Дархлаажуулалтын ээлжит 10 хоног үргэлжилж байна

imagesХалдварт өвчний мэдээ  2015.10.05-ны өдрийн байдлаар

Монгол улсын Засгийн газрын 1993 оны 149 тоот тушаалын дагуу Дархлаажуулалтын ээлжит 10 хоногийг 2015 оны 10 дугаар сарын 01-10-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион явуулж байна.

Дархлаажуулалтын үйлчилгээ эрхлэн явуулдаг эмнэлгийн байгууллага нэгж бүр энэ 10 хоногийн туршид нөхөн дархлаажуулалтыг зохион байгуулж ажиллана. Энэ ажлын хүрээнд ХӨСҮТ-өөс аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газарт “Нөхөн дархлаажуулалтын 10 хоног” зохион байгуулах зөвлөмж хүргүүлсэн байгаа.

Уг зөвлөмжид: 

1. Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу 7, 15 насанд хийх сахуу, татрангийн вакцинжуулалтыг зохион байгуулах.

2. Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолоос хоцорсон хүүхдийг эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 7 дугаар сарын 261 дугаар тушаалын “Нөхөн дархлаажуулалт хийх журам”-ын дагуу нөхөн дархлаажуулах.

3. Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох зорилгоор шинээр бүртгэгдэж буй улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлын голомтыг нарийвчлан судлаж, шаардлагатай тохиолдолд тархвар судлалын заалтаар улаанбурханы эсрэг вакцин хийх.

Дархлаажуулалтын 10 хоногийг зохион байгуулахад анхаарах зөвлөмж:

1. Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу 7, 15 насанд хамрагдвал зохих хүүхэд, бусад товлолын вакцинаас хоцорсон нөхөн дархлаажуулалтад хамрагдвал зохих хүүхдийн тоог зөв тооцон гаргах, шаардлагатай вакциныг захиалах

2. Сургуулийн удирдлага, эмч, багш, нийгмийн ажилтнуудтай хамтран сахуу, татрангийн вакцин хийх тухай мэдээллийг эцэг эхчүүдэд өгсний үндсэн дээр вакциныг хийх

3. Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу 7, 15 насанд хийх сахуу, татрангийн вакцинжуулалтыг ерөнхий боловсролын сургуульд дархлаажуулалтын түр цэг нээж, нөхөн дархлаажуулалтыг дархлаажуулалтын байнгын цэг дээр зохион байгуулах

4. Түр цэгээр дархлаажуулалтыг хийхдээ аюулгүй дархлаажуулалтын журам, хүйтэн хэлхээний журам, тарилгын стандарт, аюулгүй байдал, халдвараас сэргийлэх дэглэмийг барьж ажиллах.

5. Вакцин хийхийн өмнө эмчийн үзлэгээр хүүхдийн биеийн байдлыг зөв үнэлж вакцинд хамруулах

6. Дархаажуулалтын цэгүүдэд урвал хүндрэл бүртгэгдсэн тохиолдолд яаралтай хэрэглэх эм тарианы бэлэн байдлыг хангуулах,

7. Нөхөн дархлаажуулалт хийхийн өмнөх бэлтгэл ажил, явцын, дараах үеийн дэмжлэгт хяналтыг хийх

8. Улаанбурхан өвчний шинээр бүртгэгдэж буй сэжигтэй тохиолдлын голомтод судалгааг нарийвчлан хийж улаанбурханы вакцинд хамрагдаагүй, улаанбурхан өвчнөөр урьд нь өвдөж байгаагүй хавьталд тархвар судлалын заалтаар улаанбурханы эсрэг вакцин хийх.

Томуу, томуу төст өвчин мэдээгээр Улсын хэмжээнд: 2015 оны 9 дүгээр сарын 21-нээс 27-ныг дуусталх 39 дүгээр долоо хоногт улсын хэмжээнд (Улаанбаатар хотын 8 дүүрэг, 21 аймаг) 150,842 хүн амбулаториор үйлчлүүлсний 6,961(4.6%) нь ТТӨ-тэй гэж оношлогдож байна.

ТТӨ-өөр өвчлөгсдийн 89.4%-ийг 15, 71.1%-ийг 4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байна.

Улаанбаатар хотод 69,393 хүн амбулаториор үйлчлүүлсний 3,845(5.5%) нь ТТӨ-тэй гэж оношлогдон, Улаанбаатар хотын 8 дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн нийт дуудлагын 35.8%-ийг ТТӨ-ий дуудлага эзэлж, өмнөх долоо хоногоос 1.8%, өмнөх оны мөн үеэс 4.6%-иар тус бүр их байна.

Аймгийн хэмжээнд: 21 аймгийн амбулаторийн нийт үзлэгт ТТӨ 3.8%-ийг эзэлж, өмнөх 7 хоногоос 0.2%-иар их, өнгөрсөн оны мөн үеэс 0.1%-иар бага байна. Түргэн тусламжийн дуудлаганд ТТӨ-ий шалтгаант дуудлага 8%-тай байгаа нь, өмнөх долоо хоногоос 0.8%-иар их байна.

Эмнэлэгт суурилсан тандалт: Уушгины үрэвсэл, амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай эмнэлэгт хэвтэгсэд нийт хэвтэгсэд (6,212)-ийн дотор 345 буюу 5.6%-ийг эзэлж, өмнөх долоо хоногоос 1.2%-иар бага байна. Уушгины үрэвслийн шалтгаантай нас баралт бүртгэгдээгүй байна.

Лабораторийн шинжилгээгээр Улаанбаатар хотын томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс нийт 28 сорьц хүлээн ав, шинжилгээ хийхэд томуугийн вирүс илрээгүй. Харин амьсгалын замын цочмог халдвар үүсгэгч риновирүс, коронавирүс, парэховирүс тус тус илэрч байна.

Томуу, ханиаднаас урьдчилан сэргийлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг иргэдэд зөвлөж байна.

Үүнд:

• Цаг агаарын байдалд зохицуулан дулаан хувцаслах, гэртээ, сургууль, ажил дээрээ (18-20 градус) дулаан байх.

• Халуун хоол, цай унд хэрэглэх,

• Сайн унтаж амар, сэтгэл санаа тайван байх

• Гарын ариун цэврийг сахих,

• Өрөө, тасалгаанд чийгтэй цэвэрлэгээ хийж, агаарыг сэлгэх, цэвэр агаарт салхилах,

• Амны хаалт хэрэглэж, 2-4 цаг тутамд солих,

• Үзвэр, үйлчилгээ, олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх,

• Хамрын хөндийг цэвэрлэх, угаах, сармисны тосон хандаар арчих

• Ам, хоолойг марганц, фурациллин, давс, содын уусмалаар 3-5 удаа давтан зайл

• Гичтэй бүлээн усанд хөлөө10-15 минут дүрж, дараа нь хөлний уланд иллэг хийх,

• Дархлаа сэргээх цэгэн иллэг хийх,

• Витамин С-г өдөрт 0.5-1.0 граммаар 2 удаа уух, хүнсэндээ жимс, ногоо хэрэглэх

• Томуугаар өвчилбөл хүндэрч болзошгүй эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйчүүд, эрхтэн тогтолцооны эмгэгтэй, архаг хууч өвчтэй хүмүүс томуугийн вакцин хийлгэх

• Томуу ханиад тусвал гэртээ байж хэвтрийн дэглэм сахих, өрх, сумын эмчид хандан зөвлөгөө авах.

 ХӨСҮТ-ийн тандалт судалгааны алба

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …