“Түмэн бумбаны тахилга”-аас хийсэн сурвалжилга

11778024_788552901261268_469042755_nНар, хур нь тэгширсэн зуны налгар сайхан өдөр Налайх хотын Сайн Номуун хийдэд “Түмэн бумбаны тахилга” энэ сарын 24-26-ны өдрүүдэд гурван өдрийн туршид үргэлжлэн явагдаж өндөрлөлөө.

Орон гэрт буян хишиг өнө удаан тогтож, гарзын үүд хаагдаж, өвчин зовлонгүй, нас буян, хийморь лундаа дэлгэрч, тэнгэр, лус хүмүүний идээ ундаа, эд, эдлэл төгс арвижан, энэ хойтын жаргал бүтэх тустай хэмээн бумбыг эртнээс нааш тахин шүтэж иржээ.

11787453_787954407987784_189640064_nГэвч нэг хэсэг үе дамжигдан ирсэн бумбатай хүн ховордож, ном журмын дагуу тахин шүтэх нь багассанаас мартагдаж орхигдсон байна. Тэгвэл энэ арга хэмжээг Сайн Номуун хийдээс сэргээн жил бүр уламжлал болгон хэвшүүлжээ.

Үүний үр дүнд сүсэгтэн олны дунд  бумбаны тахилга дахин сэргэж, айл өрх бүр бумбатай болжээ. Эд зүйлс болон эрдэнэс, рашаан, ус зэргийг агуулан хадгалдаг амсар, хүзүү, ходоод, суурь бүхий эрдэнэсийн сав болох Бумбыг нандигнан дээдэлж, зөв тахин шүтэж хадгалж хамгаалах хэрэгтэй гэдгийг Налайх хотын Сайн Номуун хийдийн хамба лам С.Нэргүй онцолсон юм.

26995Сайн Номуун хийдийн хамба лам С.Нэргүй:

-Энэ жилийн түмэн бумбаны тахилгын арга хэмжээний онцлог юу вэ? 

-Жил бүрийн 7 дугаар сард уламжлал болгон Сайн Номуун хийдээс бумба тахих үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэ жилийн бумбаны үйл ажиллагаа 07 сарын 24-нээс 27-ныг хүртэлх 3 хоногийн хугацаанд үргэлжлэн явагдаж өндөрлөлөө. Бумба нь дотроо олон янз төрөлтэй байдаг. Бид энэ жил Намсрай, Гонгор, Замбала, Ногоон Дарь эх, Лусын, Эдийн гэсэн 6 төрлийн бумба тахиж байгаа. Энэ жилийн тахилгын хамгийн чухал онцлог гэвэл Энэтхэгийн Гомон дацангаас эрдэм мэдлэгтэй лам нар ирж оролцож байна. Мөн Гомон дацангийн их хувилгаан Ренбүүчи Күндэлин өөрийн биеэр морилж сүсэгтэн олонд адис авшигаа хүртээж буй хэрэг юм.

-Бумба тахисны гол ач холбогдол юу вэ?

-Манай хийдээс Бумба тахилгын арга хэмжээг зохион байгуулж байгаагийн хамгийн гол зорилго нь бумбаны талаарх ойлголт мэдэгдэхүүнийг сүсэгтэн олондоо нэн тэргүүний зорилготой. Учир нь орчин үед бумба тахьдаг шүтдэг хүн их олон болсон байна. Хамгийн чухал нь бумба тахин шүтэж байгаа хэдий ч утга учир, мөн чанарыг нь ойлгож, мэдэж байж шүтэх ёстой.

Ямар бурхны бумба тахьж байгаа гэдгээсээ шалтгаалаад гол утга учир ач холбогдол нь өөр л дөө. Гэхдээ бумбыг тахиснаар айл гэр орон элэг бүтэн эрүүл энх, амгалан тайван байж, сайн сайхан бүхэн дээш цэцэглэн дэвжихийн ерөөлтэй.

-Бумбаны тахилгыг өөр хийдүүдэд хийдэг байх. Танай хийдийн бумба тахилгын үйл ажиллагааны онцлог юу вэ? 

-Манайх жил болгон уламжлал болгон зохион байгуулаад хэвшиж байна. Ганц нэг хийдүүд хийж байгаа байх. Энэ тахилгыг ном, ёс журмын дагуу хийдгээрээ гол онцлогтой юм.

11793322_788552567927968_1914583523_n11780635_788552177928007_612171925_n

Энэ жилийн түмэн бумбаны тахилга арга хэмжээнд Энэтхэгийн эрдэм мэдлэгтэй лам нар оролцож хот хөдөөгөөс хурсан сүсэгтэн олонд адис авшигаа хүртээн, ном сургуулиа айлдсанаараа онцлогтой юм.

Өмнөх төрөлдөө 9 дүгээр Богдтой багш шавийн барилдлагатай байсан гэх Энэтхэгийн Гоман дацангийн Ринбүчи Күндэлин өөрийн биеэр заларч 3 өдрийн бумба тахилгын арга хэмжээнд оролцлоо. Түүний сэтгэгдлийг уншигч олондоо хүргэе.

Энэтхэг улсын Гомон хийдийн их хувилгаан Гүндэлин Ренбүчи:

11777980_787953081321250_929005787_n-Монгол оронд тавтай морилж байна уу? Манай уншигчдад та өөрийгөө товч танилцуулна уу? Монголд хэд дэх удаагаа морилон саатаж байна вэ?

-Миний нэрийг Гүндэлин Ренбүчи гэдэг. Энэтхэгийн Гомон хийдэд хурал ном хурж, эрдэм номоо дээшлүүлж байдаг. Монголд 3 дахь удаагаа ирж байна. Хамгийн анх 9 дүгээр Богдын барилдлагаар ирж байсан. Миний бие урьд төрөлдөө 9 дүгээр Богдтой багш шавийн барилдлагатай байсан.  Мөн дараа нь Богдыг таалал бариад  занданшуулах ажилд ирж оролцсон. Харин Сайн номуун хийдэд 2 дахь удаа зочлон ирж байна.

-Бумбыг тахин шүтэж, дээдлэн хүндэтгэхийн гол утга учир юу болох талаар тайлбарлана уу?

-Увдис жанлав бүхий олон жилийн уншлагатай ховор нандин зүйлийн уншлага ном хийж бүтээж гаргасан зүйлийг бумба гэдэг. Олон төрлийн бумбаны тахилга байдаг. Тухайлбал эдийн буюу эдийн тэнгэрээр тахин шүтсэн бумба, Намсрай буюу буян хишгийн тэнгэрээр тахьсан бумба, Нас буян арвижуулах бумба гэх мэтчилэн дотроо олон төрөл бий. Ерөнхий гол утга нь айл гэр болон албан байгууллага бумбыг тахин шүтэх нь өөрсдөд буян хишиг арвижуулах, гарз гарлагын үүд хаагдах, нас буян арвижиж гэр орон, ах дүүсээрээ өвчин зовлонгүй байх, эв найрамдалтай байхын бэлгэдэл болж, сайн сайхнаа, буян хишгээ дуудаж хадгалж байх зүйлийг бумба болгож гэртээ шүтэн залж байдаг учиртай юм.

Ихэнх бурхад өөрсдийн буян хишгийн бумбатай байдаг. Тиймээс сайн сайхныг бүтээж, элдэв муу зүйлээс хамгаалж өөрсдөө болон хойш хойшдынхоо үр хүүдэд бумбыг тахин шүтэж хадгалуулж, уламжлуулж явбаас тэр айлын ур урдын буян хишиг үр хүүхдэд өвлөгдөж үлддэг юм. Тийм учраас бумбыг тахин шүтэж гэр орондоо залсан хүмүүс ариун нандин хадгалж, хамгийн түрүүнд бумбаа залан бүтээхдээ дотор нь орох ёстой шаардлагатай тэр ховор нандин зүйлсийг заавал багтаасан бумбыг шүтэж байх хэрэгтэй. Мөн бумбыг уншиж бүтээж тарныг нь хийж байгаа лам нар ариун ёсны лам байх буюу ариун ёсны дагуу бумбыг бүтээж уншлага ном хийх ёстой байдаг. Тэгж байж тэр айлын шүтэж байгаа бумба ном ёсны дагуу бүтээгдэж ариун нандин шүтээн болж гэр оронд залагдах учиртай юм.

-Бумба тахих үйл ажиллагаа хаанаас гаралтай вэ? Хэдийнээс тахин шүтэж ирсэн бэ?

-Бумбыг тахих ёс урд урдаасаа олон зуун жилийн түүхтэй. Түвд Монголын урьд урьдын хутагт хувилгаад, настан буурлууд бумбыг тахин шүтэж ирсэн. Нэг хэсэг завсарлаад мэддэг хүн цөөхөрсөн, ном ёсны дагуу хийдэг лам нар ховордсон, өв дамжлагдаж ирсэн бумба их цөөхөн болсон учраас бумба тахих ёс нэг хэсэг тасрах тийшээ хандсан. Сүүлийн 20-оод жилээс эхлээд дахин Түвд, Монгол гэлтгүй бумбыг тахин шүтэж, сэргээж, гэр орондоо залах ажил эргэж сэргэж байна. Энэ хугацаанд айл өрх, хүн бүр бумбатай болжээ. Гэхдээ бумбыг зөв ном ёсны дагуу шүтэх нь хамгийн чухал юм.

11802193_787953981321160_692141978_n

Ийн сүсэгтэн олон, ард иргэдийн залан тахин шүтэж ирсэн бумбыг тахих тахилгын үйл ажиллагаа Сайн Номуун хийд дээр 2015 оны 07 сарын 12-ны өдөр эхэлсэн юм. Түмэн бумбаны тахилгын нээлтийн үйл ажиллагаа морин хуурын айзам эгшигөргөж, МУГЖ Эрдэнэцэцэг “Үлэмжийн чанар”, “Дөрвөн цагийн тал” зэрэг уран бүтээлээ өргөлөө.

11791681_787954084654483_65089058_nЕсөн хүслийн учрал, чандмань эрдэнийн сан, хүмүүний заяаг тэгшитгэх түмэн бумбыг аравнайлан тахих арвин үйлсийг тэнгэр хурмаст лус савдаг таалж, хур бороо хайрлаж байна хэмээн сүсэгтэн олон ам сайтай байсан юм.

“Түмэн бумба тахих ёслолд”-д оролцогч, МУСТА, жүжигчин Б.Эрдэнэцэцэг:

11793410_787952981321260_1343588706_n-Таны хувьд сэтгэгдэл хэр байна. Өмнө нь бумбаны тахилгад оролцож байв уу? Бумба тахисны ач холбогдлыг юу гэж ойлгож байна вэ?

-Урьд нь бумбаны тахилгын талаар сонсож байсан. Энэ жилээс анх удаагаа оролцож байна. Энэтхэгээс олон сайхан эрдэм мэдлэгтэй лам нар ирж оролцож ном уншлагаа уншиж байна. Миний сонсож мэдсэнээр Амарбаясгалан, Сайн Номуун хийд 2 тарьдаг юм шиг байна. Бумбаа энэ жил тахиулснаар цаашдаа жил бүр бумбаа тахиулж, дээдэлж шүтэж байх ёстой гэсэн ойлголт авлаа. Бумба дотроо янз бүрийн төрөлтэй юм байна. Бүгд нэг зүйлийг даатгаж явдаг учиртай. Бумба тахиснаар 6 зүйл хамаг амьтны тусын тулд, өвчин зовлонгүй эрүүл энх, эд баялагтай, энх мэнд байхын тэр хүчтэй шившлэгүүд хийгддэг. Миний ойлгосноор үүнийгээ шүтэж, нандигдан дээдэлж, үе дамжуулж өвлүүлж явах ёстой гэж бодлоо. Хүн хэр хэмжээгээр дээдэлж тахин шүтнэ төдий чинээгээр тэр айлын буян заяа нь даатгагдаж тэтгэгдэж явдаг байх гэж бодлоо.

-Сэтгэгдлээ хуваалцсанд баярлалаа. 

11774359_787953997987825_1442299883_n

Тахилгын 2 дахь өдөр Энэтхэгийн Гоман дацангийн их хувилгаан Ринбүчи Күндэлин, “Ямантак” буюу “Жигжид” бурхны ван, авшиг хүртээх эхний өдрийн сургааль ном айлдаж сүсэгтнүүдэд замбага цэцэг, гүш өвс, зангиа, тууз зэргийг тарааж зүүдээ манаж хонох сургаалийг тайлбарласан юм.

11774502_787954311321127_1611461365_nЭдгээрийг хүртсэн сүсэгтэн тухайн өдрийн зүүдээ манаж хоноод дараа өдрийн үргэлжлэх уншлаганд ван хүртэх учиртай юм. Күндэлин Ринбүчи энэ өдөр мөн сүсэгтэн олонд зориулж “Цэван” буюу насны авшиг хүртээх ном айлдлаа.

Харин тахилгын сүүлийн өдөр “Ямантак” бурхны авшиг ван хүртээхийн зэрэгцээ бумбаны эздэд зориулж Ламын Чодбын “Чогчэд” өргөх уншлага болж тахигдсан бумбануудыг эздэд нь хүлээлгэн өгөв.

11721917_787953817987843_114946486_n3 өдрийн туршид Налайх хотын Сайн Номуун хийдэд явагдсан түмэн бумбаны тахилгын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн сүсэгтэн олонд бумбаны утга учир, тахин шүтэхийн ач холбогдол зэрэг мэдээллийг багтаасан гарын авлага тараахаас гадна сүсэгтэн олондоо бурхны буян номын цагаан хоол өгсөн юм.

Ийнхүү сайн сайхан үйлсийг бэлгэдэн дээдэлж, тухайн өрх гэр, хотол түмний хүндэтгэлийн дээд болсон түмэн бумба тахих арга хэмжээ тэнгэр хурмаст нар, хураа тэгш сайхан хайрласан гурван өдөрт явагдаж төгсгөлд нь Улаанбаатар чуулгын уран бүтээлчдийн  хүндэтгэлийн тоглолтоор албан ёсоор өндөрлөв.

11793316_788552551261303_669985609_n

Г.Туяа

Эх сурвалж: www.undesten.mn

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …