Налайх дүүргийн эргүүлийн цагдаа нар хүний амь аварчээ

nalaih_5-y_hunНалайх дүүргийн Замын цагдаагийн тасгийн ахлах ахлагч Ц.Энхбаатар, Хэв журам, эргүүл хамгаалалтын албаны ахлах ахлагч Ц.Эрхэмбаатар нар таван хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аварчээ. Шөнийн эргүүлд ажил үүргээ гүйцэтгээд явж байхдаа Налайх дүүргийн гуравдугаар хорооны дэнжид гал гарч байгааг мэдсэн гэнэ. Тэднийг очих үед барилгын материал хийсэн чингэлэг дэлбэрч, таван ханатай гэрийн араас гал дүрэлзэж байсан аж. Энэ талаар Ц.Энхбаатар, Ц.Эрхэмбаяр нартай ярилцлаа.

-Таван хүний амь насыг аварсанд баяр хүргэе. Тухайн үед юу болсон талаар ярихгүй юу?
-Бид хоёр ажил үүргийн дагуу шөнийн эргүүл хийж явсан юм. Тэр үед 03:00 цаг болж байсан. Хүмүүсийн хөл хөдөлгөөн зогсож, айлуудын ихэнх нь унтчихсан байсан үе. Олон дуудлаганд яваад нэлээд ядарчихсан байдалтай явж байтал Налайхын зүүн урд талын дэнжид айлын хашаанд гал дүрэлзэж байгаа харагдсан. Гал гарч байгааг мэдсэн даруйдаа дүүргийнхээ гал унтраах анги руу утасдаж, мэдээлэл өгчихөөд шууд яваад очсон. Модон вагончиг дэлбэрээд дээшээ гал олгойдоод аймаар харагдаж байсан. Вагончигний урдхан талд гэр ойрхон байсан. Гэрийн ард талаас гал авалцаад эхэлчихсэн байсан. Гэрийн хаалгыг татаад үзтэл дотроосоо цоожтой. Яах аргагүй хүмүүс унтаж байгаа нь тодорхой байсан. Яах ийхийн зуургүй л гал дэлгэрч гэрийн хойд талыг бүхэлд нь бүрхсэн. Машиныхаа дууд дохиог хангинуулж хаалгыг хүчтэй цохиж, “Цагдаа байна. Хурдан гэрээсээ гараарай. Гал гарч байна шүү” гэж хашгирсан. Төд удалгүй гэрийн хаалга онгойж, таван хүн гарч ирсэн.
-Гэрээс хэдэн насны хүмүүс гарч ирсэн бэ. Тэд гэрийнх нь ард дэлбэрэлт болж, гал гарч байгааг огт мэдээгүй байсан уу?
-Ерөөсөө мэдээгүй байсан. Бид хаалгыг нь нүдэж хашгирахыг сонсоод сэрсэн гэсэн. Гэтэл гэрээр нь дүүрэн утаа болчихсон. Тооноор нь улаан гал дүрэлзэж байсан.
Хүн гал гарч байгааг мэдэлгүй утаанд нь унтаж байгаад угаартаад нас барчихдаг гэж ярьдаг. Тэдгээр хүмүүс ч утаанд угаартаад унтаад байсан бололтой юм билээ. 12-60 насны гэр бүлийн хүмүүс байсан. Онцгой байдлынхан цаг алдалгүй ирж, галыг хурдан унтраасан. Гэрийн эд зүйлсийг галд шатахаас хамгаалж чадсан. Гал гарсан шалтгаан нь хажуу айлынх нь цогтой үнсээ задгай хаясны улмаас хашаа шатаж, тэрнээсээ гал гарсан байна лээ.
-Амь насыг нь аварсан хүмүүс та хоёртой уулзсан уу?
-Бидэнтэй уулзаж, бидний амь насыг аварсанд баярллаа гэж хэлсэн. Мөн
Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргад хэлсэн байна лээ. Бид хоёр эргүүлд явж таараагүй байсан бол таван хүн амь насаа алдах аюул ойрхон байсан гэж болно. Яагаад гэвэл тухайн үед 03:00 цаг болсон байсан учраас хүн огт байхгүй, гал гарч байгааг мэдэх хүн байхгүй байсан байх. Биднийг хүний амь насыг аварсан гэдгийг хамт ажилладаг цагдаа нар сонсоод баяр хүргээд сайхан байсан. Одоо ч таван хүний амь аварч, амьдрал бэлэглэсэн гэж бодох сайхан байдаг. Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн 80 жилийн ой удахгүй болох гэж байгаа. Энэ дашрамд, мөр зэрэгцэн алба хааж байгаа цагдаагийнхаа бие бүрэлдэхүүнд баяр хүргэмээр байна.
Э.Баатар

эх сурвалж: Зууны мэдээ сонин

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …