Ц.Элбэгдорж: Монголын ардчилал бол бүс нутагтаа сүүлийн 25 жилд гарсан түүхэн онцлог үйл явдал юм

600x600Монгол Улсад 1990 оны долдугаар сарын 29-ний өдөр анхны ардчилсан, чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ойд зориулсан Олон улсын хүндэтгэлийн хурал өнөөдөр Шангри-Ла зочид буудалд боллоо.

Уг хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хөтлөн явуулсан юм. Тэрээр Олон улсын хүндэтгэлийн хурлыг нээж хэлэхдээ “Эрхэм хүндэт Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд аа,

Эрхэм хүндэт гадаад, дотоодын зочид, төлөөлөгчид, Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

Юуны урьд та бүхэнд Монголын түүхт анхны Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн баярын өдрийн мэндийг хүргэж, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Өнөөдрийн Олон улсын хүндэтгэлийн хурлын энэхүү танхимд Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, төлөөлөгчид, мөн гадаадын таван улс орон,  олон улсын есөн байгууллага, хавсран суугаа 13 элчин сайд, Улаанбаатар хот дахь  Дипломат корпусын  26 тэргүүн  зэрэг гадаадын 114 төлөөлөгч, хүндэт зочид морилон ирснийг сонордуулья.

Бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн Та бүхэнд гүн талархал илэрхийлье.

Манай хурлын үйл ажиллагааг Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Ийгл, Блүүмберг телевиээр орон даяар шууд дамжуулж байгаагаас гадна дотоодын 64, гадаадын 15 хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, сурвалжлагчид хүрэлцэн ирж нэвтрүүлэг, сурвалжлага хийж байгааг дуулгая.

Монгол орны хувьд 1990 оны өдөр бүхэн түүхэн үйл явдлаар дүүрэн байсан. Тэдгээрийн нэгэн оргил үйл явдал бол яах аргагүй 1990 оны 7 дугаар сарын 29-ний өдөр явагдсан анхны ардчилсан сонгууль юм. Энэ сонгуулийн 25 жилийн ойд зориулсан Олон улсын хүндэтгэлийн хурал ийнхүү эхэлж байна. Та бүхэнд амжилт хүсье” гэлээ.

Хүндэтгэлийн хурлын эхэнд 1990 оны Цагаан морин жилийн хувьсгалын удирдагчдын нэг, 1990 оны АИХ-ын Сонгуулийн 427дугаар тойргийн депутатаар сонгогдсноос хойш Монголын улс төрийн амьдралд тасралтгүй оролцож ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үг хэлсэн юм.

Тэрээр хэлсэн үгэндээ: “Хурлын эрхэм дарга, хүндэт зочид, хатагтай, ноёд оо,

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Монгол Улсад болсон анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ой, ардчилсан сонгуулийн өдөрт зориулсан олон улсын Хүндэтгэлийн хуралд хүрэлцэн ирсэн та бүхний амар мэндийг айлтган мэндчилж, сайны ерөөл өргөн дэвшүүлье.

Өнөөдөр бид Монгол Улсад 25 жилийн өмнө болсон түүхэн үйл явдлын тухай дурсан ярилцахаар цуглараад байна. Юуны өмнө Монголын ард түмний хийсэн түүхэн, шинэ, ардчилсан сонголтын ойн чин сэтгэлийн мэндчилгээ ирүүлсэн эрхэм хүмүүст гүн талархлаа илэрхийлье.

Эдгээрт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мүн, Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Хайнц Фишер, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ, Швейцарийн Холбооны Улсын дэд Ерөнхийлөгч Йохан Шнайдер Амман, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди, Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн сайд Лоран Фабиус, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри,  Мьянмарын Холбооны Бүгд найрамдах Улсын Үндэсний ардчилсан лигийн тэргүүн Ан Сан Сү Чи нар энэхүү хуралд чин сэтгэлийн мэндчилгээ ирүүлсэн байна.

Мөн анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойд зориулсан олон улсын Хүндэтгэлийн хуралд онцгой ач холбогдол өгч, цаг заваа гарган, сэтгэл гаргаж олон хүндтэй зочид хүрэлцэн ирсэн эдгээр зочдод дахин гүн талархал илэрхийлье. Энэхүү танхимд Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд болон төр, засаг, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, мөн Монголд суугаа дипломатууд, олон улсын байгууллагын элч төлөөлөгчид хүрэлцэн ирснийг дуулгахад таатай байна.

Энэхүү Хүндэтгэлийн хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын улс төрийн асуудал эрхэлсэн орлогч ноён Жеффри Фелтман, БНЭУ-ын Мэдээлэл, өргөн нэвтрүүлгийн Төрийн сайд ноён Раживардхан Сингх Ратхор, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай Сюзан Торнтон, Унгар Улсын Парламентын дэд дарга ноён Янош Латорцай, БНСУ-ын Ерөнхийлөгч асан ноён Ли Мен Бак, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч асан хатагтай Роза Отунбаева, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх Олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Ив Летерм, Японы Ерөнхий сайдын бие төлөөлөгч Цүтомо Такэбе нар бидний урилгыг хүлээн авч биечлэн хүрэлцэн ирснийг дуулгахад таатай байна.

Дээр нэр дурдсан эрхмүүд болон энэхүү хуралд оролцож байгаа нийт хүмүүст ард түмнийхээ нэрийн өмнөөс дахин чин сэтгэлийн талархал илэрхийлж, Монгол Улсад болсон анхны ардчилсан сонгуулийн ойн баярын мэнд дэвшүүлэн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Хурлын эрхэм дарга аа,

Хатагтай, ноёд оо,

Өнөөдрөөс 25 жилийн өмнө болсон түүхэн үйл явдалтай холбогдуулан гурван дүгнэлтийг хэлье.

Нэг. Өнөөдрөөс 25 жилийн өмнө болсон анхны ардчилсан сонгууль бол Монголын ард түмний өөрсдийнх нь хийсэн түүхэн сонголт байсан. Монголчуудыг хэн ч энэ сонголтыг хий, энэ сонгуульд оролц гэж албадаагүй, шахаагүй юм. Монголын ард түмэн өөрсдийг нь төрд төлөөлөх элч төлөөлөгчдөө анх удаа, бүх нийтээрээ, бүрэн эрхээ эдлэн сонгосон.

Энд товчхон нэг жишээ дурдъя. Тэртээ 1990 оны долдугаар сарын 29-ний өдөр болсон сонгуульд 430 суудалд нийтдээ 2413 хүн өрсөлдсөн байдаг. Тус сонгуульд манай улсын нийт сонгогчдын 98 хувь нь оролцож саналаа өгсөн. Энэ ирцээс харахад энэхүү сонгууль нь Монголчууд бүх нийтээр оролцсон, анхны ардчилсан, чөлөөт сонгууль байсан.

Энэхүү сонгуулийг тухайн цаг үеэс дөрвөн жилийн өмнө буюу 1986 онд болсон сонгуультай харьцуулъя. Тухайн 1986 оны сонгуульд 370 суудалд 370 нэр дэвшигч өрсөлдсөн. Эдгээр нэр дэвшигчид бүгдээрээ 99.9 хувийн саналаар сонгогдсон байдаг.

Хоёр. Өмнө нь өөрийн эрхээр, нам төрөөс тусдаа амьдарч чадна гэж үздэг хүмүүсийн тоо Монголчуудын ярьдгаар гарын таван хуруунд багтахаар хэмжээнд байсан. Харин одоо төр засгийн, аль нэг намын оролцоогүйгээр амьдралаа аваад явж, зохион байгуулж чаддаг хувь хүн, айл өрхийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Энэ бол гайхамшигтай үзүүлэлт юм.

Монголчууд бага зүйлийг “гарын таван хуруунд багтах” гэж, харин эсрэгээр нь их зүйлийг “толгойтой үснээс их” гэж ярьдаг. Өмнө нь тэгж чөлөөтэй амьдралаа зохицуулдаг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байсан иргэд гарын таван хуруунд багтдаг байсан бол өнөөдөр үнэхээр өөрсдийн амьдралаа төр засаг, удирдагч, нам, дарга нараас хараат бусаар авч явж байгаа иргэдийн тоо улам бүр ихэсч байна. Энэ бол үнэхээр сайн үзүүлэлт юм.

Ер нь Монголын хөгжлийн философи нь Монгол хүн бүрэн эрхтэй, Монгол хүн бүхэн амьдралаа авч явах чадалтай байхад оршино гэж би үздэг.

Гурав. Монголын ардчилал бол бүс нутагтаа сүүлийн 25 жилд гарсан түүхэн онцлог үйл явдал. Монголын ардчилал бол зөвхөн Монголын ард түмний нэг удаагийн чөлөөт сонголтын үр дүн төдий биш юм. Энэ бол аливаа ард түмэн бүрэн эрхээ эдэлж, өөрийн сонгосон замаараа хөгжиж дэвжих эрхтэй, боломжтой гэдгийг харуулж байгаа бодит нотолгоо, амьд үйл явц юм. Үүгээр ч барахгүй Монголын ардчилал өөрийгөө шинэчлэх, сайжруулах хангалттай чадвар, дотоод хүчтэй болж чадсан.

Бид өнгөрсөн 25 жилд алдсанаа засч, амжилтаа ахиулан, иргэдийнхээ эрх, бүтээлч оролцоонд түшиглэн улам бүр урагш хөгжин дэвшинэ гэдэгт би хувьдаа эргэлзэхгүй байна.

Хурлын эрхэм дарга,

Эрхэм нөхөд өө,

Цаашид анхаарах шаардлагатай гурван зүйл хэлээд үгээ өндөрлөе.

Нэг. Монголын ардчиллын хөгжил дэвшил, зөвхөн монголчуудаас өөрсдөөс нь шалтгаална. Монголчууд яах гэж энэ сонголтыг хийсэн юм бэ? Жаргавал өөрийн эрхээр жаргая, зовбол өөрийн эрхэнд зовъё гэж энэ түүхэн сонголтыг хийсэн. Өнөөдөр хүндрэл бэрхшээлтэй асуудал олон бий. Энэ бүх бэрхшээлийг даван туулж цааш амьдаръя гэж энэ түүхэн сонголтыг хийсэн. Үүнээс гадна өнгөрсөн 25 жилийн хугацаанд хүндрэл, бэрхшээл, сорилт олонтаа тохиолдсон. Цаашид ч тохиолдох нь гарцаагүй юм.

Гэхдээ хэцүү цагт, хэцүү шийдлийн өмнө Монголын ард түмэн, Монголын улс төрийн хүчнүүд, ардчиллын төлөө хамтран зүтгэгчид нэгдэж чаддаг юм гэдгийг сүүлийн 25 жилийн түүх харуулсан. Хэцүү шийдвэрийг Монголчууд бид хамтран хэлэлцээд цааш явж чадна гэдэгт итгэлтэй байна.

Хоёр. Өөр нэг анхаарах хэрэгтэй зүйл байна. Фашизмыг дарж, дайныг төгсгөсөн тухай ярилцаж, үүний ойг сүр дуулиантай тэмдэглэдэг. Гэвч тухайн үйл явц чухам ямар нөхцөлд бий болсон юм, фашизм гэдэг тэр үзэгдэл хэрхэн өрнөсөн юм гэдгийг бид онцгой анхаардаггүй. Үүнийг бид анхаарах нь зүйтэй гэж боддог. Өнөөдөр дэлхий нийтэд терроризмын аюул нүүрлэж байна, терроризмтэй тэмцэж байна, терроризмыг дарж байна гэж ярих болсон. Гэвч энэ бүхэн ямар нөхцөлд бий болж байна, үүний үзэл санаа хэрхэн бүрэлдэж байна вэ гэдгийг бид онцгой анхаарах ёстой.

Бид коммунист дэглэмийг унагаж, ардчилсан нийгэм байгуулсан тухай ярьдаг. Гэтэл энэ коммунизмын үзэл чухам ямар орчинд бий болсон юм, хэрхэн дэлгэрсэн юм бэ гэдгийг бид анхаарах ёстой. Үүнийг мартаж болохгүй.

Гурав. Ардчилал гэдэг нь зөвхөн нэг удаагийн сонголтоор бүтдэг зүйл биш. Энэ бол үйл явц юм. Үйл явц дотроо хэцүү, зовлонтой үйл явц юм. Бид хэцүү замыг сонгож аваад явж байгаа. Монголчууд бид хэрэв хэцүү, зовлонтой замаар явбал үүний цаана сайн сайхан байдаг гэдэгт итгэдэг. Ийм учраас бид өөрсдийн итгэл үнэмшилд тулгуурлан ардчиллыг сонгосон юм.

Бид бол ардчиллыг хүний амьдралтай, хүнтэй адилхан зүйл гэж боддог. Энэ бол хүний л хийсэн сонголт, хүн оролцож бүтээдэг үйл явц  юм. Тийм учраас бид ардчиллын төлөө өдөр тутам хичээн зүтгэж, ардчиллаа тордох хэрэгтэй. Бид ардчиллыг амьдад нь хайрлах хэрэгтэй. Ардчиллыг байгаа дээр нь тордож арчлах хэрэгтэй. Алга болчихсон хойно нь хэчнээн сайн, зөв юм байсан тухай яриад хэрэггүй. Үүнийг их өндөр үнэ цэнээр дахин бий болгоно.

Төгсгөлд нь өөрийн бүрэн эрхээ эдэлж, ардчилсан сонголтоо хийн, ардчиллаа өлгийдөн авч, өдий зэрэгтэй өсгөж тордон авч яваа Монголын ард түмэндээ гүн талархал илэрхийлье. Их баярлалаа.

Мөн ардчиллын төлөө амь бие, амьдралаа зориулан зүтгэж яваа олон мянган хамтран зүтгэгчиддээ баярлалаа. Монголын ардчилалд халуун гараа сунган тусалж дэмжиж, бидэнтэй хамтран ажиллаж байдаг нийт сайн санаат хүмүүс, байгууллагуудад баярлалаа.

Ингээд Монголд болсон ардчилсан сонгуулийн 25 жилийн ой, бүрэн эрхт ардчилсан сонгуулийн өдөрт зориулсан олон улсын Хүндэтгэлийн хурлын үйл ажиллагааг нээснийг мэдэгдье. Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье. Баярлалаа” гэв.

Хүндэтгэлийн хуралдаан дээр илтгэл тавьсан, үг хэлсэн хүндэт зочид болон видео мэндчилгээ дэвшүүлсэн хүмүүсийн хэлсэн үг, мэндчилгээг хүргэж байна.

Монгол Улсын анхны Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монголын ардчиллын 25 жил: Ололт амжилт, туршлага сургамж” сэдвээр илтгэл тавьсан юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг илтгэлдээ “Аливаа нийгмийн өөрчлөлт өөрийн түүчээлэх баатартай, түрэх хүчтэй байж амжилтад хүрдэг.Ардчилсан хувьсгал ийм замналтай, тийм баатруудтай.Хөхөө өвлийн хүйтэн, хөр цасны хайрууд ардчиллыг манлайлж, дэмжиж, уухайлж, зүрх сэтгэлдээ тээж явсан хүн бүхэн ардчиллын баатрууд.Монгол түмэн минь хүй элгээрээ ардчиллын баатрууд юм аа. Монголын ард түмэн-ардчиллын баатрууддаа анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн баярын халуун мэндийг чин сэтгэлийн угаас өргөн дэвшүүлье.

Ардчиллын баатрууд болох ард түмнээ төлөөлөн Монгол Улсын баатар болсон эдүгээ Улсын нийслэл УБ хотын захирагч, Засаг даргаар ажиллаж буйЭ.Бат-Үүлдээ, Ардчилсан хувьсгалын билэг тэмдэг болсон өнөөдрийн Монгол Улсын төрийн тэргүүн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад, амьдралын ухаан, алсын хараа гаргаж шинэ хуучны зөрчлийг зөвшилцөл, хөгжил дэвшил болгоход хүчин зүтгэсэн ахмадууд болох Ж.Батмөнх, П.Очирбат, Д.Бямбасүрэн, Б.Чимэд нарт, мөн ардчилсан хувьсгалын бүх анхдагч нартаа, анхны улс төрийн намуудын лидерүүд болох Б.Баабар, Р.Гончигдорж, Д.Ганболд нартаа, МоАХ, Ардчилсан социалист хөдөлгөөн, МОХ, ШДХ-ны мянга мянган гишүүддээ, ардчилсан хувьсгалыг бие, сэтгэл зүрхээрээ эхний өдрөөс нь тууштай дэмжсэн түмэн олондоо энэ баярын өдрийн мэндийг хүргэе!

Өнөөдөр тэнгэрийн орноос биднийг харж байгаа С.Зориг, Д.Батсүх,С.Цогтсайхан бусад олон анхдагчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэе.

Монголын Ардчиллыг анхны өдрөөс нь эхлэн тууштай дэмжиж, улс төр, эдийн засгийн хувьд төдийгүй сэтгэл санаа, зохион байгуулалт, арга туршлага, хүний нөөц бүхий л талаар сэтгэл харамгүй тусалж ирсэн бүх донор орнууд, олон улсын институт байгууллагууд, тэдгээрийг төлөөлөн өнөөдөр энд ирсэн бүх хүндэт төлөөлөгчдөд Монгол Улсын ард иргэд, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гүн талархлаа илэрхийлье.

Монголын ардчилал залуу хэдий ч, Монгол Улсын төрт ёсны түүх өөрөө агуу баялаг түүхтэй билээ. Саяхан бид үндэснийхээ их баяр наадмыг Монголын тулгар төр байгуулагдсаны 2224 жил, Их Монгол улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойнуудтай хамтатган тэмдэглэлээ. Энэ их баяр цэнгэл монголын ард түмэн ардчилал, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийн үзэл санааны дор  монголын ардчиллын, түүний дотор анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойтой таширлан  тохиож байгаагаараа онцлог болж байна.

1989 онд Берлиний хана нуран унасны дараа Зүүн Европын орнуудад эхэлсэн ардчилсан хувьсгалын буухиаг Ази тивд зөвхөн Монгол Улс үргэлжлүүлж чадсан юм.  Тоталитар дэглэмийг эсэргүүцсэн Монголын ард түмэн Ардчилсан хувьсгалыг нэг ч буун дуу гаргалгүй, нэг ч хүний амь эрсдүүлэлгүй, нэг ч цонх хагалалгүй тайван замаар хийж, ялуулж болдгийг юуны өмнө харуулж чадсан юм.

Энэ нь үнэхээр ардчиллын хамгийн чухал үнэт зүйлийн нэг болох толерант шинж монголчууд бидэнд манай төрт ёсны баялаг уламжлалаас улбаалж ирсэнтэй холбоотой биз ээ. Тиймээ, улс орны байтугай хувь хүний амьдралыг 70 гаруй жил хянан зохицуулж ирсэн МАХН-ын тэр үеийн удирдлага нийгмийн өөрчлөлт, хөдөлгөөнийг хүлээн зөвшөөрч хэлэлцээний ширээний ард сууж чадсан төдийгүй сайн дураар эрх мэдлээсээ татгалзаж чадсан юм. Залуу ардчилагчид ч чухам ардчиллын зарчмаар, түүний мөн чанарт нийцсэн аргаар буюу анхны чөлөөт ардчилсан сонгуулиар ард түмний мэдэлд эрх мэдлийг шилжүүлсэн нь тэдгээрийн мөнхийн гавьяа болно.

25 жил гэдэг улс үндэстний түүхийн хувьд байтугай тухайн хувь хүний амьдралын хувьд маш бага хугацаа. Энэ танхимд сууж байгаа хүмүүсээс жишээ нь, 20 хэдхэн жилийн өмнө хаагдмал хязгаарлагдмал Монгол Улсыг Ардчиллын хамтын нийгэмлэгийг даргалах болно, Цахим эрх чөлөөний нийгэмлэгийг удирдах болно, ЕАБХАБ (ОSCE)-н бүрэн эрхэт гишүүн болсон байх болно гэвэл итгэх хүмүүс цөөхөн байх байсан. Гэтэл энэ нь боломжтой зүйл гэдгийг Монголчууд, Монголын ардчилсан хувьсгалын түүх батлаад байна.Ардчилал гэдэг ийм л хүчтэй зүйл.Ардчилал тухайн улсыг дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт нэгэн гишүүн болгож чаддаг,ардчилал улс орны нэрийн хуудсыг, ID card-ийг өөрчилж чаддаг гэдгийг Монголчууд батлан харууллаа.

Монгол Улс түүхэн уламжлал, төрт ёсны арвин баян түүхтэй орон. Анхны парламентат ёс өдгөөгөөс 800 жилийн тэртээ Англи улсаас гаралтай гэж дэлхий нийтээр үздэг. Цаг хугацааны хувьд Англитай ижил тэртээ 1206 онд Монголчууд парламентат ёсны анхдагч хэлбэр болох Их хуралдайг анх үүсгэн байгуулсныг түүх гэрчилнэ. Дэлхийн бусад улсад ихэвчлэн мөрдөгддөг байсан хааны ууган хүүг угсаа залгамжлан шууд хаанд өргөмжилдөг байсан ёс Монголчуудын хувьд Хааны ууган хүүг бус хаан ширээнд тохирох төрийн хүнийг Их хуралдайгаас сонгож тохоон залахаас эхлэн, дайн энхийн асуудал, төрийн гол хэргийг хамтаараа шийдэж байсан.

Монголын Их гүрэн, эзэн хаадын их түүх, Монгол төрийн бие даасан бодлого, тусгаар тогтнол XVII зуунд Манжид дагаар орсноор дуусгавар болсон билээ.

1911 онд харийн дарлалыг түлхэн унагаж олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улс байгуулагдсаны дараа энэ үеийн тэргүүлэх хэсгийн дотор зөвхөн тусгаар тогтнох хүсэл эрмэлзлээс гадна орчин цагийн дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хуучин засаглалын бүтэц байгууллыг хувьсган өөрчилж, шинэ ёсонд зохицсон төрийн байгууллыг тогтоож, улс орноо хүчирхэг баян, соёлжиж боловсорсон түвшинд хүргэх үзэл санааг давхар дэвшүүлэн ажил хэрэг болгохыг оролдон тэмцсэн  юм.

1921 оны ардын хувьсгалын дараа  Хэмжээт эрхтэй Хаант төр тогтож,  Ардын тодотголтой эв нэгдлийн Засгийн газар байгуулагдаж, авч явуулсан анхны томоохон ажлуудын нэг нь Улсын Түр цагийн  Хурал гэдэг зөвлөх эрхтэй хамтын удирдлагын дээд байгуулагыг байгуулжээ. Гэвч тухайн цаг үе, их гүрнүүдийн бодлого, нөлөөллийн цар хүрээ Монголчуудыг бие даасан төр улстай, бодлого үйл ажиллагаатай байх ямар ч боломжийг олгохооргүй байлаа.

Монголын төрийн тогтолцоо бүрэн эрхт, бүгд найрамдах, ардын, ардчилсан, социалист, бүх ард түмний гэсэн тодотголуудтай, 1924, 1940, 1960 оны Үндсэн хуулиудаар зохицуулагдаж ирсэн хэдий ч хаалттай нийгэмд, манай нийгмийг удирдан чиглүүлэгч ганцхан намын удирдлага дор социалист системийн хүрээнд 100 хувийн ирцтэй, дээрээс нэр заасан ганцхан сонголттой нэр дэвшигчтэй буюу “Сонголтгүй сонгуулийн” тогтолцоотой,хэлбэрийн төдий ардчилалтай явсаар 1990 онтой золгосон билээ.

1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд түүхэндээ анх удаа бүх нийтийн сайн дурын үндсэн дээр  яс үндэс, угсаа гарал, шашин шүтлэг, эр эм, үзэл бодол  үл харгалзан хэн нэгэн урьдчилан томилогдсон хүнийг бус олон намаас дэвшүүлсэн төлөөллийг чөлөөтэй, шууд, нууц санал хураалтаар сонгох жинхэнэ ардчилсан сонгуулийн үндсийг тавьсан юм.

Өөрөөр хэлбэл, өнөөдөр та бидний 25 жилийнх нь ойг тэмдэглэж байгаа энэ баярын ач холбогдол нь Монголчууд сүүлийн 300 илүү жилд анх удаа өөрсдөө, бусад хэнээс ч хамааралгүйгээр өөрийн хөгжлийн замаа сонгох, өөрсдөө төр улсаа төвхнүүлэх бололцоотой болсонд, Монголын төр улсын бүрэн бүтэн байдал, улс төрийн тусгаар тогтнолын баталгаа бий болсонд оршиж байгаа юм.

Ийм ч учраас Анхны ардчилсан сонгууль явагдсаны 25 жилийн ойн энэ баярын утга учир, агуулгыг онцгойлон тэмдэглэх үүднээс Монгол Улсын Засгийн газар энэ ойн босгон дээр жил бүрийн 7 дугаар сарын 29-ний өдрийг Монгол Улсын бүрэн эрхийн баталгаа-Ардчилсан сонгуулийн өдөр болгон тэмдэглэлт өдрүүдэд оруулахшийдвэр гаргасныг та бүхэнд сонордуулахад таатай байна.

Монголын ардчиллын 25 жил  бол монгол түмний  гайхамшигтай ололт амжилтын буухиаг өртөөлсөн он жилүүд  байсныг баярын хурлын энэ хүндэт индрээс бахархалтайгаар дурьдан хэлэхэд таатай байна.

Нэг. Монголын ардчилал, түүний ололт амжилт

Бид чөлөөт сонгуулиа хугацаанд нь явуулж, эрх мэдлээ тайван шилжүүлж чаддаг боллоо. Хувь хүн, бүлэг хүмүүс, бусад улс орны шийдвэрээс хамаардаггүй дархлаагаа суулгалаа. Хэвлэл мэдээлэл төр засгийн цензурээс салж 4 дэх засаглалын хэлбэртээ орлоо. Гудамж, талбайд жагсах эрхээ эдэллээ.25 жилийн өмнө Монголд Ардчилсан хувьсгал ялсан юмаа гэдгийг бүх нийтээрээ хүлээн зөвшөөрлөө. Ардчилсан хувьсгалын баяр ганцхан намын баяр бус нийт ард түмний маань нийтлэг баяр болж чадлаа.

Монголчуудын ардчиллын 25 жилийн хугацаанд хүрсэн хамгийн том ололт бол улс төр, үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын талаар бие даасан бодлого явуулж, улсын дайтай улс байх боломж анх удаа бүрэн утгаар хэрэгжих түүхэн боломж нөхцөл бүрэлдсэнд оршино. Аль нэг улс гүрнээс Монгол улсын төрийн бодлого, дотоод үйл ажиллагаанд хутгалдан оролцох, нөлөөлөх дарамт үгүй болов.

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх, шүтэж бишрэх, төрөө чөлөөт сонгуулиар өөрийн итгэл үнэмшлээр сонгох, чөлөөтэй зорчих бүхий л эрх шинэ Үндсэн хуулиар баталгаажиж бодитой хэрэгжиж байна. Өнөөдөр Монголд Төрийн бус байгууллага буюу иргэдийн сайн дурын эвслийн тоо 23 мянгад хүрсэн байна.  1990 онд төрийн мэдлийн 10 хүрэхгүй сонин,  радио, телевизийн нэг л суваг байсан бол одоо зөвхөн хувийн хэвшилд хамаарах өдөр тутмын сонин 20 гаруй, радио 40 орчим, зурагтын монгол суваг хэдийн зуу давжээ.

Ардчиллын 25 жилийн хугацаанд хөдөө орон нутгийн иргэдэд малыг, хот суурин газрын иргэдэд орон сууцыг үнэ төлбөргүй хувьчилснаар Монголын ард түмэн өмчтэй болсон билээ. Малын тоо толгой өнгөрсөн нийгэмд хичнээн төлөвлөгөөгөөр шахаад ч 27 саяас хэтэрдэггүй байсан бол өнөөдөр манай малчид 60 саяд хүргэж малаа тоолуулаад байна. Эдийн засагт хувийн хэвшлийн эзлэх оролцоо байр суурь 70 хувь болтлоо нэмэгдэж, төрийн оролцоо хумигдсаар байна. 1940-1990 оны хоорон дахь 50 жилд Монголын эдийн засаг 10 дахин өссөн бол ардчиллын 2 дахин бага хугацаанд 20 дахин өсчээ.

Хүн амын тоо сүүлийн 25 жилд нэг саяар нэмэгдэж бид саяхан 3 сая дахь иргэнээ өлгийдөж авлаа. Монгол хүний дундач наслалт сүүлийн 25 жилд долоон жилээр нэмэгдлээ. Одоо нялхсын эндэгдэл 1990 оны үеийнхээс даруй долоо дахин буурсан байна. 10 мянган хүнд ноогдох оюутны тоо 600 давж энэ үзүүлэлтээр дэлхийд дээгүүр орж байна.

1990 онд Улаанбаатарт 3300 автомашин хөдөлж байсны 100 орчим нь аминых байлаа. Одоо Улаанбаатар дэлхийн түгжрэл ихтэй хотуудын тоонд орохоор болжээ. Харин гар утасны тоо нийт хүн амын тооноос хэтэрч давхардсан тоогоор 4 сая 300 мянга хүрчээ. Бүх өрх телевизортой, хүн амын дийлэнх хэсэг нь цахим технологи ашиглан ажил амьдралаа зохицуулдаг боллоо. Энэ бол хэн бүхний олоод харчих боломжтой бодит өсөлт, ардчиллын маргашгүй ололт  мөн.

Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн үеэр Ардчилал Монгол хүнд, монгол айл өрхөд юу өгснийг “Ардчиллын 10 цагаан буян” гэж нэрлэж дурдсаныг энд эргэн санахад илүүдэхгүй болов уу.

Ардчиллын10 цагаанбуян:
Гаднаа тоолох малтай
Гартаа барих утастай
Гараашдаа тавих машинтай
Га-гаар хэмжигдэх газартай
Гэртээ асаах гэрэлтэй
Гэр бvлээрээ хувьцаатай
Гуундаа тахих бурхантай
Гадаадад зорчих паспорттай
Гараад золгох цагаан сартай
Гавъяаг нь дуурсах Чингис хаантай”

Энэ мэтчилэнгээр монголын ардчилал Монгол хүнд, Монгол айлд юу өгөв, ямар боломж олгов гээд яривал үнэхээр бахархам сайхан үр дүн харагдаж байна.

Монгол улс гадаад бодлогын шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалаа шинэчлэн боловсрууллаа. Мөнхийн хоёр их хөрштэйгөө стратегийн болон стратегийн иж бүрэн түншлэлийн хэмжээнд харилцааны түвшингээхүргэснээс гадна “Гуравдагч орнууд”-ын бодит ашиг сонирхлыг Монголд тусгах, харилцан ашигтай хамтран ажиллах зорилго бүхий Гуравдагч хөршийн бодлогоо тунхаглан тогтвортой хэрэгжүүлж байна.

Монгол улс Ардчиллыг шинээр болон Сэргээн тогтоосон орнуудын олон улсын бага хурлыг 2012 онд эх орондоо амжилттай зохион байгуулж дэлхийн 106 орны зочид төлөөлөгчид ирж асуудлаа ярилцаж шийдвэрлэсэн нь манай улсын ардчиллын замналын бодит үр дүн, хүрсэн түвшнийг илэрхийлэн харуулсан дэлхийн хэмжээний арга хэмжээ болж өнгөрсөн билээ. Ирэх 2016 онд Ази-Европын Дээд хэмжээний уулзалтыг мөн манай улс Ази-Европын 57 орныг оролцуулан зохион байгуулах гэж байна. Энэ бүхэн нь Монголын ардчилал эрийн цээнд хүрч, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдөн бүс нутагтаа ардчиллыг амжилттай бойжуулан хөгжүүлж буй загвар орон болсныг нотлон харуулав.

Хоёр. Монголын ардчилал, түүний онцлог

Монголын ардчилал хөгжсөн түүх, ардчилсан хувьсгал болж өрнөсөн үйл явц өөрөө монголчуудын оюуны ертөнцийг баяжуулж чадсан юм. Аливаа асуудлыг зөвшилцөн хэлэлцэж, маргаан, мухардлыг тайван замаар зохицуулж чадсан нь Монголын ардчиллын хамгийн чухал ололт мөн. Тайван замаар асуудлаа шийдэхэд талуудын уян хатан байдал, харилцан буулт хийх, шийдлийн олон хувилбарыг бодож олж хэрэгжүүлэх чадваруудыг шаардсан асар их ухаан, улс төрийн толерант чанар буюу хүлээцтэй, нийцтэй байх чадвар хэрэгтэй. Бид ийм чадвар гаргаж чадсан юм.

Энэхүү үйл явц нь Монголын ардчиллын төдийгүй бүс нутаг, дэлхийн түүхэнд тодоор тэмдэглэхүйц энхийн замаар хэрэгжүүлсэн ололт болж үлдсэн билээ.

Монголын ардчилал бол Монгол нутагтаа төрж, нутагтаа бойжиж, төрт ёсныхоо уламжлалын үнэ цэнэтэй бүхнийг шигшин  шингээсэн жинхэнэ өөрөөс нь төрсөн ардчилал юм. Манай улсыг ардчилалд шилж гэсэн болзлыг хэн ч гаднаас тулгаагүй, бидний эргэн тойронд хил дамнан орж ирэх ардчилал байгаагүй. Бид ардчилалгүй бүс нутгийн хамгийн гүнд нь байрлаж байсан ч ард түмэн маань ардчиллыг сонгосон юм.

Монголын ардчилал  бол улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, оюуны ертөнцийг цогц хамарсан иж бүрэн ардчилал байснаараа  бид бахархах ёстой. Монголд харьцангуй богино хугацаанд дотоодын ойлголцол, зохион байгуулалт, хүсэл зоригийн ачаар энэ цогц өөрчлөлт, шилжилтийг хийж чадсан нь түүхэн амжилт юм.

Монголын ардчилал дэлхийн ардчиллын үнэт зүйлсийн гол зарчмуудыг шингээн авч, өөрийн үндэсний уламжлалыг сэргээн бадрааж, жинхэнэ монгол ухаан, шүтэн барилдахуйн ухаалаг зарчим дээр суурилан хэрэгжүүлж чадсанаараа гайхамшигтай байсан юм. Чухамл тийм болохоор ардчиллын 25 жилд  үндэсний зан заншил, уламжлалт мэдлэг, өв соёл маань сэргэн мандаж, монголоо дэлхийд өөрөөр таниулж чадсан юм.

Монголын ардчилал монгол хүн бүрийн сэтгэл оюунд хүрч, тэдний итгэл зүтгэлийг цогцлоож өгснөөрөө  тусгаар тогтнол, бүх ард түмний эв нэгдлийн баталгаа болсон юм.  “Та 1990 оны өөрчлөлтийг зөв гэж үздэг үү” гэсэн асуултад Монголчууд байнга 90-ээс дээш хувиар “тийм” гэж хариулсаар ирсэн нь гайхалтай өндөр үзүүлэлт юм. Монголчууд эдийн засаг нь харьцангуй сайн байх үед ч, бас хямралтай байх үед ч ижилхнээр ардчиллыг хөгжлийн замаа гэж эргэлт буцалтгүйгээр үзсээр байгаа нь ардчилсан хувьсгалын гол баталгаа нь болж байна.

Гурав. Анхны ардчилсан сонгууль, түүнийтүүхэн ач холбогдол

1990 оны анхны ардчилсан сонгууль  бол монголын ард түмний түүхэнд улс төр, эрх зүйн хувьд  асар их үнэ цэнтэй,  түүхэн ач холбогдол бүхий үйл явдал байсан юм.  Сүүлийн жилүүдэд хийгдсэн олон тооны судалгаанд  1990 оны ардчилсан сонгуулийн ач холбогдол, үр дүнгийн талаар шинжлэх ухааны үндэстэй үнэлэлт, дүгнэлт хийсэн байдаг. ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгээс хийсэн ”Монгол Улс дахь сонгууль, сонгуулийн шинэ тогтолцоо” судалгаанд  манай оронд сонгуулийн тогтолцоо үүсэж төлөвшсөн түүхэн үйл явцыг тодорхой үе шатуудад хуваан ангилж судлахдаа 1990 оны ардчилсан сонгуулийг сонгуулийн тогтолцооны цогц шинэчлэлийн гарааны  үе хэмээн  онцолжээ.

Чухам энэ үед сонгуулийн үйл явц дахь уламжлал шинэчлэлийн залгамж холбоо хадгалахын зэрэгцээ  хуучнаас шинэд шилжих амаргүй үйл явц хэрэгжсэн байдаг.  Монгол Улсад өрнөсөн  улс төрийн томоохон өөрчлөлтүүд, ардчиллыг хөгжүүлэх,  хүний эрхийг хангахын төлөө хийгдсэн бодит алхамууд үндсэндээ анхны ардчилсан сонгуулийн угтвар нөхцлийг бүрдүүлэх, сонгуулийг шударга зохион байгуулах,  сонгуулийн үр дүнгээр төрийн байгууламжийг өөрчлөх гэсэн логик дараалал бүхий цогц үйл явц байсан билээ.

1990 онд АИХ-ын 11 дэх удаагийн сонгуулийн ҮIII чуулганаар БНМАУ-ын АИХ-ын депутатуудын сонгуулийн хуулийг баталж, түүнд орчин үеийн ардчилсан сонгуулийн түгээмэл зарчмуудыг тусгасан нь түүхэн том дэвшил байлаа.

АИХ-ын сонгуулийн тойргийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрээр байгуулсан бөгөөд тойргуудад нэр дэвшүүлэх субъектийн хүрээг ихээхэн өргөтгөсөнөөрөө өмнөх үеийн сонгуулийн тогтолцоог  үндсэнд нь халсан гэж үзэж болно. Энэ журмын дагуу нутаг дэвсгэр, үйлдвэрийн газар, байгууллага, түүний салбар нэгжийн хөдөлмөрийн хамт олон, нам, олон нийтийн анхан шатны байгууллага, цэргийн албан хаагчдын хурал дангаараа буюу хамтран АИХ-ын депутатад нэр дэвшүүлэх эрхтэйн дээр хувь хүн өөрийнхөө нэрийг дэвшүүлэх эрхээр хангагджээ.

1990 оны   сонгууль хоёр үе шаттай болсон бөгөөд сонгуулийн 430 тойрогт 2413 нэр дэвшигч  өрсөлджээ. 1990 оны 7-р сарын 22-ны өдөр 3 ба түүнээс дээш нэр дэвшигчтэй тойргуудад эхний шатны санал хураалт явагдаж, санал хураалтад нийт сонгогчдын 98.0 хувь оролцсон нь чөлөөт ардчилсан сонгуулийн хувьд ихээхэн өндөр ирцэд тооцогдох билээ. Долоо хоногийн дараа буюу 7-р сарын 29-ний өдөр хоёр дахь шатны санал хураалт 426 тойрогт явагдаж, сонгуулийн дүнгээр 420 гаруй депутат сонгогдсон байна. Сонгуулийн үр дүнг үндэслэн АИХ-ын суудлын 84.4 хувийг МАХН, 15.6 хувийг улс төрийн бусад намууд, УБХ-ын суудлын 60.4 хувийг МАХН, 39.6 хувийг шинэ намууд эзэлсэн байна.

1990 оны анхны ардчилсан сонгуулийн үр дүн, БНМАУ-ын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу  бүрэлдэн бий болсон хоёр шаттай, парламент бүхий төрийн байгууллагын тогтолцоог судлаачид шилжилтийн маягийн улс төрийн тогтолцоо хэмээн нэрлэдэг. Улс төрийн анхны энэ тогтолцоо нь Монгол Улс засаглалын хэлбэрийн хувьд шинэ сонголт хийж парламентын бүгд найрамдах улс болсны бодит илэрхийлэл байлаа. Анхны ардчилсан сонгуулийн үр дүн, түүнийг үндэслэн бүрдүүлсэн төрийн байгууллагын тогтолцоо нь бүрдэлтийн процессын хувьд нэлээд өвөрмөц онцлогтой байв. Энэхүү сонгууль нь Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн 2 танхим бүхий Парламентыг сонгосны зэрэгцээ АИХ-ын депутатуудыг 1 мандат бүхий 430 тойргоос буюу мажоритар тогтолцоогоор, Монгол Улсын анхны байнгын ажиллагаатай Парламент болох Улсын Бага Хурлаа сонгуульд оролцохоор бүртгүүлсэн намуудын төлөө санал өгөх буюу пропорциональ тогтолцоогоор, Парламентаа сонгохдоо хосолмол тогтолцоог бас анх удаа хэрэглэсэн байна.

Ийм нөхцөлд парламентад олонхийн суудал авсан МАХН дангаараа Засгийн газраа бүрдүүлэх ёстой байлаа. Гэтэл цаг үеийн улс төрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж эвслийн Засгийн газрыг байгуулсан юм. Энэ бол онолын хувьд болон олон улсын жишиг талаасаа ч ихээхэн өвөрмөц үзэгдэл байсан гэж судлаачид үздэг.

Энэхүү чөлөөт сонгуулийн үр дүн болсон БНМАУ-ын АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 1990 оны 9 дүгээр сарын 12-ноос  хуралдаж түүгээр Улсын Ерөнхийлөгчийг сонгож, Улсын Бага Хурлын бүрэлдэхүүнийг баталж, Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулсан байна.

Ийнхүү 1990 оны эрчимтэй өөрчлөлтийн оргил үед болсон анхны ардчилсан сонгуулийн үр дүнгээр  Монгол оронд 70-аад жил  ноёрхож ирсэн улс төрийн тоталитар дэглэм  бүрэн нурж,  ардчилсан  шинэ зарчимд  тайван замаар шилжих  шилжилтийн үндсэн асуудал буюу төрийн байгууламжийн хэлбэр үндсэндээ шийдэгдсэн юм.

1990 оны сонгуулиар байгуулагдсан Ардын Их Хурал, Улсын Бага Хурал  1992 оны 1 дүгээр сарын 1З-нд Монгол Улсын  шинэ Үндсэн хуулийг баталснаар Монголд шинэ нийгмийн байгуулал төлөвшин тогтох хууль, эрх зүйн суурь баталгаа бүрдсэн байна. Улмаар шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль, орон нутгийн ИТХ-ын сонгуулийн хууль тус тусдаа төрөлжсөн байдлаар батлагдан гарсан байна.

Дүгнэж хэлбэл, 1990 оны сонгууль нь: нэгд,  Монголын анхны ардчилсан чөлөөт сонгууль байснаараа,хоёрт,чөлөөт сонгууль, ардчилалд монголчуудыг сургах анхны том сургууль болсноороо,  гуравт, нийгмийн эрчимтэй өөрчлөлтийн үйл явц дахь улс төр, ардчиллын чиг шугамыг тууштай хамгаалан хөгжүүлэх үндсэн арга байснаараа, дөрөвт, сонгуулийн үр дүнгээр нийгмийн хуучин улс төрийн тогтолцоог халж, шинэ ардчилсан тогтолцооны үндсийг бүрдүүлснээрээ, тавд,  Монгол улсад шинээр үүсэн бүрдэж байсан олон намын тогтолцоо, иргэний нийгмийн бүтцүүд ардчилсан зарчмаар бэхжин хөгжих  бодит боломжийг олгосноороо, зургаад, иргэдийн сонгох, сонгогдох эрх чөлөөний үнэ цэнийг олон нийтэд бодитой ойлгуулж чадсанаараа, долоод,  сонгуулийн хууль тогтоомжийг олон улсын нийтлэг жишгийн дагуу боловсруулах анхны эхлэл байснаараа, наймд, ардчилсан тогтолцооны үеийн сонгуулийн байгууллагууд хэрхэн ажиллах анхны туршлагыг хуримтлуулснаараа, есд, ардчилал жинхэнэ утгаараа нийгмийн амьдралд бодит зүйл болж, улсынхаа бүрэн эрхт байдлыг баталгаажуулсан зэрэг олон учир шалтгаанаар Монголын улс төр, ардчиллын түүхэнд тод үсгээр тэмдэглэгдэн үлдэх түүхэн үйл явдал байсан юм.

Дөрөв. Монголын сонгуулийн замнал

Анхны ардчилсан сонгуулиас хойш бид сонгуулиас сонгуульд улам бүр туршлагаа арвижуулсаар байна. Монгол Улсад 2010 онд явагдсан иргэний шинэчилсэн бүртгэлийн мэдээллийн санд үндэслэн сонгогчдын нэрсийн жагсаалт үйлдэх, давхардлыг арилгах, сонгогчийг бүртгэх үйл ажиллагааг бүхэлд нь улсын бүртгэлийн байгууллагад хуулиар шилжүүлсэн. Нэг сонгогч нэг жагсаалтад бүртгэгдэж, нэг удаа саналаа өгөх зарчмыг амжилттай хэрэгжүүлснээр сонгогчдын нэрсийн жагсаалт бодитой гарч, түүнтэй холбоотой гардаг маргааныг эцэслэх боломжтой болгосон юм.  Түүнчлэн санал тоолох, дүн гаргах ажиллагааны үеэр ил тод байдлыг хангах, санал тооллогын үеэр ажиглагчдад саналын хуудсан дахь тэмдэглэгээг тодорхой харуулах, ажиглуулах үүднээс Улаанбаатар хотын бүх хэсгийн хороод, аймгуудын төвийн сумын бүх хэсгийн хороод хяналтын дүрс бичлэгийн камер ашиглах болсон байна.

Сонгуулийн үйл ажиллагаанд автомат техник хэрэгсэл ашигласан нь хүний буруу үйлдлээс хамаарах сөрөг үр дагавруудыг арилгаж, сонгуулийг будлиантуулах гэсэн аливаа хууль бус субъектив нөлөөг бүрэн зогсоож, сонгуулийг шударга явуулах боломж бүрдүүлсэн.

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль 2011 онд батлагдаж, сонгуулийг зохион байгуулахад сонгогчийн бүртгэл, сонгогчийн санал авах, тоолох үйл ажиллагаанд автоматжуулсан техник хэрэгсэл ашиглах үндэс суурь нь тавигдаж, амжилттай хэрэгжүүлснийг бусад олон орон сонирхон судалж байна.

Монгол Улс түүхэндээ анх удаа 2012 оноос эхлэн гадаад оронд сурч, амьдарч байгаа монгол иргэдийнхээсанал өгөх эрхийг бодитой хэрэгжүүлж эхэлсэн билээ. Сонгуулийг мажоритар, пропорциональ системийг хослуулан явуулснаар гадаад улсад байгаа Монгол Улсынхаа иргэдийн сонгох эрхийг эдлүүлэх боломж бүрдсэн юм. Энэ талаар багагүй туршлага хуримтлууллаа. Бусдад үлгэр загвар болохуйц орчин үеийн дэвшилтэт техник, технологийг богино хугацаанд нэвтрүүллээ.

Хамгийн сүүлд ЕАБХАБ-ын Ардчилсан институт хүний эрхийн байгууллагын болон бусад орны 400 гаруй гадаадын ажиглагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийг  ажиглаж сонгуулийн үйл явц, зохион байгуулалтад өндөр үнэлгээ өгсөн юм.

Лондонд төвтэй Олон Улсын Парламентын судалгааны төвөөс жил бүр олгодог Олон улсын “Сонгогчдод ээлтэй сонгууль зохион байгуулагч”  2013 оны шагналыгманай улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд хүртээжээ. Энэхүү шагналыг Монгол Улс сонгуулийн үйл явцыг богино хугацаанд боловсронгуй болгож, сонгуулийн ардчиллын үнэт зүйлсийг сонгогчдод хүртээсэн, түүний дотор сонгуулийн үйл ажиллагааг бүрэн автоматжуулж, сонгуулийг амжилттай зохион байгуулсан хэмээн үнэлж олгосон юм.

Тав.Монголын ардчиллын гол сургамж

Ардчилал бол улс орнуудын онцлог байдалтай уусан шингэлцэж, байнга хувьсан өөрчлөгдөж байдаг тогтсон универсал жоргүй, бүрэнгүйцэд тодорхойлолтгүй, хөгжлийн амьд процесс билээ. Энэхүү үйл явцад саар илүүц зүйл нь гээгдэн хоцроход түүнийг нь баяжуулан нөхвөрлөх шинэ шинэ давуу талууд ч гарч ирсээр байдаг. Товчхондоо бол эрсдэл, боломжийг зэрэгцүүлэн олгодгоороо онцлог билээ. Их усан эргэн буцаж урсдаггүйн адилаар та бид энэ голдиролдоо бүрэн зохицож цааш замнах нь гарцаагүй үнэн болно.

Бид 25 жилийн хугацаанд Ардчилсан 6 сонгуулийг амжилттай зохион байгуулсан. Хамгийн сонирхолтой нь Монголын ард түмэн Монголын нялх Ардчиллыг төрөл бүрээр туршсан үнэхээр өвөрмөц сонголтуудыг энэ богинохон хугацаанд хийсэн юм. Бид 3 ч удаа төрийн бүх эрх мэдэл улс төрийн нэг хүчнээс нөгөө хүчинд сонгуулийн үр дүнгээр, тайван замаар шилжихийг харсан, нэг улс төрийн хүчин 90 хувийн санал авч бараг сөрөг хүчингүй, нэг үгээр хяналтгүй байхын зовлонг амссан, олонхийг бүрдүүлсэн ч ирцийн бүрдэлд ганц суудал дутахын хясланг туулсан, аль ч нам сонгуулийн үр дүнгээр олонхи болж чадалгүй, Эвслийн засгийн газар байгуулахын хэцүүг мэдэрсэн, улс үндэстнийхээ төлөө хүндрэл бэрхшээлээс гарахын тулд парламент дахь бүх улс төрийн хүчин хамтран өөрсдийн хүсэл эрмэлзлээрээ Их эвсэл-Хамтарсан засгийг байгуулж ажиллахын ч гэрч бас болсон.

25-хан жилд Ардчилсан сонгуулийн байж болох бараг бүх хувилбарыг угсруулан үзнэ гэдэг ховорхон завшаан. Бас хэцүүхэн сорилт байсан.  25-хан жилд бусад улсуудын ардчиллын 200 илүүжилийн түүхийг туулна, бас товчлоно гэдэг Холливуудын кино найруулагчид ч атаархмаар монтаж байх биз ээ.

 . Монгол Улс нь ардчилал, хувь хүний эрх, эрх чөлөө, чөлөөт зах зээлийн эдийн засгийг зарчмаа болгосон шинэ нийгмийг байгуулах 25 жилийн хугацаанд улс төрийн болон эдийн засгийн шинэтгэлийг нэгэн зэрэг явуулж үүгээрээ бүс нутгийнхаа болон бусад улс оронд үлгэр жишээ үзүүлж байна.

 . Азийн ихэнх орон тухайн цаг үеийнхээ онцлог, түүх, уламжлалаасаа шалтгаалан эдийн засгаа либералчлахдаа улс төрийн хувьд нэлээд хатуу дэглэмээр удирдан явуулсан онцлогтой байдаг.Монголчууд бид хамгийн хүнд зам болох улс төр, эдийн засгийн шинэчлэлээ нэгэн зэрэг хамт явуулах хүндхэн замыг сонгон авсан юм.Өнөөдөр хамгийн чухал шийдвэрүүд Ерөнхийлөгч, Парламент, Засгийн газрын ойлголцлоор, Парламентэд суудалтай улс төрийн намуудын хоорондох зөвшилцөөнөөр гарч байна.  Энэ нь шийдвэр гаргагчдын хувьд үзэн ядмаар хэцүү зовлонтой ажил, гэхдээ Монголын Ардчиллын хувьд амь тариа, агаар ус нь болж байна.

 Ардчиллын үнэт зүйлс, зарчим, хувь хүний эрх, эрх чөлөө, чөлөөт зах зээлийн нийгмийг бидний өдөр тутмын амьдралын хэм хэмжээ болгох, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргагчид тооцдог болох, иргэний нийгмийн институцууд бий болж нийгэмд өөрсдийн байр сууриа эзлэх процесс нь цаг хугацаа шаардсан удаан ажиллагаа юм. Энэ нь өөрөө Монголын ардчиллын 25 жилийн түүх билээ.

 Ардчилал амьд үйл явц болохынхоо хувьд тогтолцооны төлөвшил, үйлчлэл, механизмтай холбоо бүхий бэрхшээл, сорилтууд гарч тэр бүрийг цаг тухайд нь зөв оношлон шийдэх шаардлагатай бид тулгарч байв. Бидний өмнө тулгарч байсан бэрхшээл сорилтыг шийдвэрлэж ирсэн туршлагаас дараахь бодитой  сургамж урган гарсан юм.

  • Үндсэн хуулиас эхлээд зарим  хууль тогтоомжид эрх мэдлийн хуваарилалтын зарчмыг бүрэн гүйцэд суулгах шаардлага оршсоор байна. Өнгөрсөн 25 жилд хуримтлуулсан туршлага, алдаа оноондоо тулгуурлан Үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлт хийх ажил цаг хугацааныхаа хувьд ч тэр, агуулга асуудлынхаа хувьд ч тэр нэгэнт болжээ.
  • Хууль тогтоох эрх мэдлийн институцийн төлөвшлийг манайх шиг бага оврын парламентын /76 гишүүнтэй УИХ/ онцлогт нийцүүлэх, улмаар хууль боловсруулах, батлах явцын төлөвлөлт хангалтгүй, хууль тогтоогчдод судалгааны мэдээлэл ашиглах, судалгаанд түшиглэсэн үйл ажиллагаа явуулах хэрэгцээ төлөвшөөгүй, чадвар дадал эзэмшээгүй байдал нь хуулийн чанар, хэрэгжих боломжид сөргөөр нөлөөлдгийг бидний өнгөрсөн жилүүдийн туршлага харууллаа.
  • Иргэд сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд тогтолцоо, хуулийн хүчин зүйлсээс гадна улс төрийн намуудын үйл ажиллагаатай холбоотой бэрхшээл, хүндрэлүүд сонгууль бүрийн үеэр гарч байлаа. Сонгогчдын бүртгэл, сонгуулийн үеийн сонгогчдын шилжилт хөдөлгөөнтэй холбоотой будлиан, саналын хуудасны зөрчил, санал давхардалт, популизм хийжбие биенээсээ давах уралдаан, биелэгдэж хэрэгжихгүй амлалт, сонгогчдын санал худалдаж авах оролдлого зэрэг нь сонгуулийн дүн бодитой гарахад сөргөөр нөлөөлж, сонгуулийн ардчилалд ноцтой бэрхшээл учруулдаг нь бидний туршлагаас харагдаж буй гол сургамжуудын нэг мөн.
  • Олон намын тогтолцооны төлөвшил удааширч, ухралт гарсан гэхээр байдал бий боллоо. Намууд улс төрийн институцийн хувьд шинэчлэгдэн төлөвших үйл явц удааширч зогсонги байдалд орсноор, баруун зүүн төвийн сонгодог зарчим дээр суурилсан  намуудын үзэл баримтлал үнэт зүйлс эцэслэн ялгарч бий болоогүй байгаа зэргээс шалтгааланулс төрийн намуудад итгэх иргэдийн итгэл сулардгийг манай ардчиллын 25 жилийн туршлага  харуулж байна.
  • Иргэдийн улс төрийн боловсрол, соёлын хэмжээ доогуур, ардчиллын үнэт зүйлс, идеал буюу чин эрмэлзэл нь хэт ерөнхий байгаа учраас ардчилсан институт, ардчиллын механизмууд амьд бүтээлчээр үйлчилж чадахгүй байна. Иргэдийн улс төрийн боловсрол, ардчиллын талаарх мэдлэгийг дээшлүүлэхгүйгээр ардчиллын хамгийн гол баталгаа  болсон  шударга ёс, хариуцлагын дархлаа олигтой бүрддэггүй гэдэг нь бидний туршлагаас тодорхой харагдлаа.
  • Төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэх талаар тодорхой алхам хийж, төрийн албаны хуулийг дорвитой шинэчлэхгүй бол төрийн албаны чадавхи сул, үйл ажиллагаа нь олигтой зүгшрэхгүй байна. Төрийн мэргэшсэн чадварлаг, хараат бус албыг буй болгох нь ардчиллын чухал хүчин зүйл гэдгийг манай ардчиллын туршлага харуулж байна.
  •  Мэдээлэл олж авах иргэдийн эрх чөлөө, иргэдийн мэдээлэл хүртэх эрхийн үзүүлэлтүүдээр иргэд, нийгмийн бүлгүүдийн хооронд харилцан адилгүй байдал байсаар байна.  Орчин үеийн ардчилалд  иргэдийн мэдээлэлтэй байх, мэдээлэл олж авах эрх чөлөөний баталгаа нэн чухал гэдгийг бид туршлагаасаа олж мэдлээ.
  • Шүүхийн шинэчлэлийн эрчийг удаашруулахгүй,  шүүх эрх мэдлийн байгууллагуудын нэр хүндийг олон түмний дунд өндөр байлгах нь ардчиллын хамгийн чухал баталгаа гэдгийг бидний туршлага нотоллоо.
  •  Ардчилсан сонгуулийн үр дүнгээр үүсдэг төлөөллийн ардчиллын байгууллагууд нь шийдвэр гаргахдаа иргэний нийгмийн болон иргэдийнхээ санаа бодлыг хэрхэн сонсож, тусгаж байх, тэдний оролцоог  журамласан эрх зүйн зохицуулалт  нэн чухал гэдэг нь ардчиллын хөгжлийн өнөөгийн төвшнөөс их тод харагдаж байна.
  • Иргэний нийгмийн байгууллагууд ардчиллын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байгаа боловч иргэний нийгмийн уламжлал багатай улс оронд өрнөж буй  эрчимтэй өөрчлөлтийн үед тэдгээр байгууллагын  төлөвшил хөгжил өөрчлөлтийн хурдацаас хоцрох хандлагатай байдаг нь бидний туршлагаас бас харагдаж байна.

Ийнхүү Монголын ардчиллын туршлагаас төрсөн сургамжууд нь ардчиллын цаашдын хөгжилд алдаа эндэгдэл бага гарах,  илүү үр нөлөөтэй байхын нэг үндэс болж, ардчиллын чанарыг сайжруулах чухал сурвалж болсоор байна. Монголын залуу ардчилалд алдаа гарахыг үгүйсгэх аргагүй ч гарсан алдаагаа хүлээн зөвшөөрөх, түүнээ хурдан хугацаанд засч залруулах чадвартай байх зарчим хангагдсан байх ёстой. Учир нь Ардчилал бол үргэлжийн арчилгаа шаардсан өглөө бүр тордон услаж байдаг модтой адил гэмтэж үрэгдэх  эмзэг зүйл бүхий тогтолцоо гэдгийгбид мартах учиргүй.

Ардчилсан хувьсгалын Монгол загвар Стан улсууд, бүс нутгийн болон бусад улсуудад ч үлгэр жишээ болж байна.“Мориныхоо нуруунаас буулгүй дэлхийн талыг эзлэх амархаан. Харин мориноосоо буугаад төр улсаа төвхнүүлнэ гэдэг амаргүй” хэмээсэн Их эзэн хааны хэлсэн үгийг энд сануулахад илүүдэхгүй болов уу.Үнэхээр гартаа мод чулуу, зэр зэвсэг бариад хувьсгал хийх харьцангуй амархан, харин гартаа хүрз зээтүү, багаж бариад шинэ амьдрал бүтээн бий болгоно гэдэг хамаагүй төвөгтэй.

 Энэхүү түүхэн тэмдэглэлт өдөр энэхүү хүндэт индрээс Их Эвслийн Засгийн газрыг тэргүүлж буй хүний хувьд нэгэн зүйлийг чухалчлан онцолмоор байна. Монголчууд бид ардчиллынхаа энэ богино хугацаанд зөвшилцлийн ардчиллын өөрийн гэсэн загварыг бий болгосон орон юм. Түүхэн эгзэгтэй үед монголчууд бид нэгдэж чаддаг. Жинхэнэ утгаараа улс төрийн тусгаар тогтнолоо олж, эдийн засгийн хамгийн хүнд хэцүү үед эрчим хүчний хязгаарлалт, улсын бүх үйлдвэр хаалгаа барьсан, хүнс, өргөн хэрэглээний барааны картын систем тогтоосон тэр үед Д.Бямбасүрэн гуайн тэргүүлсэн Засгийн газрыг сонгуулийн дүнгээс хамаарч дангаар бүрдүүлэх боломжтой байсан ч Эвслийн Засгийн газар байгуулагдсан юм. Дэлхийн хэмжээний ангилалд эрэмбэлэгдэх зэс, нүүрс зэрэг стратегийн орд газрын ашиглалтын асуудлаар үндэсний зөвшилцлөөр шийдвэрлэх ёстой хэмээн үзэж 2008 онд мөн Эвслийн засгийн газар байгуулагдаж Оюу толгойн ордын ашиглалт эргэлтэнд орсон түүхтэй.Тиймээс бид улс орны хувь заяаг тодорхойлох тэр түүхэн мөчид үргэлж зөвшилцөлд хүрч, хамтдаа асуудлаа шийдвэрлэж ирсэн юм.

Дэлхий ертөнц даяаршин хөгжиж буй шинэ нөхцөлд ардчиллын агуулга хэлбэр, механизмыг боловсронгуй болгож, түүнийг онол, үзэл баримтлал, арга зүйн хувьд хөгжүүлэх явдал чухал. Үндсэн хуулиа улс орныхоо хөгжлийн асуудалтай нийцүүлж шинэчлэн өөрчлөх, улс төрийн намуудыг 21-р зууны хөгжлийн шинэ шаардлагад нийцүүлэх, тэдний санхүүжилтийн эх үүсвэрийг зохистой шийдвэрлэх, орон нутагт жинхэнэ эрх мэдэл, эдийн засгийн бололцоог олгох бодит шаардлага бий болоод байна.

 Хүний эрх, эрх чөлөөгөө тунхагласан, шинэ ардчилсан Үндсэн хуультай, хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөө эдэлсэн Монгол оронд Монгол хүн гэдгээрээ бид өнөөдөр нэгэнт бахархах болжээ. Өнгөрсөн 25 жил бид иргэний болон улс төрийн эрхээ бодитой хэрэгжүүлж чадсан гэдгээ дэлхий нийтэд нэгэнт харууллаа.

Би Монголд төрсөн юм гэдэг хүний эрх, эрх чөлөө ханхалсан улс төрийн энэ ололтоо, Бид “Монголд үйлдвэрлэв” гэдэг эдийн засгийн эрх чөлөө, эдийн засгийн хөгжил дэвшлээрээ баяжуулах цаг маань биднийг бас хүлээж байна.Ардчиллын дархлаа нь хүчирхэг эдийн засаг байдаг.Сул дорой эдийн засагтай оронд ардчилал жинхэнэ утгаараа хөгжих боломжгүй.2015 оноос дараагийн 25 жилд хүчирхэг эдийн засагтай, чинээлэг нийгэм бүхий Монгол орныг цогцлоое. Энэхүү нийгмийг цогцлооход ажил хөдөлмөртэй, мэдлэг боловсролтой, эрүүл чийрэг монгол хүн юу юунаас чухал.

Ардчиллын түүхийг монголчууд бид хамтдаа бүтээсэн. Тиймээс энэ 25 жилийн алдаа нь ч биднийх, оноо нь ч биднийх. Одоо туулж өнгөрсөн замаа эргэцүүлж, гагцхүү алдаагаа аль нэгэн улс төрийн нам, хувь улс төрчид тохоон тодруулах бус, туулах замаа бодож урагшлах цаг бидний өмнө байна.Ирж буй цаг бүхэн эвсэж нэгдэх, эрчтэй бүтээхийг шаардаж байна.

Монголын ардчилал 25 дөнгөж гарсан цэл залуугаараа байна. Монгол Улсын хөгжлийн хөтөч нь Ардчилал юм.Харин ардчиллын хөтөч нь та бид өөрсдөө билээ.Та бидний хичээл зүтгэлээс, хийхээр төлөвлөсөн хөгжлийн бодлогоос ардчилалын үр шимийг хүн бүр хүртэх, Монгол Улс маань бүрэн ардчилсан улс болж бусдыг манлайлах эсэх нь шууд шалтгаална” гэлээ.

Монгол Улсын баатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлхэлэхдээ “Энэ мөчид санаанд минь үргэлж оршин байдаг  нэгэн дурсамжийн  тухай  ярих гэсэн юм.  1990 оны долдугаар сарын 29 бол Монголын ард түмэн анхны ардчилсан сонгуульд оролцож, саналаа өгсөн өдөр байлаа. Маргааш нь буюу долдугаар сарын 30-нд сонгогчдын саналыг тоолж дүн гаргахад бид  социализмын үеийнхээс тэс өөр, дэлхий дахины ардчиллын жишигт нийцсэн сонгууль болж өнгөрснийг ойлгож, маш ихээр баярлан хөөрсөн юм. Хэдийгээр тэр сонгуульд ардчилсан хүчин  ялалт байгуулаагүй ч   ардчилал ялсан учраас бид тийм ихээр баярласан хэрэг. 70 жилийн турш нэг хүн, нэг намын төлөө санал өгөх тулган шаардлага бүхий  сонголтгүй сонгуулиудтай нүүр тулж ирсэн Монголын ард түмэн төрөө хэнээр удирдуулахаа өөрсдийн итгэл үнэмшлээрээ, бие даан шийдвэрлэдэг  цаг ингэж л эхэлсэн юм.  Монголд 1920-иод оны эхээр ноёлж, 70-аад жилийн турш үргэлжилсэн коммунист дэглэм, нэг намын эрхшээлээс татгалзаж, олон намын тогтолцоог сонгосон ард түмний үзэл санааны эргэлт байсан юм.  Энэ бол Монгол төрийн хэргийг  Монголд биш гадаадад, бидний асуудлыг бид биш гадны хэн нэгэн “толгой” шийддэг байсан 300 гаруй жилийн харь бодлогыг халсан шинэ цагийн эхлэл ирлээ гэдэгт л хамаг үнэ цэнэ нь оршсон яахын аргагүй бахархам үйл явдал байлаа.

Чухамдаа энэ өдрөөс Монгол бол аль нэг улсад удирдагддаг тоглоомын гүрэн биш,  төрийн хэргээ өөрсдөө шийддэг  жинхэнэ тусгаар  тогтносон орон гэдгээ түүхийн хуудаснаа тамгалж,  дэлхий нийтэд зарласан юм.  Аливаа улс орны тусгаар тогтнолын баталгаа бол ард түмэн нь  ардчиллын зарчмаар төрөө сонгох явдал. Гэвч үүнд тайван замаар, цус урсгалгүйгээр хүрсэн  улс хуруу дарам цөөн гэдгийг дэлхийн ардчилсан гүрнүүдийн түүх бэлхнээ гэрчилдэг билээ. Харин  Монгол Улс  дарангуйллаас ардчилал руу хүчирхийллийн замаар бус зөвшилцлийн аргаар тэр тусмаа ардчилсан сонгуулийн үр дүнгээр шилжин орж чадсаныг өнөөдөр бахархан ярихад таатай байна.  Монгол Улс энхийн замаар ардчиллыг тогтоох эргэлт буцалтгүй энэ сонголтыг хийхэд нөлөөлсөн гадны улс орнуудын Засгийн газар,  төрийн бус байгууллагуудын үнэтэй зөвлөгөө байсныг энд хэлэх хэрэгтэй. Тиймээс  иргэн бүр нь эрх чөлөөтэй, ардчилсан  Монгол Улсын нэрийн өмнөөс   та бүхэнд талархал илэрхийлье.  Эцэст нь хэлэхэд, 1990 оны долдугаар сарын 29, 30 бол Монгол түмэн бүрэн эрхээ олж авсан  ялалтын өдөр байсныг дахин сануулж, та бүхэндээ баярын мэнд хүргэе” гэв.

УИХ-ын дарга З.Энхболд хүндэтгэлийн зоогийн үеэр хэлсэн үгэндээ “Монголын ард түмэн 25 жилийн өмнө буюу 1990 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Ардын Их Хурлын 430 депутатыг сонгох болон Улсын Бага Хурлын 53 гишүүнийг сонгох анхны чөлөөт, ардчилсан сонгуульд оролцсон юм. Энэхүү сонгууль Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн 2 танхим бүхий парламентыг сонгож, Ардын Их Хурлын депутатыг 1 мандат бүхий 430 тойргоос буюу мажоритар тогтолцоогоор, Монгол Улсын анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлаа сонгуульд оролцохоор бүртгүүлсэн намуудын төлөө санал өгч пропорциональ тогтолцоогоор сонгосон юм.

Энэ сонгууль 1990 оны цагаан морин жил өрнөсөн Монголын ардчилсан хувьсгалын ялалтын үр дүнд монгол хүн сонгох, сонгогдох эрхээ анх удаа эдэлсэн түүхэн өдөр байлаа. Ардчилсан сонгуулийн үр дүнд байгуулагдсан Улсын Бага Хурал шинэ Үндсэн хуулийг боловсруулж, 1992 онд Ардын Их Хурлаар батлуулсанаар төр засгийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, Монгол Улс зах зээлийн эдийн засаг бүхий шинэ нийгмийн харилцаанд эргэлт буцалтгүй шилжин орсон түүхтэй.

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд сонгуулийн хууль эрх зүйн орчин боловсронгуй болж, Монгол Улсын Их Хурлын сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль өөрийн бие даасан хуулийн дагуу тус бүр 6 удаа зохион байгуулагдсан.

2012 оны Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль шинэчлэгдэн батлагдсан хуулийн дагуу эрх зүйн шинэ орчинд зохион байгуулагдаж анх удаа сонгогчийн санал авах, тоолоход сонгуулийн автоматжуулсан техник хэрэгсэл ашиглаж, сонгогчийг хурууны хээгээр нь бүртгэх, гадаад улсад байгаа иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ сонгуульд оролцох боломжийг бүрдүүлж чадлаа.

Монгол Улс түүхийн асар богино хугацаанд иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулж сонгуулийн ардчиллын олон жилийн түүх, уламжлалттай улс орнуудтай эн зэрэгцэн алхаж байгаадаа баяртай байна. Тийм ч учраас Монголын анхны чөлөөт ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн арга хэмжээнд 5 орны 70 зочид төлөөлөгчид оролцож байна. Та бүхэнд амжилт хүсье” гэв

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн видео мэндчилгээндээ “Монгол Улсын  ардчиллын 25 жилийн ойг Та бүхэнтэй хамт тэмдэглэж буйдаа бахархалтай байна. Улс орныхоо ардчиллын замналд шийдэмгий, тууштай хувь нэмрээ оруулж буй Монголын ард түмэнд баяр хүргэе!

Монгол Улсад 2009 онд хийсэн мартагдашгүй айлчлалынхаа үеэр ардчиллын тийм ахиц дэвшлийг би өөрийн биеэр мэдэрч байсан. Та бүхэн улс орныхоо улс төрийн тогтолцоо, сайн засаглал, сонгууль, эдийн засгийг улам бүр бэхжүүлэх замаар ардчиллын ололт, амжилтаа баяжуулж байгаад баяртай байна.

Дэлхий дахинаараа ардчилал, хүний эрхийг дээдлэхийн төлөөх үйлсэд Монгол Улс тэргүүлэгч хэвээр байхыг Та бүхнээс хүсч байна. Энэ үйлсэд Монгол Улс манлайлагч байж ирсэнд дахин талархал илэрхийлье. Ардчиллыг бэхжүүлэх, энх тайван, хөгжил, хүний эрхийг хөхиүлэн дэмжихийн төлөөх хүч чармайлтаа цаашид ч үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна. Баярлалаа” гэжээ.

Мьянмарын Холбооны Улсын сөрөг хүчний лидер, Нобелийн шагналт Ан Сан Су Чи видео мэндчилгээндээ “Монгол Улсад анхны чөлөөт ардчилсан бүх нийтийн сонгууль явуулсны 25 жилийн ойг тохиолдуулан Монголын ард түмэнд чин сэтгэлийн баяр хүргэе.

Та бүхэн дэлхий нийтэд өөрийн үүд хаалгаа нээсэн цагаас хойш шилжилтийг гайхалтайгаар хэрэгжүүлж чадсан билээ.  Үүнийг би 2013 онд танай оронд айлчлах үеэр өөрийн нүдээр харсан. Та бүхэн мэдээллийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангах талаар дэлхий нийтэд үлгэр жишээ болохоос гадна ардчиллын замыг шантралгүй даван туулж болохыг харуулж чадсан.

Дэлхийн олон улс орон бүтэлгүйтэж, захиргаадалтын дэглэмд эргэн буцаж, эсвэл захиргаадалтын дэглэм  болон ардчилал хэмээн нэрлэсэн холимог дэглэмд төөрөлдөн жинхэнэ ардчиллын замаасаа ухарч байсан.

Гэвч та бүхэн хүний эрх, ардчиллын үнэт зүйлийг үнэн шударгаар дээдэлдэг замыг эргэлт буцалтгүй сонгон явсан.  Үүнд бид та бүхнээр бахархаж байна. Бид ч мөн жинхэнэ ардчилсан нийгмийг өөрийн оронд бий болгох хүсэл эрмэлзэлтэй байсан юм.

Та бүхний амжилт бидэнтэй төстэй бусдыг мөн амжилтад хүрэхэд тус болно гэдэгт итгэж байна. Үүнд би та бүхэнд баяр хүргэхийн зэрэгцээ талархал илэрхийлье.

Та бүхэн ардчилсан нийгмийн өмнө хүлээсэн үүрэг амлалтын хүрээнд илүү их эрх чөлөөг олж авахын төлөөх бүтээн байгуулалтуудыг үргэлжлүүлнэ гэдэгт миний бие итгэл төгс байна. Та бүхэн ололт амжилтын гараагаа үргэлжлүүлнэ гэдэгт би бүрэн итгэлтэй байгаа бөгөөд миний бие танай оронд дахин олон удаа зочилж, өөрийн биеэр энэхүү ахиц дэвшлийг олж харах боломж гарна хэмээн найдаж байна.

Та бүхэндээ сайн сайхан бүхнийг дахин хүсэн ерөөе. Ардчиллын үнэт зүйлээр захирагдах ертөнцийг бий болгоход чиглэгдсэн замыг та бүхэнтэй хамтдаа туулах хүсэл эрмэлзлээр бид дүүрэн байна” гэсэн байна.

Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн сайд Лоран Фабиусаас ирүүлсэн видео мэндчилгээнд “Монгол Улс анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн баяраа тэмдэглэж байгааг тохиолдуулан Монгол Улсаар бахархаж, Бүгд Найрамдах Франц Улсын нэрийн өмнөөс нөхөрсөг мэндчилгээ хүргэж байна. Монгол Улсын ардчилал 20 гаруй жилийн хугацаанд бэхжиж, 1990 оноос хойш туулж ирсэн замыг нь магтан мэндчилэх ёстой.

Монгол Улс хүний эрхийн хүрээнд 2012 онд цаазаар авах ялыг халсан Ази тивийн анхдагч улс болсон. Монгол Улсын энхтайван, тогтвортой хөгжил, олон талт хамтын ажиллагааны нэг тод жишээ бол та бүхний НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд нэгдэн орсон явдал билээ.

Франц Улс Азийн орнуудаас хамгийн анх Монгол Улстай улс төрийн харилцаа тогтоосон нь тэртээ 800 жилийн түүхтэй. Нэн эртнээс улбаатай Франц, Монголын харилцаа 1990 онд Монгол Улсад ардчилсан хувьсгал ялснаас хойш улам бэхжиж, сүүлийн жилүүдэд хөгжлийн шинэ түвшинд хүрээд байна.

Энэ онд манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Франц, Монголын найрсаг харилцаанд шинэ үеийг нээсэн бөгөөд цаашид бид хоёр талын харилцааг иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзэлтэй буйгаа үүгээр илэрхийлье. Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгчийн нэгэн адил миний бие Франц, Монголын харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхийг нэн чухалчилдаг” гэжээ.

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Хайнц Фишер видео мэндчилгээндээ “Бид өнөөдөр  Монгол Улсад анхны чөлөөт ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ойн баярыг тэмдэглэхээр хуран цуглаад байна. Энэхүү баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэх завшаан тохиож буйд миний бие баяртай байна.

Монгол Улс, Австри Улс нь уламжлалт найрсаг харилцаатай билээ. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноор өдгөө 52 дахь жилтэйгээ золгож байгаа бөгөөд харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжсөөр байна.

Бид Монгол Улсын ардчиллын хөгжлийг ажигласаар ирсний хувьд Монгол Улсад анхны чөлөөт ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн баярыг Та бүхэнтэй хуваалцаж, өнгөрсөн 25 жилийн ололт, амжилтыг эргэн дурсаж байгаадаа туйлын баяртай байна.Манай хоёр улсын хоорондын улс төр, эдийн засаг, соёлын салбарын харилцаа маш сайн хөгжиж байна. Миний бие Австри Улсын Үндэсний хурлын даргын хувиар Монгол Улсад 13 жилийн өмнө хийсэн албан ёсны айлчлалаа эргэн дурсахад нэн таатай байдаг.

Монгол Улс нь Австри Улс зэрэг Европын улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж буйд баяртай байна. Энэхүү ойн баяр нь Та бүхний ололт амжилтыг илтгэх тэмдэглэлт үйл явдал байх төдийгүй Монголын ард түмэнд гүн сэтгэгдэл төрүүлэх нь эргэлзээгүй” гэсэн байна.

Европын комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкерийн видео мэндчилгээнд “Өнөөдөр бид Монгол Улсын анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойг тэмдэглэж байгаатай холбогдуулан Монголчууд Та бүхэнд баяр хүргэе. 25 жилийн өмнө анхны ардчилсан сонгууль болж, өнөөдөр жирийн үзэгдэл мэт харагдаж байгаа нь Монгол Улсын ололт амжилт юм. Энэхүү сонгууль нь Монгол Улсын хувьд түүхэн үйл явдал болсныг бид мэднэ. Хүнд бэрхшээлтэй олон арван жилийг даван туулсны дараа болсон Монголын тайван ардчилсан хувьсгал танай амжилтын бодит нотолгоо билээ.

Анхны ардчилсан сонгуулийн ойд баяр хүргэх ялдамд тэр үед тогтоосон манай хоёр талын харилцааг дурдахыг хүсч байна. Монгол Улс миний зүрх сэтгэлд ойр байдаг. Монгол Улсын ардчилсан шинэчлэлийн дараа Европын Холбооны гишүүн орноос Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн анхны Ерөнхий сайд байсныг Та бүхэн санахгүй байж магадгүй, харин би хэзээ ч мартахгүй.

Миний бие саяхан найз, дүү Ц.Элбэгдоржтой уулзах үеэр Европын Холбоо, Монголын хоёр талын харилцааг хэрхэн гүнзгийрүүлэх талаар санал солилцсон. Талууд хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах их сонирхолтой байсан. Танай Ерөнхийлөгч бид хоёр хамтын ажиллагааг бэхжүүлснээр Монгол Улс болон Европын Холбооны эдийн засаг, ялангуяа ард түмэнд өгөх тусын талаар ярилцсан.

Олон зууны турш Монгол Улс нь Ази тивийн чухал тоглогч байсан бөгөөд Европ, Азийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Ирэх онд Та бүхэн АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулах бөгөөд энэ үеэр АСЕМ-ын 20 жилийн ой тохионо. Ардчилсан нийгэмд шилжснээс 25 жилийн дараа энэхүү арга хэмжээг зохион байгуулахаар болсон нь Монгол Улс олон улсын тавцанд өндөр байр суурьтай болсны нотолгоо.

