Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 144 айлын орон сууц ашиглалтад орлоо

p1a15t21uk1ifs17v1djo1mqc1b5t3

Нийслэлд өрнөж буй томоохон бүтээн байгуулалтын нэг нь гэр хорооллыг орон сууцжуулах ажил билээ. Уг ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 432 айлын орон сууцны барилгын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.
Нээлтийн үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Өнөөдөр бид бүгдийн баярын өдөр тохиож байна. Нийслэлд анх удаа иргэд, хувийн хэвшил, төр хамтран гэр хорооллын дахин төлөвлөлт хэмээх том бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлж эхэлсэн нь үр дүнгээ гаргаж байна. Бидний болон иргэдийн итгэлийг алдаагүйд “Цагаан хуаран консалтинг” ХХК-ийн хамт олондоо талархал илэрхийлмээр байна” гэлээ.
Тус барилгыг төсөл хэрэгжүүлэгч “Цагаан хуаран консалтинг” ХХК барьж байгуулсан бөгөөд 288 айлын 2 блок барилгыг Барилга, хот байгуулалтын яамны “Дэд бүтэц” төслийн хүрээнд БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар харин 144 айлын 1 блок барилгыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барьж, ашиглалтад орууллаа.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн ИТХ-ын тогтоолоор батлагдсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн 24 байршил 75 хэсэгчилсэн талбайгаас, 21 байршлын 57 хэсэгчилсэн талбайд үндэсний 39 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Одоогийн байдлаар төсөл хэрэгжүүлэгчид дахин төлөвлөлтийн 1351 нэгж талбар бүхий 78.3 га газрыг иргэдтэй байгуулсан хоёр болон гурван талт гэрээний дагуу чөлөөлөөд байна.
Бүтээн байгуулалтын ажил эхэлсэн 2 жилийн хугацаанд нийт 6999 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлсэнээс, өнгөрсөн онд нийт 588 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан. 2015 онд шинээр 1500 орчим айлын орон сууцыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаагаас өнгөрсөн 6 дугаар сард БЗД-ийн 8 дугаар хороонд 144 айлын орон сууцыг ашиглалтад өгсөн юм. Харин өнөөдөр төсөл хэрэгжүүлэгч “Цагаан хуаран консалтинг” ХХК дахин 144 айлын орон сууцыг ашиглалтад оруулснаар, гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан 40 айл өрхийг тохилог сууцанд нь нүүлгэн оруулах юм.
Энэхүү 144 айлын орон сууцны нээлтийн ажиллагааны үеэр тус орон сууцанд орохоор гэрээгээ байгуулсан иргэд дунд азтан шалгаруулах сугалаа явуулсан бөгөөд ёслолд хүрэлцэн ирсэн нийслэлийн удирдлагууд 10 айл өрхийг хөргөгч, угаалгын машин, тоос сорогч зэрэг электрон барааны эздээр шалгаруулан бэлгийг нь гардуулан өгсөнөөр онцлогоүйл ажиллагаа боллоо гэж Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газраас мэдээллээ.

p1a15t21ujjrv1401rvmmu41pfc1

p1a15t21ukg0g1v151kkvlt39h55

p1a15t21uk1u8r1ci319522ae1omf4

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …