Нүүдэллэн ажилласан шүүхэд баярлалаа

Хэнтий аймаг дахь шүүх Өмнөдэлгэр суманд нүүдэллэн ажиллаж, малын хулгайн хэргийн шүүх хуралдааныг олон нийтэд нээлттэй хийсэн нь сумын иргэдийн талархлыг хүлээсэн арга хэмжээ боллоо. Иргэдийн талархсан сэтгэгдлийг хүргэж байна.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Тамгын газрын дарга н.Баярмаа:

 Манай суманд Хэнтий аймгийн Сум дундын 28 дугаар шүүх ирж, ажиллаж үйл ажиллагаагаа танилцуулж нүүдэллэн ажиллаж байна. Энэ нь иргэдэд ойртсон, мэдээ, мэдээллийг газар дээрээс нь авах боломж олгосон маш үр дүнтэй ажил боллоо. Өмнөдэлгэр суманд малын хулгайн гэмт хэрэг их гардагтай холбогдуулан энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, шүүх хуралдаан хэрхэн явагддаг талаар таниулсан нь ард иргэдэд чиглэсэн ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.

Шүүх ба олон нийт хөтөлбөр” хэрэгжиж эхэлсэн нь ард иргэддээ илүү ойртсон, шүүх байгууллагын талаар иргэд илүү их мэдээлэл олж авах боломж олгосон үйл ажиллагаа учраас цаашид тасралтгүй хэрэгжиж, ард иргэддээ улам бүр ойртож ажиллана гэдэгт итгэж байна.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга н.Батболд:

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум бол газар нутгийн хувьд томоос гадна улсын хэмжээнд малынхаа тоогоор хоёрдугаарт ордог гэдэг утгаараа малын хулгайн хэрэг их гардаг. Тийм учраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хэсэг орон нутагт ажиллаж, малын хулгайн эсрэг тэмцэх ажил өрнүүлдэг. Жил болгон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулж байна. Малын хулгайн хэргийг таслан зогсоохын тулд цагдаа, шүүхийн байгууллагатай бид хамтран ажилаж байна. Шүүхийн шүүн таслах ажиллагааг орон нутагт хийсэн нь үр өгөөжтэй ажил боллоо. Анх удаагаа манай суманд ирж шүүх хурал хийлээ. Шүүх хурлыг нээлттэй хийж байгаад сэтгэгдэл өндөр байна. Цаашид малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд орон нутагт шүүх хурлыг нээлттэй хийхийг дэмжиж, хамтарч ажиллах боломжтой юм байна.Шүүх ба олон нийт хөтөлбөр”-ийн хүрээн дэх нүүдэллэн ажиллаж, хэрэг маргааныг тухайн орон нутагт шийдвэрлэх нь ард иргэдэд шүүхийг ойртуулсан, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар маш сайн мэдээлэл өгсөн чухал хөтөлбөр юм байна.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар багийн иргэн Г.Маамуу:

Би Сум дундын 28 дугаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хүсэлт гаргасан юм. Нэхэмжлэлийг маань газар дээр нь ирж шуурхай шийдэж өгсөнд баярлаж байна. Сум дундын 28 дугаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд оролцож, хоёр тал хохиролгүй болж байгаад баяртай байна.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Талын булаг багийн иргэн Д.Эрдэнэ-Очир:

Би Сум дундын 28 дугаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид их баярлаж байнаа. Өмнөдэлгэр суманд ирж зээлийн маргааныг шийдэж өгсөн нь бидний зардал, цаг хугацааг хэмнэсэнд маш их баярлалаа.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багийн иргэн н.Эрдэнэ:

Сум дундын 28 дугаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хүсэлт гаргаж байна. Шүүх нь хөдөө орон нутагт маань ирж ажиллаж байгаад маш таатай байна. Би 1 цагийн дотор бүрдүүлж өгөх материалуудаа бүрдүүлээд өгсөн. Цаашид миний нэхэмжлэлийг хурдан шийдэж өгөх байх. Хүмүүсийн хооронд янз бүрийн маргаан байдаг. Тэр болгонд шүүх хандах боломж байдаггүй. Манай суманд ирж ажиллаж байгаад маш их баярлалаа.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Соёлын төвийн номын санч Д.Шинэтуяа:

 Сум дундын 28 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүх манай суманд ирж ажиллаж байгаатай холбогдуулан тараах материалуудыг гаргасан байна. Энэ материалд шүүхэд нэхэмжлэл гаргах талаар тодорхой заасан байна. Жишээ нь ажилласан жил тогтоолгох нэхэмжлэл гаргахад энэ загварыг харж, нэхэмжлэлээ бичих боломжтой юм байна. Бид иргэдэд шүүхэд хандах эрхийг нь таниулах үүднээс энэхүү нэхэмжлэлийн загварыг сумынхаа соёлын төвд байршуулж тавина. Цаашид сумын иргэд загвар баримтыг ашиглаад ямарваа нэгэн нэхэмжлэлийг шүүхэд гаргахад заавал хуулийн мэдлэгтэй ч юм уу, эсвэл шүүхээс энэ талаар асуугаад байх шаардлагагүй өөрсдөө энэ загвараа хараад бичих боломжтой юм байна. Шүүх иргэдэд илүү ойртож байгаад баярлаж байна.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын өндөр настан н.Рагчаабазар:

 Сум дундын 28 дугаар шүүх манай суманд ирж малын хулгайн гэмт хэргээр нээлттэй шүүх хуралдаан хийсэн нь их үр дүнтэй ажиллагаа боллоо. Манай хөдөө мал аж ахуй эрхэлдэг өрхүүдийг голыг нь харлуултал л малыг нь хулгайлах юм. Энэ мэтчлэн ахиж шүүх хуралдаан хийх нь их үр өгөөжтэй иргэдэд нэгийг боддогдуулсан ажиллагаа болж байна. Мөн Өмнөдэлгэр суманд модны хулгай ихсэх хандлагатай байгаа учраас энэ төрлийн гэмт хэрэг дээр мөн нээлттэй шүүх хуралдаан хийх нь зүйтэй гэж бодож байна. Шүүхийн байгууллага шинэчлэгдсэнээр иргэддээ илүү ойртож илүү нээлттэй болж байгаад баярлаж байна.

Э.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээлэл

Comments are closed.