Монгол Алтайн зарим чухал газраар судалгааны аялал хийжээ

IMG_9141Улаанбаатар хот, Ховд аймгийн судлаачдын баг найман сарын сүүлчээр Монгол Алтайн нурууны өндөр уулын бүс Алтай таван богд, Цамбагарав, Сутай хайрханы чиглэлд түүх соёлын үл хөдлөх дурсгалын судалгаа хийжээ.

Судалгааны экспедицийнхэн уг ажлынхаа хүрээнд хад чулуунд сийлэн үлдээсэн эртний бичээсүүдийг голчлон авч үзсэн бөгөөд Алтай таван богдын бүс нутаг Ойгорын гол, Цагаан салаа, Хөх эрэг зэрэг газрууд, Цамбагарав уулын ойролцоох хатуугийн хөтөл, Алтанцөгц, Сутай хайрханы бүс нутаг Дарви сумын ойролцоох Чандмань үзүүр зэрэг газруудаас эртний түрэг угсаатны соёлын дурсгалд холбогдох “руни”  бичээсүүдийг олсон байна. Түүнчлэн эдгээр газруудаас өмнө нь төдийлөн илэрч олдоогүй байсан, хүннүгийн үе, мөн Их Монголын эзэнт гүрний түрүү үеийн улсуудад холбогдох хадны зураг дүрсүүдийг илрүүлжээ.

IMG_8525Судлаачдын багт уулчид болон уран бүтээлчид ч багтсан нь судалгааны ач холбогдлыг илүү өргөн цар хүрээтэй болгосон тухай экспедицийнхэн ярьсан.

Алтай таван богдод  судалгаа хийх үеэр судалгааны багийн гишүүн, уулын спортын мастер Г.Төрмөнх, Х.Бямбасүрэн нар Алтай таван богдын Их наран оргилд амжилттай авирснаас гадна. Алтай таван богдын мөсөн гол болон оргилын мөсний хайлалтанд давхар ажиглалт хийжээ. Тэдний ярьж байгаагаар Алтай таван богд хайрханы мөс урд жилүүдийнхээс илүү түрцтэй хайлж байгаа нь анзаарагдсан байна.

IMG_8587Энэхүү экспедицийг санаачлан удирдсан Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч, судлаач, зохиолч Г.Аким Монгол орны уул хайрхадын тухай өргөн мэдээллийг багтаасан “Туульс хайлдаг уулс” номныхоо хоёр дахь ботийг бичиж эхлээд байгаа бөгөөд эл номонд энэхүү судалгааны талаарх сонин хачныг дэлгэрэнгүй өгүүлнэ хэмээн багийн гишүүд мөн мэдэгдсэн.

Судалгааны багт СГЗ Г.Аким, Ховд аймгийн Музейн эрдэм шинжилгээний ажилтан, судлаач Х.Бямбасүрэн, Ховдын толь сонины эрхлэгч, яруу найрагч судлаач Г.Төрмөнх нар ажилласан ба яруу найрагч С.Бүрнээ, Х.Эрдэнэбаатар, жолооч Мөнхдорлиг нар ч оролцсон ажээ.

IMG_8625 IMG_8640 IMG_8951 IMG_8970 IMG_8982Г.Энхжаргал     

Гэрэл зургийг Го.Аким

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …