Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахыг үүрэг болголоо

c9b1a7ec85c5216b9beeae6a7898f3ceЭнэ сарын 3-ны бямба гаригийн 17 цаг 30 минут 58 секундэд Баянзүрх дүүргийн Улиастайн хөндийн салбар болон Шарын аманд 4.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсон. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын өнгөрөгч даваа гаригт болсон ээлжит хуралдаанд Онцгой байдлын ерөнхий газраас гишүүдэд мэдээлэл хийсэн юм.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр болсон “Шийдлийн цаг” уулзалтад Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын  Шадар сайд Ц.Оюунбаатар,  Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал нарыг оролцуулж үүрэг даалгавар өглөө.

Газар хөдлөлт, үер усны аюул зэрэг байгалийн үзэгдэл тохиолдоход Засгийн газар болон шийдвэр гаргах түвшний хүмүүс, төрийн гурван өндөрлөг, УИХ-ын гишүүд бусад байгууллагууд хэрхэн ажиллах талаар нэгдсэн ойлголттой болох шаардлагатай байгаа нь энэ үйл явдлаас тод харагдлаа. Мөн ард иргэд газар хөдлөлтийн мэдээллийг хожуу авч байгаагаас гадна урьдчилан сэргийлэх ойлголт тааруу байна. Гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг жил бүр зохион байгуулдаг ч үр дүн муутай байна гэж Ерөнхий сайд хэллээ.

 Засгийн газрын 2012 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 76 дугаар тогтоол бүхий Газар хөдлөлтийн гамшгийн эсрэг нэгдсэн төлөвлөгөө  байдаг ч нууцын зэрэглэлтэй юм байна. Энэ хугацаанд гарсан өөрчлөлтүүдийг тогтоолд тусгаж өөрчлөх, зарим заалтыг ил тод, ялангуяа албан тушаал эрхэлсэн хүмүүсийн ажил үүргийг тодорхой болгох шаардлагатайг Ерөнхий сайд онцоллоо.

Салбарын төсөв санхүү, зохион байгуулалт, дүрэм журам, үйл ажиллагаатай холбоотой  асуудлыг цогцоор нь боловсруулж Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулахыг үүрэг болгож, ямар ч аюул, байгалийн үзэгдэл тохиолдсон улс орон, иргэд бэлэн байх ёстойг Ерөнхий сайд онцгой анхаарууллаа.

Газар хөдлөлтийн тухай мэдээллийг иргэд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим орчноос биш мэргэжлийн байгууллагаас албан ёсоор авдаг байх шаардлагатай гээд урьдчилсан мэдээлэх секторууд хэрхэн ажиллаж байгааг тодрууллаа.

Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх манай улсын систем сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй. Гэсэн ч энэ сарын 3-нд болсон газар хөдлөлт Улаанбаатар хотод ойрхон буюу Гүнжийн хагарлын бүсэд тохиосон нь урьдчилан мэдээлэх боломжгүй. Улаанбаатар хотоос зайдуу Дэрэнгийн хагарал, Булганы Могодын хагарал, Сэлэнгийн Бүрэнгийн нурууны хагарал  зэрэг газраас мэдээллийг авч амжиж анхааруулах систем маш богино хугацаанд буюу минутын дотор анхааруулна. Энэ сарын 3-ны тохиолдолд техникийн нөхцөл байдал хүрээгүй, газар хөдлөлт их ойрхон буюу секундын хугацаанд чичирхийллийн долгионууд орж ирсэн тул анхааруулах боломж байгаагүй. Дэлхий нийтийн жижиг ийм байгаа гэж Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал тайлбарлалаа.

Анхааруулах системийн хүчин чадлыг илүү нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол саяхан гарч Ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр ажил нь эхэлсэн. Энэ арваннэгдүгээр сард ашиглалтад орно. Мөн Онцгой байдлын ерөнхий газраас аймаг суурин газар бүрт анхааруулах систем  байрлуулахаар төлөвлөж ажиллаж байгаа, Улаанбаатарынх шиг системийг өнгөрсөн есдүгээр сард Булган аймгийн төвд байгуулсан гэлээ.

Газар хөдлөлт болсон тухай мэдээллийг төрийн гурван өндөрлөг болон  шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэж чадаагүй гэдгээ тэрээр хэлээд Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг шинэчлэх Ерөнхий сайдын үүргийг биелүүлж, Засгийн газрын хуралдаанд 14 хоногийн хугацаанд танилцуулахаа илэрхийллээ.

Газар хөдлөлтийн аюулыг урьдчилан мэдээлэх секторын ажилтнууд олон улсын төслөөс цалинждаг. Энэ хүмүүсийн цалинг улсын төсөвт суулгах асуудлыг Сангийн яаманд тавьсан. Мөн Улаанбаатар хотын удирдлага, төрийн байгууллагууд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах үүрэг хүлээсэн нэртэй л болохоос бодит ажил хийгдэхгүй, иргэний хамгаалалтын сургалтууд хэлбэр төдий явагдаж байна. Энэ тал дээр дүгнэлт хийж, анхаарч ажиллахаа Монгол Улсын Шадар сайд мэдэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

ЭМГЭНЭЛ I Даваажавын Баадайжав

ЭМГЭНЭЛ ДАВААЖАВЫН БААДАЙЖАВ Монгол Улсын Ардын жүжигчин, Монголын анхны “Кармен”, “Алтан меццо” хэмээн алдаршсан, Дуурийн …