Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ахмад дайчдад шагнал гардуулав

11058590_1599498220311924_1141134061036983394_n1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 235 ахмад дайчин Төрийн дээд одон медалиар энгэрээ мялааж байна. Өнөөдөр ахмад дайчдын төлөөлөл болгож 19 хүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн биеэр Батлан хамгаалах яаманд хүрэлцэн ирж шагналаа гардуулсан юм. Түүний шагнал гардуулах ёслолын өмнө хэлсэн үгийг нийтлэв.

Эрхэм хүндэт ахмад дайчид аа,

Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо,

Хүн төрөлхтөнд түүхэн сургамж болсон дэлхийн II дайны төгсгөл, энх тайван амьдралын эхлэл – Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойн баярын мэндийг хүндэт ахмад дайчид болон ард түмэндээ өргөн дэвшүүлье.

Тусгаар тогтносон, бүрэн эрхт, эрх чөлөөт улсынхаа нэр төрийг өндөрт өргөж, дэлхийн дахинд энх тайван тогтоох нийтийн үйлсэд хүчин зүтгэж, ялалт авчирсан эрэлхэг зоригт ахмад дайчид Та бүхэндээ ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал, гүн хүндэтгэлээ илэрхийлж, урт насалж, удаан жаргахын ерөөл өргөе.

Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг ёслон тэмдэглэх Зарлиг гаргасны дагуу холбогдох байгууллагууд түүхэн ялалтын үнэ цэн, Монгол Улсын зэвсэгт хүчний байгуулсан гавьяаг сурталчлах, мөнхжүүлэх, дайнд оролцогсод, ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүлэх, тэдний эх оронч сэтгэл, зүтгэлийг залуу хойч үедээ таниулах, бахархал дууриал болгох, өвлүүлэх, улс түмний найрамдалт харилцаа, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэх чиглэлээр олон арга хэмжээг зохион байгуулж байна.

Монгол Улс, монголчууд бид дэлхийн II дайны жилүүдэд шударга ёс, энх тайвны хүчний талд баттай зогсож, тэдний ялалтын төлөө бүхий л хүч бололцоогоор туслан, чамгүй хувь нэмэр оруулсан нь он цаг улирах тусам улам тодорхой болж байна.

Халхын голын дайны хамтын ялалтаар гагнагдсан Монгол, Оросын ард түмний дайчин нөхөрлөл аугаа Эх орны дайны хүнд бэрх жилүүдэд улам батжиж, монголчууд “Бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө” уриан дор цаг наргүй хөдөлмөрлөн, хийж бүтээсэн бүхнээ зөвлөлтийн ард түмэн, түүний Улаан армид зориулан найдвартай ар тал болж байсан түүхтэй.

Европ дахь дэлхийн дайн төгсгөлдөө орж, ЗХУ, түүний холбоотнуудын ялалт ойртсон үед Ази дахь дайны голомтыг арилгаж, хүн төрөлхтөнд асар их гамшгийг авчирсан их дайныг эцэслэх цэргийн ажиллагаанд Холбоотон гүрнүүд шуурхай бэлтгэж эхэлсэн байдаг. Үүний нотолгоо нь Ялтын Бага хурал болж, ЗХУ, АНУ, Их Британи Улс Алс Дорнодод хамтран явуулах цэргийн ажиллагааны зарчим, нөхцлийг тохирсон “Алс Дорнодын асуудлаарх гурван Их гүрний хэлэлцээр”-ээр Гадаад Монгол (БНМАУ)-ын статус квог хэвээр хадгалах явдлыг ЗХУ Японы эсрэг дайнд орох эхний болзол болгон заасан юм.

Улмаар 1945 оны 7 дугаар сарын эхээр БНМАУ-ын Ерөнхий сайд Х.Чойбалсан ЗХУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа үед Японы эсрэг Холбоотнуудын хийх дайнд БНМАУ-ын цэрэг ЗХУ-ын Улаан армитай хамт оролцох саналыг хүлээн авчээ. Тэрэээр, түрэмгий дайсны эсрэг дайнд оролцох нь манай улсын хувьд эх орныхоо тусгаар тогтносон бүрэн эрхт байдлыг бататгах төдийгүй бүх нийтийн энх тайвны үйлсэд хувь нэмэр оруулж буй явдал гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд БНМАУ 1945 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Японд дайн зарлаж, Чөлөөлөх дайны ажиллагаанд оролцсон.

Монгол Улс идэр насны залуучуудаа цэрэгт дайчлан татаж, үйлдвэр, аж ахуйн ажилчид ээлжийн амралтгүйгээр ажиллан, ялалтын төлөө зүтгэж байлаа.

БНМАУ-ын дайнд оролцсон зорилготой шууд холбоотойгоор Монголын түүхнээ “Чөлөөлөх дайн” хэмээн нэрлэгдсэн “Манжуурын стратегийн давших операци”-д Монгол ардын хувьсгалт цэргийн 4 морьт дивиз, мотомеханикжуулсан 7 дугаар хуягт бригад, Нисэх дивиз, Их буу, Холбоо, Танкийн тусгай хороод болон Хилийн цэргийн 8 хөдөлгөөнт отряд, ДЯЯ-ны Улсыг аюулаас хамгаалах байгууллагын тусгай бүлэг, Ардын Өөрийгөө Хамгаалах Сайн Дурын Морьт Отряд нийт 24000 орчим хүний бие бүрэлдэхүүнтэйгээр оролцсон байна.

БНМАУ-ын зэвсэгт хүчний цэрэг дайчид Долоннуур-Жэхэ, Хаалганы чиглэлд байгаль, цаг уурын хүнд бэрх нөхцөлд 1000 гаруй километр замыг богино хугацаанд туулан давшиж, байлдааны үүргээ амжилттай биелүүлсэн юм.

Монгол-Зөвлөлтийн цэргийн давшилтын дүнд Долоннуур, Жэхэ, Пянзан, Завсар, Жанбэй Губейкоу, Жанчхүүгийн даваан дахь бэхлэлтийн бүс зэрэг дайсны түшиц газруудыг эзлэн авч Зүүн хойд Хятад, Өвөр Монголыг чөлөөлөх цэргийн давших операци амжилттай дууссан. Ийнхүү дайны сүүлчийн голомт унтарч ялагдсан тал бууж өгөх актад 1945 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр гарын үсэг зурсан юм.

Зүүн хойд Хятад, Өвөр Монголыг чөлөөлсөн Монгол, Зөвлөлтийн цэргийн ажиллагаа нь Хятад улс харийн дарлалаас ангижирч, тусгаар тогтнолоо сэргээн тунхаглах үйл явцад чухал түлхэц өгсөн гэж хэлэх бүрэн үндэстэй. Учир нь Монгол, Зөвлөлтийн цэргийн давшилт эхэлмэгц Хятадын 4 дүгээр арми өмнөд нутгаараа, 8 дугаар арми төв ба зүүн хойд Хятад, Өвөр Монголын нутгаар давшилт өрнүүлж, эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх дайныг эхлүүлсэн байдаг. Ийнхүү 70 жилийн тэртээ Энх тайван, эрх чөлөөний төлөө үйлст Монгол, Орос, Хятадын зэвсэгт дайчид бие биесээ дэмжин ялалтанд хүрснийг тэмдэглэхэд таатай байна.

Монголын цэрэг дайчид, Монголын ард түмний энэхүү ялалт бол “эрдэм билгүүн”-ээрээ энэ дэлхийн түүхийг бичсэн өвөг дээдсийн алдар сууг хүн төрөлхтөнд дахин нэгэнтээ сануулсан бахархам үйл явдал, үр хойчийнхоо урагшлах замыг зассан бишрэм түүх болсон юм.

Эх орныхоо тусгаар тогтнол, энх тайвны үйлсийн төлөө амь насаа өргөсөн дайчдаа Монгол Улс, Монголын ард түмэн гүн хүндэтгэлтэй дурсаж байна. Чөлөөлөх дайнд монгол цэргийг удирдсан, маршал Х.Чойбалсан, дэслэгч генерал “Залуу жанжин” Ж.Лхагвасүрэн, БНМАУ-ын баатар Л.Аюуш, С.Дампил, Д.Данзанваанчиг, М.Жанчив, Д.Нянтайсүрэн, Т.Дүүдэй, Монгол Улсын Баатар П.Шагдарсүрэн нарын зэрэг эрэлхэг зоригтнуудын Эх орон, ард түмний өмнө байгуулсан гавъяа нь тэнгэрт нартай хамт, газарт галтай цуг мөнхөрсөн билээ. Энэхүү гавъяагаараа өнгөрөгч 2014 онд халхын голын ялалтын 75 жилийн ойгоор П.Шагдарсүрэн гуай Монгол Улсын Баатар гэдэг эрхэм хүндэт алдрыг хүртсэнийг энэ ялдамд цохон тэмдэглэе.

Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойн энэ өдөр тусгаар тогтнол, эрх чөлөөнийхөө төлөө тууштай тэмцсэн нэр бүхий ахмад дайчдаа төрийн дээд, одон, медалиар шагнаж байна. Та бүхэнд олгож байгаа энэ эрхэм хүндтэй шагнал бол нийт ахмад дайчиддаа Монголын төр, ард түмнээс үзүүлж буй өндөр дээд хүндэтгэл юм. Энэ бол Монголын ард түмэн хойч үе, ахмад үеийнхнийхээ баатарлаг түүх, тэдний гавъяа зүтгэлийг хэзээ ч мартахгүй байнга дурсаж байхын илэрхийлэл юм.

ЗХУ-ын Тамбов хотын цэргийн тойргийн их бууны 7-р батальоноор командлуулан дэлхийн II дайнд оролцож, Байшинтын 7-р дивизийн 20-р морьт хороонд зэвсгийн албаны даргаар ажиллаж, Чөлөөлөх дайнд оролцсон Биньяагийн Лааган гуай, 9-р дивизийн морьт хорооны минёмонт сумангийн улс төрийн орлогч даргаар ажиллаж байгаад Чөлөөлөх дайнд оролцож, Цагаан хэрэмийн орчим Японын эсрэг тулалдсан Рэнцэнжавын Дамбадаржаа гуай, Замын-Үүдийн 12-р отряд, Хэрлэнгийн 31-р отряд, Чоно голын 20-р отрядууд Хил хамгаалах гүйцэтгэх албаны офицер, улс төрийн орлогч зэрэг албыг хашиж, Чөлөөлөх дайнд Замын-Үүдийн 12-р отрядаас оролцсон Ундрахын Доржпалам гуай, Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин Амгалангийн Дорж гуай нарын нарын зэрэг олон ахмад дайчид маань шагнал хүртэж байгаа. Та бүхэнд чин сэтгэлээсээ баяр хүргэе.

Эрхэм нөхөд өө,

Ахмад дайчдаа,

XX зуун бол Монголчуудын тусгаар тогтнол, эрх чөлөөгөө сэргээн тунхаглаж, бататган бэхжүүлсэн, тэмцэл, ялалтын зуун байсан юм. Үүнд мянга мянган хүний хүсэл мөрөөдөл, хөдөлмөр, амь нас, шантрашгүй тэмүүлэл, хичээнгүй зүтгэл шингэж, түүхийг бичсээр, бүтээсээр ирсэн. Тэдний салшгүй нэгэн хэсэг, онцгой түүхт хүмүүс, үе тэнгийнхэн бол энэхүү танхимд хүрэлцэн ирсэн ахмад дайчид, Чөлөөлөх дайнд оролцсон бүх дайчид, тэдний гэр бүл, үр хүүхэд болно.

Өнгөрсөн зуун бидний хувьд тусгаар тогтнолоо сэргээн олсон зуун байсан бол энэ зуун хөгжлийн зуун байх учиртай. Эх түүхээ мэддэг, эх оронч үзэлтэй, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, авхаалж, самбаатай залуус энэ зууны шинэ түүхийг бүтээх болно. Энэ үйл хэрэгт залуусыг бэлтгэхэд ахмад үеийнхний дайчин уламжлал, баатарлаг үйлс, үлгэр дууриаллыг судлуулахаас гадна орчин цагийн цэргийн эрдэмд ч сургах нь чухал.

Маргааш хичээлийн шинэ жил эхэлнэ. Энэ дашрамд хэлэхэд, өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэн Оюутан-Цэрэг хөтөлбөрт хамрагдах сонирхолтой залуусын тоо эрс нэмэгдэж байна. Мөн уг хөтөлбөрт хамрагдсан оюутан залуус, тэдний эцэг эх, гэр бүл, багш нарынх нь санал сэтгэгдлийг сонсож байхад бүгдээрээ “манай залуус богино хугацаанд бие бялдар, тэсвэр хатуужил, хүмүүжил, цэргийн эрдэм, нөхөрлөлийн талаар ямар их зүйл мэдсэн, сурсан тухайгаа, уг хөтөлбөрийг дэмжиж байгаа тухайгаа” ярьж байсан.

Өнөөдөр Монгол цэрэг ахмад үеийнхнийхээ эх оронч үзэл, ариун үйл хэргийг нэр төртэй залгамжлан үргэлжлүүлж байгаа төдийгүй НҮБ-ын далбаан дор дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулах ажиллагаанд оролцон, Дэлхийн цэрэг болж, ард түмнийхээ болон олон улсын талархал, сайшаал хүлээж байгааг тэмдэглэхэд таатай байна. Монголын залуу үе цэргийн эрдэмд сурах сонирхолтой болж байгаа нь туйлын сайшаалтай хэрэг. Ийм учраас хугацаат цэргийн албанаас гадна цэрэг эх оронч, бие бялдарын хүмүүжил, боловсрол олгодог хөтөлбөрүүдийг өргөжүүлэх талаар Боловсролын байгууллага, Зэвсэгт хүчний байгууллагуудын хооронд бүтээлч хамтын ажиллагаа өрнүүлэхэд анхаарах нь зүйтэй гэж үзэж байна.

Хүн бүр, улс үндэстэн бүхэн гурван цагийн хэлхээнд оршдог. Эх орныхоо тусгаар тогнол, эрх чөлөөг бэхжүүлэх ариун үйл хэргийг нэр төртэй биелүүлж, алдар суугаа мөнхжүүлсэн ахмад дайчиддаа дахин чин сэтгэлийн халуун баяр хүргэж, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхэнд баярлалаа.

Мөнх тэнгэр монгол түмнийг минь ивээг ээ.

Ugluu-logo2015

Холбоотой мэдээлэл
3 Comments
  1. Dorjoo says

    ahmaduudaa amid deer nu bayarluulah ni zow shuu

  2. зочин says

    Ерөнхийлөгч маань ч их л ажил амжуулж байгаа даа. Ахмад үеээ хайрлаж хүндэлнэ гэдэг маш том үнэт зүйл шүү

  3. зочин says

    Манай өвөө бас шагнал авч бгаа өвөөгөө амьд сэрүүн дээр нь төрөөс ийм шагнал өгч бгад баяртай бна

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.