Олон хүмүүс Монгол Улсын 800 жилийн өмнөх өв уламжлал, гавьяаны талаар ярьдаг. Харин миний хувьд анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ой нь өнөөдрийн Монгол Улс, агуу, сэтгэл хөдөлгөсөн өнөө үеийн ололт амжилтад хүндэтгэл үзүүлж, мөн тус улсын ирээдүй өөдрөг байна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Миний бие видео бичлэгээр мэндчилж байгаа хэдий ч энэхүү баярт цаг үе болон ардчиллын баярыг та бүхэнтэй хуваалцаж байгаад баяр, бахдалтай буйгаа илэрхийлье” гэжээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гйн Хэ видео мэндчилгээндээ “Монгол Улс Ардчиллын 25 жилийн ойгоо тэмдэглэж буй бэлгэ дэмбэрэлтэй энэ өдөр БНСУ-ын ард түмнийг төлөөлөн баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлэх болсондоо баяртай байна.

Монгол Улс 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш шилжилтийн үеийн хүнд бэрхшээлтэй тулгарсан хэдий ч ардчиллын замыг эргэлт буцалтгүй сонгон явсан билээ. Энэ нь Монголын удирдагч нарын, тэр дундаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гарамгай манлайлал, хатуу итгэл үнэмшил, ард түмний халуун хүсэл эрмэлзлийн хүчээр бий болгож чадсан зүйл гэж бодож байна.

Монгол Улс ардчиллын өөрчлөлт шинэчлэлийг амжилттай хийсэн туршлага нь  олон улсын нийгэмд сайхан үлгэр дууриалал болж байгаа төдийгүй Зүүн хойд Азийн бүс нутагт ардчиллыг дэлгэрүүлэх, энхтайвныг тогтооход томоохон хувь нэмэр оруулна гэж итгэж байна.

Монгол Улс Ардчиллын 25 жилийн ойгоо тэмдэглэж буй энэ онд БНСУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой мөн тохиож байна.

Солонгос, Монголын ард түмэн гарал үүсэл, соёлын хувьд ч гүнзгий хэлхээ холбоотой бөгөөд энэхүү онцгой хэлхээ холбоонд тулгуурлан хоёр орны харилцаа өргөжин хөгжиж ирсэн билээ.

“Дуслыг хураавал далай” гэдэг Монголын сайхан зүйр үг байдагтай адил цаашид ч хоёр орны хүчин чармайлт нэг нэгээр нэмэгдсээр хамтдаа цэцэглэн хөгжих их үйлсийн замаар мөр зэрэгцэн явна гэдэгт итгэлтэй байна.

Монголын Ардчиллын 25 жилийн ойг тохоилдуулан дахин баяр хүргэж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Танд эрүүл энхийг, Монголын ард түмэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.

Хүндэтгэлийн хурлыг хааж хуралдааныг даргалагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо,

Юуны өмнө, Монголд өрнөсөн ардчиллын явцын шууд үр дүн нь болсон Монголын анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойд зориулсан олон улсын Хүндэтгэлийн хуралд хүрэлцэн ирж, оролцсон Та бүхэнд гүн талархал илэрхийлье. Та бидний дунд 25 жилийн өмнө яг энэ өдөр Төрийн түшээгээр сонгогдож байсан хүмүүс, сонгуулийн сурталчилгаанд идвэхитэй оролцож байсан, сонгуульд саналаа өгөх гэж эртлэн босч дээлээрээ гоён Сонгуулийн санал хураах байр руу сэтгэл хөвөлзөн очиж байсан хүмүүсийн төлөөлөл, бас залуу манай үейинхэн, мөн өнгөрсөн 25 жилд Монголчуудын шинэ сонголтыг хүндэтгэн дэмжиж, ойлгож, бас дэмжин тусалж ирсэн улс орнуудын төлөөлөгчид, олон улсын байгууллагуудын хүндэт зочид төлөөлөгчид, Монголд суугаа дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөл, чөлөөт хэвлэл мэдээллийн байгууллагын өргөн төлөөллүд энд хуран цуглсанд баяртай байна.

Өнөөдөр бид Ардчилсан анхны сонгуулиас хойшхи Сонгуультай холбоотой олсон амжилт ололт, бас алдаа оноо сургамж, цаашид анхаарах, бодох асуудлын талаар хөндөн ярилцлаа. Үндсэн илтгэл тавьсан Монгол Улсын Ерөнхий сайд, манай улсын ардчиллын зам, сонгуулийн талаар өөдрөг сайхан үнэлгээ өгч урам хайрласан хүмүүс, гадаадын төр засгийн болон олон улсын байгууллагын удирдагчид, Монголын анд нөхдөд гүн талархал илэрхийлье.

Өнөөдрийн Хүндэтгэлийн хурлын илтгэл, хүмүүсийн хэлсэн үг, мэндчилгээг сонсож байхад өөрийн эрхгүй“Монголчууд бидний ҮНЭТ ЗҮЙЛ юү вэ?” гэж хүн бүрээс асуумаар санагдлаа. Хүмүүс янз бүрээр хариулж болох ч миний  бодлоор Туурга тусгаар, бүрэн эрхт эх орондоо өөрийн эрх дураар амьдрахгэж хариулмаар санагдана.

Нэгэн ухаантан “Түүх унш, түүхээ унш. Түүхэн дотор бүх зүйл бий” гэж хэлсэн байдаг. Тийм ээ, монголчууд бид дэлхийд дэг журам тогтоож, чөлөөт худалдаа, шашин шүтэх эрх чөлөөг тунхаглан дархалж явсан бахархам сайхан түүхтэй боловч бас бидэнд хуваагдал, задрал, сарнил, доройтолд автаж бусдын боол, босгоны зарц болж явсан гунигт түүх ч бий.

Өнгөрсөн ХХ зуун бол Монголчуудын хувьд эрх чөлөө, тусгаар тогнолоо сэргээн тогтоох их тэмцлийн ээдрээтэй түүхийн зуун байсан. 1911 оны Цагаагчин гахай жилийн хувьсгал, 1921 оны Ардын хувьсгал, 1990 оны Цагаан морин жилийн ардчилсан хувьсгал бол нэгэн үзүүрт зорилго, ариун үйлсийн төлөөх их тэмцлийн урт түүхийн эхлэл, үргэлжлэл, залгаас болсон түүхт үйл хэрэг мөн.

Социализмын үед Монгол Улс Олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн болж НҮБ-ийн хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт болон хүний эрхтэй холбоотой олон улсын бусад гэрээ конвенциудад нэгдэж орсон байсан боловч тэдгээрийг бүрэн хэрэгжүүлэлгүйгээр 1990 оны Цагаан морин жилийн хувьсгалтай золгосон. Ардчилсан хувьсгалын үр дүнд л бид дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хүний үндсэн эрх болох үг хэлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх, амьдрах орчноо чөлөөтэй сонгох, төр засгаа өөрсдийн үзэл бодлоор төвхнүүлэн байгуулах зэрэг хүний суурь, салшгүй эрхийг бүрэн эдлэх болсон Энэ бол түүхэн үнэн, түүхэн үйл явдал.

Хүн эх орныхоо түүхийг үнэнээр, бүтнээр мэдэх тусам, тэр хэмжээгээр эх орон, эрх чөлөөнийхөө үнэ цэнийг мэдэх, мэдрэх, түүнийг хайрлах, хамгаалах, ихийг сурах, бүтээх эрмэлзэлтэй болдог, эх оронч болдог гэж би боддог. Тэгвэл өнөөгийн болон хойч үеийнхэний маань мэдэх, мэдэж байх түүх бол 1990 оны 7 сарын 29-ний өдрөөс эхэлсэн Ардчилсан сонгуулийн түүх мөн. Монгол Улсын ЗГ саяхан энэ өдрийг Бүрэн эрх, ардчилсан сонгуулийн өдөр болгохоор шийдвэрлэсэнд гүнээ талархаж, баяр хүргэж байна.

Ардчилал, чөлөөт зах зээлийн сонголт  бидэнд сонгох, сонгогдох эрх, эрх эрх чөлөөнөөс гадна бүтээх, сэдэх, сэтгэх эрх чөлөө, урд өмнө байгаагүй асар их боломжуудыг шинээр нээж өгсөн. Түүнийг ашиглаж чадвал ямар амжилтанд хүрч, юу бүтээж болдогийг бизнес эрхлэгч Чадраабал, малчин Дамбийжанцан, ахмад багш Зуунннаст гуай нарын хэлсэн үг, тэдний амьдралаас бид харлаа.

Ардчилал, ардчилсан сонгууль бол нэг талаасаа эрх чөлөө, нөгөө талаасаа боломж, бүр нөгөө тал нь хариуцлагын асуудал юм. Тэгэхлээр Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойгоор бид сургамж, ололт амжилт, бас анхаарах асуудлын талаар ч хөндөн ярилцлаа. Цаашид манай түүхчид,эрдэмтэн судлаачдын хийх, судлах ажил их байна. Тэд эдийн засаг, улс төр, эрх зүй, түүх, нийгмийн гээд олон талаас нь судлах байх. Өнөөдрийн хурал бол түүний эхлэл ч байж болох юм.

Ардчилсан сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох, иргэний сонгох, сонгогдох эрхээ бүрэн утгаар нь эдлэх нөхцлийг улам таатай болгохын зэрэгцээ Засаглалын үр ашигтай, тогтвортой байдлыг хангах шаардлага ч бидний өмнө тулгарч байна.

Манай дэлхий тэнхэлгээ тойрч арай хурдан эргэдэг болсон гэж сүүлийн үед ярих болсон. Даяаршил, ялангуяа Мэдээллийн технологийн дэвшил, хөгжлйин ачаар мэдээллийн хурд, багтаамж нэмэгдэхийн хэрээр манай ард түмний оюун санаа, алсын хараа, ухааны цараа улам тэлж тэдний бизнес, амьдралын хэмнэл улам эрчтэй, хурдтай болж байна. Ийм нөхцөлд Ардчилсан төр засаг маань авьяаслаг, ажилч хичээнгүй ард түмэнтэйгээ нэг баг болон ажиллаж ирэх 25 жилд МУ-ынхаа Хөгжлийг дараагийн дээд төвшинд гаргахын төлөө цаг хоромтой уралдан ажиллах цаг ирж байгааг бид ойлгох ёстой.  Ойлгож ч байгаа болов уу гэж бодож байна.

Монголчууд бид амны билгээс ашдын билэг гэж ярьдаг. Өнөөдрөөс хойш 25 жилийн дараа ардчилсан сонгуулийн 50 жилийн ойг 2040 онд тэмдэглэх байх. Тэр үед манай улсын хүн ам 5 саяд хүрчихсэн, нэг хүнд ноогдох ДНБ 50,000 ам доллар давчихсан, дундаж наслалт 75 хүрсэн үлгэр жишээ ардчилсан, байгальд ээлтэй хөгжилтэй, хөгжлийн гайхамшгийг бүтээсэн дэлхийн хүн бүрийн үзэхийг мөрөөддөг, тийм сайхан улс болсон байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Тийм улс болох боломж бий. Биднээс л шалтгаална.

Та бүхэнд баярлалаа. Дахин уулзах хүртэл баяртай” гэлээ.

Үүгээр хүндэтгэлийн хурал өндөрлөв.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд саад учруулж буй байгууллага, албан тушаалтнуудыг зарлалаа

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан …