар их мөнгө рүү хувийн ашиг сонирхлоороо орчихсон сайд нар. Тийм учраас тариаланч, гурил үйлдвэрлэгчидтэйгээ хамт идэж, дээрэмдэж, тоноод явсан. Гэтэл гэнэтхэн нэг ч га газаргүй, нэг ч ширхэг үйлдвэргүй эмэгтэй сайд гараад ирэхээр дээрэмдэж тонож байсан хүмүүст таалагдах уу. Тономоор байна, дээрэмдмээр байна гээд явах нь ойлгомжтой. Яг нарийндаа дээрэмчдийн бүлэглэл дээрэмчдийнхээ ахлагчийг сольё гээд яваад байгаа л хэрэг.

-Буудайн дээр худлаа тоо гаргаж өгөөд илүү урамшуулал аваад байна гэсэн яриа сонсогдох боллоо. Тийм байж болох уу?

-Ноднин жил Монгол Улс түүхэндээ байгаагүй их ургац авлаа гээд өчнөөн юм болсон. Хураасан их ургац нь дэлхийд байхгүй өндөр үнэтэй, тэр үнээр нь авч хийсэн гурил нь бас үнэтэй, эцсийн дүндээ хэрэглэгчид өндөр үнэтэй гурил идээд аж төрж байгаа. Ноднин 470 мянган тонн буудай хурааж авсан гэсэн статистик бий. 350 мянган тонн нь гурилын үйлдвэрлэлд тэнцэнэ гээд урамшуулал авсан. Тэр үеэс хойш яг нэг жил боллоо. Буудайгаа идээд дуусч байна. Дахиад статистик харъя. 250 мянган тонн буудайгаар л гурил үйлдвэрлэсэн байна. Дотоодын үйлдвэрлэгчид 200 мянган тонн гурил л үйлдвэрлэж хэрэглэгчдэд нийлүүлж. Тэгэхээр урамшуулал авсан 100 мянган тонн буудай хаачив аа гэсэн асуулт гарч ирж таарна аа даа.

-Урамшууллын мөнгө авах гэж худлаа тоо гаргасан гэсэн үг үү?

-Өөр ямар ч тайлбар байхгүй.

-Бидний тарьсан буудайг голоод авахгүй байна гэж ярьдаг нь тэгээд худлаа болж таарах нь уу?

-Р.Бурмаагийн хувьд бүтэн жилийн дээрэм тонуулыг л больё гэсэн асуудал ярьсан. Би үүнийг бүр өмнө нь Х.Баттулгыг сайд болсны дараахан сануулж байсан. “Газар тариалан болохоо байчихсан салбар. Бор зүрхээрээ, шударга яваа тариаланч, гурил үйлдвэрлэгчид мэдээж бий. Улсаас асар их мөнгө хуваарилаад ирэхээр но-той асуудлууд гарч ирсэн нь бас үнэн. Татвар төлөгчдийн мөнгийг зүгээр л идэж уудаг дээрэм тонуул байна. Үүнийг болиулахгүй бол хөөс үүснэ. Үүссэн хөөс хэзээ нэгэн цагт хагарна шүү” гэж хэлсэн удаа бий.

-Тэгж хэлэхэд чинь ямар хариу өгсөн бэ?

-“Тэгье” л гэсэн. Гэвч болиулаагүй үргэлжлүүлснийг бид харж байна. Ашиг сонирхлын зөрчилтэй учраас болиулаагүй хэрэг. Засаг тэгээд зогсоогүй, өмнөхөөсөө долоон дор Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэдэг юм гаргаад ирчихсэн. Социалист загвартай, төвлөрсөн төлөвлөгөөтэй. Аймшгийн коммунист үзэл санаа. Монголбанк нь Засгийн газартайгаа нийлж, зах зээлийн харилцааны эсрэг юм хийнэ гэдэг үнэн хэрэгтээ гамшиг. Тэр үеэс хойш яг гурван жил өнгөрч байна. Миний хувьд гурван жилийн дараа юу болохыг харсан учраас танай сонинд нийтлэл бичиж эсэргүүцэж байсан юм. Ийм учраас би тухайн үед нэг тэрбум төгрөгөөс татгалзсан. Өнөөдөр хар даа, хэнийх нь үнэн байж вэ. Сая миний онцолсон хоёр субъект нийлж байгаад дөрвөн тэрбум ам.доллар тараачихсан. Зөвхөн гуриланд гэхэд л 60 тэрбум төгрөг тарааснаас хорин тэрбум нь алга болсон. Монголын эдийн засаг хямарсан хоёр гуравхан шалтгаан бий. Нэг нь сая хэлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөр. Нөгөө нь найман хувийн хүүтэй орон сууцны зээл. Үүнээс болж улс орны худалдан авах чадвар эрс муудсан. Хүмүүст юм худалдан авах чадал алга. Худалдан авах чадвартай байсан дундаж давхарга нь бүгдээрээ орон сууцны зээлтэй. Засгаас тэр орон сууцыг нь бариулах гээд барилгын салбарт баахан мөнгө хийгээд хөөс үүсгэчихсэн. Өнөө хөөс нь аажуухан хагарч байна. Цаашдаа ч хагарна. Үнэ тогтворжуулах хөтөлбөр дээр сая гурилыг онцоллоо. Бусад бүтээгдэхүүн дээр ч ялгаагүй. Тараасан мөнгөний 30 хувь нь байхгүй. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн уршгаар гурил, нефтийн үнээ буулгаж чадахгүй байна. Яг нарийндаа үнэ тогтворжуулна гэдэг чинь үнийг буулгахгүйн эсрэг хөтөлбөр.

-Газрын тосны үнийн уналт үргэлжилсээр байхад шатахууны үнэ хөдлөхгүй байна гэсэн асуудал ч бий шүү?

-Гурил ч ялгаагүй. Алтанбулаг дээр очоод харах хэрэгтэй. Арваад цаг хүлээж хил нэвтрээд цаахна нь байгаа “Абсолют” гэдэг дэлгүүрт очоод үзэхэд л андашгүй. Тэнд нэг кг дээд гурилыг 21 рублиэр зарж байгаа. 600-гаадхан төгрөг гэсэн үг. Гэтэл “Номин”-д “Алтан тариа”-н дээд гурилын нэг килограмм нь 1100 төгрөг. Хоёр дахин илүү үнэтэй байгаа биз. Хөтөлбөр хэрэгжүүлсэн учраас ийм байдалд хүрсэн. Асар их мөнгийг зээл гэж тараагаад үнэ тогтворжуулах үүднээс үнэ буулгахын эсрэг бүх зүйлийг хийж байна. Гадаад худалдаа хийх хориг тавьчихсан учраас үнэ буурахгүй байгаа юм. Гаднаас буудай, гурил оруулж ирэх хориотой. Дээр нь энэ засаг үндэснийхээ үйлдвэрийг дэмжиж байна гээд бусад бараанд гаалийн хорин хувийн татвар тавьчихсан.

-Үндэсний үйлдвэрээ хамгаалах нь харин ч зөв бодлого биш үү?

-Аль ч улс орон үндэсний үйлдвэрээ хамгаалсан бодлого явуулдаг. Гэхдээ хэзээ вэ гэдэг асуудал бий. Европ шиг, Америк шиг амьжиргааны түвшин, худалдан авах чадвар нь өндөр, баян орнуудын хувьд өөр. Гэтэл монголчуудын 35 хувь нь ядуу. Ийм онцлогтой улсын Засгийн газар нь ядуустаа үнэтэй гурил, өндөг идүүлэх гээд зүтгээд байгаа нь ойлгомжгүй. Хэрвээ үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй, гадаад худалдаагаа 1996-2000 он шиг чөлөөтэй тавьсан бол ингэж хямрахгүй байсан. Тухайн үед АН засаг барихдаа гааль, НӨАТ-ыг тэглэж байж Монголын эдийн засгийг аварсан.

Монгол хоёр хөрштэй. Нэгэнд нь баялгаа зарж, нөгөөгөөс нь хэрэглээний бараагаа авдаг. Орос, Украин хоёрын дунд асуудал үүсээд жил хагас болж байна. Ноднингийн наймдугаар сараас хойш рублийн ханш унаж, Монголд маш таатай нөхцөл бий болсон. Хойд хөршөөс хямдхан бензин, гурил, будаа, тос, элсэн чихэр гээд гол хүнсээ авч болох байсан. Гэтэл тэгээгүй. Монголчуудын хувьд энэ зун Байгаль нуур, Итгэлт хамба гээд Орос руу аялал жуулчлалаар их явсан. Гэтэл өнөөдөр аялал жуулчлалын сезон дуусчихсан байхад Оросын хил дээр монголчууд хил гарах гээд бүтэн өдөржин хүлээж байна. Оросын хил давах гэж байгаа иргэдийн ихэнх нь контрабанд хийх гэж очиж байна.

-Контрабанд аа…?

-Контрабанд шүү дээ. Уг нь Оросын хямд барааг компаниуд оруулж ирээд иргэддээ хямд зарах боломжтой. Гэтэл засаг нь гаалийн өндөр татвар, квот тавьсан учраас компаниуд биш иргэд нь бараа зөөгөөд байна. Хуучин нийгмийн үед контрабанд буюу хар зах яагаад үүссэн гэж та бодож байна?

-Бараа нь хориотой, өндөр татвартай байсан учраас уу?

-Яг тийм. Ерэн оноос өмнө Монголд гадаад худалдаа хийдэг “Монголимпекс” гээд ганцхан компани байсан. Хэдэн ширхэг уруулын будаг оруулж ирэхийг хүртэл шийддэг байсан газар. Гэрийн хороололд амьдардаг нэг нөхөрт 2000 төгрөг байлаа гэж бодъё. Өнөөдрийн энэ системээс болоод дэлгүүрт ороод нэг кг гурил, нэг ширхэг талх аваад л мөнгө нь дуусна. Хэрвээ гааль, хоригоо болиод, гадаад худалдааны татваруудаа бууруулчихвал иргэд нь контрабанд хийхгүй. Хил гарах гэж хэдэн цаг дугаарлаж зогсохгүй. Компаниуд нь бөөнөөр нь оруулж ирээд ард түмэндээ хямд хүнс хүргэвэл өнөө гэр хорооллын нөхөр 2000 төгрөгөөрөө хоёр биш гурван бараа авна. Нэг кг элсэн чихэр нэмээд авчихна. Эцсийн дүндээ хэрэглэгч л хожно. Хориг квот нь байхгүй бол буудайгаа бүү хэл гурилаа нийлүүлье гэсэн хүмүүс зөндөө байна. Дөнгөж сая, өнгөрсөн долоо хоногт талхны үйлдвэрүүдэд бага хэмжээний гурилын квот өглөө. “Өгөөж”-ийн Түмэнгэрэл “Хойно хямд байгаа учраас та нараас авч чадахгүй нь” гээд хойноос гурил авчирсан. Гааль, НӨАТ-ын 26 хувийн татвараа төлөөд нэг кг дээд гурилыг 750 төгрөгөөр оруулж ирж байна. Гэтэл надаас 1100 төгрөгөөр авч байсан. Гол логик нь энэ.

-Дэлхийд гурил, буудайны үнэ ямархуу байгаа вэ. Сүүлийн жилүүдийн үнийн өгсөлт, уруудалт нь ямар байгаа бол?

-Мэдээж Монголдоо тариа тарих чухал ч ямар үнэ өртгөөр вэ гэдэг асуудал түүнээс чухал. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр буудайны үнэ Монголоос хоёроос гурав дахин хямд байна. Ард түмэндээ үнэтэй гурил идүүлдэг бид тийм баян орон мөн билүү. Үнэнийг хэлэхэд би өндөр үнээр гурил зарж байгаадаа ичиж байна. Надад гурилаа хямдхан зарах бүрэн боломж бий. Гадаад худалдаа чөлөөтэй бол хямдхан гурил нийлүүлж чадна. Харамсалтай нь Чинбат, Цандэлэгийн буудайг ав гэж шахаад хямд гурил үйлдвэрлэх боломж өгөхгүй байна л даа. Би тэдний буудайг худалдаж аваад гурил үйлдвэрлэж зарж чадна. Эцсийн дүндээ ард түмэн л үнэтэй гурил идэж хохирно.

Дэлхийн хүнсний байгууллагаас дэлхийн хүнсний бүтээгдэхүүний инфляци буюу индексийг сар бүр гаргадаг юм. Сүүлийн таван жилийн турш хүнсний бүтээгдэхүүний үнэ унаж байгааг тэдний гаргадаг индексээс харж болно. Дэлхийн үр тарианы зөвлөл гэж бий. Сар бүр үнэ, нийлүүлэлтийнхээ статистикийг гаргадаг. Эндээс харахад үр тарианы үнэ жил ирэх бүр унаж байна. Зүй нь бид үүнийг дагах ёстой. Дэлхий даяар ийм уналт болж байхад Монголд эсрэгээрээ өсч байгаа нь гажуудал.

-Дундаж давхарга бултаараа орон сууцны зээл авсан учраас худалдан авах чадвар буурсан гэдгийн нөгөө талд дундаж давхарга үл хөдлөх хөрөнгөтэй бол хүчирхэгжинэ, хүчтэй дундаж давхаргатай улс хөгжинө гэсэн тайлбар бас бий…?

-Цаг хугацаа л үнэн худлыг харуулна. Би гурван жилийн өмнө Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг эсэргүүцсэн. Гурван жилийн дараа үнэ тогтворжуулах хөтөлбөр энэ улсыг дампууруулж байна гэдгийг бардам хэлж байна. Би тэр хөтөлбөрт ороогүй эсэргүүцсэндээ баяртай байгаа. Харамсалтай нь хөтөлбөрт орсон компаниуд дампуурсан. Жаран тэрбум төгрөг хувааж авсан гурилын үйлдвэрүүдийн талаас илүү нь дампуурсан. Хаалгаа бариад зугтсан. Үр дүн нь энэ.

-Яг үнэндээ тариа тарих ашигтай биш, зардалтай гэж ярьдаг. Үнэхээр зардал нь өндөр гардаг бол хөлсөө урсгаж ургуулсан буудайгаа хямд өгөхөд хэцүү л юм?

-Больчих. Дампуурчих. Юмаа зарчих. Авах улс бий. Аливаа ган, зуд маш том боломж авчирдаг. Энэ хямрал ч гэсэн их том боломж. Шинэ хүчин, шинэ залуус, шинэ санаачилга гарч ирж ажилладаг учраас хямралыг боломж гэж онцолдог юм. Таримааргүй байна гэхэд нь албадаж тариулаагүй шүү дээ. Өрсөлдөж л тарьдаг зүйл. Хойд хөршөөс хямд зарж, өртгөө бага байлгаж чадахгүй бол болих хэрэгтэй. Дараагийн ээлжиндээ өг л дөө. Хоёрдугаар ээлж хоолонд ороход бэлэн байна.

-Хэрвээ биднийг унагавал газар тариаланд орох хүн байхгүй гэдэг шүү дээ?

-Харъя. Газар нь өөрөө үнэ цэнтэй. Техник нь үнэтэй. Гурван жилийн дараа байдал ямар болохыг харъя.

-Жилийн жилд буудайн чанарын асуудал сөхөгддөг. Энэ жил ямаршуу байна?

-Ургац өндөр авсан жил буудайн чанар муу байдаг. Тэжээлийн будаа маш их гардаг юм. Энэ жил ургац багатай, гантай жил. Гэтэл буудайн цавуулаг 30 хувь байна. Энэ бол хүн төрөлхтний л жамын асуудал. Ноднин буудайн цавуулаг 24 хүрэхгүй хувь байсан. Харин энэ жилийн хувьд хангалттай. Эсрэгээрээ цавуулаг нь хэтрээд байгаа. Бидэнд одоо хямдхан, цавуулаг багатай буудай хэрэгтэй байна. Хольж хийхгүй бол хэт өндөр цавуулагтай, талх хийхээр хөөхгүй гурил гарна.

-Ургац бага учраас жилийн хэрэгцээгээ хангаж дийлэхгүй гэж ярьж байна. Хэдий хүртэл гурил хийчихээр буудай байна?

-Энэ жилийн хэрэгцээнд бол хүрэхгүй. Сарын дотор ургацын баланс гарчих байх. Тэр үед илүү тодорхой болно. Гаднаас гурил, буудай хоёуланг нь оруулж ирэхээс аргагүй.

-Тэдэн сард л дуусах байх гэсэн төсөөлөл таамаг байна уу?

-Хэдийг авсан бэ гэдэг нь худал хуурмаг болчихоод байгаа учраас яг таг хэлэхэд хэцүү.

-Ургац дээр худлаа тоо хэлэх магадлал өндөр гэх гээд байна уу?

-Мэдээж. Тариагүй юмаа тарьсан гэж ярьж мэднэ. Багцаа таамгаар бол цагаан сар өнгөрөөд л гурил, буудайгүй болчих байх. Гадаад худалдаагаа чөлөөлөөд, квот хоригийг болиод, гурван сая хэрэглэгчийг хямд хүнсээр хангая гэж байгаа бол цагаан сарын өмнө шийдвэрээ гаргах хэрэгтэй. Арванхоёр, нэг, хоёрдугаар сард гурилд нь ч, буудайнд нь ч зөвшөөрөл өгөх хэрэгтэй. Тэгвэл энэ жилийн цагаан сар сайхан болно.

Эх сурвалж:

Санал болгох мэдээ

Б.Одонтунгалаг:Санхүүгийн сахилга баттай байхын тулд хамгийн эхэнд санхүүгээ төлөвлөж, орлого, зарлагаа тооцоолох шаардлагатай

Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай  хувь хүн болоод өрхийн санхүүгээ хэрхэн удирдаж …