Налайхын сонгуулийн ”луйвар”

luivar614

6 сарын 14-ны өдөр Налайх хотын захирагчийн сонгууль болж өнгөрсөн. Тус сонгууль нь 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө болж байгаа томоохон сонгууль гэдэг утгаараа олон нийтийн анхаарлын төвд байсан гэхэд болно.

Энэ удаагийн сонгууль нэг талаас Налайх дүүргийг Нийслэлийн дагуул  Налайх хот болгох шийдвэр гараад төд удалгүй Хотын захирагчийн  сонгууль явагдаж байгаа, нөгөө талаас Хотын захирагчийг сонгох сонгуулийг Сонгуулийн ямар хуулийг барьж явуулах нь  эхнээсээ тодорхой биш байсан нь Налайх дүүрэгт  эрх барьж байгаа АН-ын “эрхэмүүдэд”  хууль зөрчих таатай “хөрс суурийг” бүрдүүлж өгсөн гэж хэлж болохоор болжээ.  Уг нь Захирагчийн сонгуульд нэр дэвшигчид хуулиараа аль нэг нам эвслийн байж болохгүй,  зөвхөн бие дааж нэр дэвших ёстой ч зарим  нэр дэвшигчийн хойно бүхэл бүтэн дүүрэг, хорооны удирдлагууд тэр чигээрээ ажиллажээ.

 Түүнчлэн УИХ-ын болон   Орон нутгийн  өөрөө удирдах байгууллагын сонгуулийн хуулийн дагуу бол нэр дэвшигчидэд сурталчилгааны самбар өлгөх,  тараах материалын хэмжээ, сурталчилгаа явуулах дэг журамтай холбоотой цөөнгүй заалтууд орсон байдаг бол 1994 онд УИХ-ын 59-р тогтоолын хавсралтаар батласан “Хот тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журам”-аар бол нэр дэвчигчийн  сонгуулийн сурталчилгаатай  холбоотой олон эрх зүйн боломжууд   нээлттэй байдаг ажээ.

http://www.legalinfo.mn/annex/details/3143?lawid=6879

Гэтэл Налайх хотын захирагчид нэр дэвшигчдийн зарим нь Налайхыг ёолкны мод адил эрээн алаг болтол нь  сурталчилгаагаа  хөрөнгө мөнгөөр  илүүрхэн  байршуулснаар Сонгуулийн хууль зөрчиж эхлэсэн гэж хэлж болохоор.

 Энэ хэргийг үл тоож орхие гэж бодоход сонгуулийн дүнд нөлөөлөхүйц ноцтой, түүгээр ч зогсохгүй сонгуулийн саналыг  хууль бусаар авахаар оролдсон  гэж үзэх болох хэмжээний гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Налайх хотын Сонгуулийн Нэгдсэн хорооны даргаар ажилласан Налайхын Засаг даргын Тамгын газрын дарга О.Манарбек гэх эрхэм үйлдсэн байна.  Тодруулбал, 6 сарын 14 буюу Захирагчийн сонгууль болохоос 10 хоногийн өмнө Улсын бүртгэлийн  ерөнхий газраас  Налайх хотын Сонгуулин нэгдсэн хороонд ирүүлсэн нэрсийн  жагсаалтын албан бичгийг  тус хорооны дарга О.Манарбек гэх эрхэм дур мэдэн засварлажээ.

11418429_1590748454536451_1072997488_n1

“Хот тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журам”-ын 12-р зүйлд зааснаар бол: “… Сонгуулийн нэгдсэн  хороо сонгогчдын нэрсийн жагсаалтыг санал хураах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө үйлдэнэ” гэж заасан байна. Энэ дагуу сонгууль болох өдрөөс 10 хоногийн өмнө Налайх хот руу илгээсэн нэрсийн  жагсаалт бүхий дээрх  албан бичгийг О.Манарбек дарга 6 сарын 14-ны өдөр ирүүлсэн болгож  зассан байна. Ингэж засах болсны шалтгаан нь:

  1. Сонгууль болох өдөр хүртэл сонгогчдын нэрсийн жагсаалт дээр “ажиллах”
  2. Өөрийн “багийн” хүн болох нэр дэвшигч Ш.Хааны талд санал өгүүлэхийн тулд нэрсийн жагсаалтанд хүн нэмэх, хотоос зөөвөрлөн санал өгүүлэх сонгогчдийг нэрсийг жагсаалтанд нэмж оруулах
  3. Сонгууль болох өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахгүй явуулах, улмаар Ш.Хааныг дэмжих сонгогчдыг  Налайх руу шилжүүлэх
  4. Налайхын Иргэний бүртгэлийн хэлтсийн нээлттэй өдөрлөгийг Захирагчийн сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө зориуд зохион байгуулж, сонгогчийн нэрсийн жагсаалтаас өөрчлөлт оруулах
  5. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж Ш.Хааныг сонгуулах үйлдлийг эхнээсээ зохион байгуулалттайгаар явуулах зорилгыг тус тус агуулж байсан  гэж хэлэх үндэслэл гарч байгаа юм.

Хэрэв  ийм зорилго агуулаагүй бол Захирагчийн сонгууль болох өдрөөс 10 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөнийг хаах ёстой хуулийн заалтыг яагаад зөрчсөн байж болох вэ?

Ингэж зөрчихдөө УБЕГ-аас тэдэнд илгээсэн албан бичгийг засварласнаар УБЕГ өөрөө  хууль зөрчсөн, зөн билгийн шинжтэй шийдвэр  гаргадаг  мэтээр тэднийг  “эвгүй” байдалд оруулснаа О.Манарбек дарга анзаарсангүй. Учир юу гэвэл  УБЕГ-аас 6 сарын 04-ны өдөр илгээсэн албан бичигтээ  6 сарын 14-ны буюу 10 хоногийн дараах иргэдийн  шилжилт  хөдөлгөөнийг  “урьдчилан мэдэж далдыг харж” албан бичгээ илгээсэн мэт нөхцөл байдлыг бий болгожээ.

О.Манарбек даргатай Налайх хотын захирагчийн сонгуулийг явуулах Сонгуулийн нэгдсэн хорооныхон ямар ч үнээр хамаагүй Ш.Хааныг сонгуульд ялуулахыг ийнхүү улайран зүтгэж санасандаа  хүрсэн нь цаана  учиртай.  Ш.Хаан бол  АН-аас дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2012 оны орон нутгийн сонгуулиар сонгогдсон нэгэн. Цаашилбал тэрээр  дүүргийн  Засаг дарга Х.Болдбаатарын багийн найз. Сонгуулийн үеэр ийм “бор шувуу” нисэж байсан нь үнэн бололтой.

unenturh-600x500

2015 оны оны 1 сараас эхлэн Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар болон түүний хамсаатнууд дүүргийн  хэмжээнд  дуудлага худалдаанд оруулалгүйгээр   газар олгож Нийслэлийн төсөвт 17.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан, төсвийн хөрөнгө мөнгийг үр дүнгүй шамшигдуулсан, хувьдаа завшсан байж болзошгүй тухай мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч, улмаар Х.Болдбаатар нарыг АТГ-аас шалгаж, энэ асуудал нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. Иймээс  тэд өмнө нь  хийсэн байж болзошгүй  “хууль бус” үйлдлүүдээ  нэг талаас хав дарах,  нөгөө талаас үлдсэн нэг жилийн хугацаанд үйл хэргээ  цаашид “үргэлжлүүлэх”-ийн тулд өөрийн талын хүн болох Ш.Хааныг  Хотын захирагч болгох  зайлшгүй  шаардлага тулгарсан байна. Эл үйл хэрэгт Налайх хотын Засаг даргын Тамгын газрын дарга О.Манарбек  гэх эрхэм  Захирагчийн Сонгуулийн нэгдсэн хороог даргалан ажиллахдаа ийнхүү хууль зөрчин,  “хамт олон”-доо өөрийн хүчээ өргөжээ.

“Хот тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журам”-ын 19.4-д зааснаар: “Сонгуулийн хорооны гишүүд, бусад байгууллага, албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, хууран мэхлэх зэргээр сонгуулийн журмыг зөрчсөн нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн бол тухайн сонгуулийг сонгуулийн нэгдсэн хороо хүчингүйд тооцож болох тухай хуульчилжээ. Харамсалтай нь албан бичгийг засварлан, сонгогчдын нэрсийн жагсаалтыг будлиантуулсан хүн болох О.Манарбек нь өөрөө Сонгуулийн нэгдсэн хорооны дарга нь юм. Ийм тохиолдолд Сонгуулийн нэгдсэн хороо тухайн сонгуулийг хүчингүй болгох ч шийдвэр гаргахгүй нь хэн бүхэнд ойлгомжтой.

Захирагчийн сонгуульд оролцох Сонгогчдын нэрсийг жагсаалтанд  нөлөөлсөн байж болох энэ үйлдлийнхээ улмаас  тэрээр холбогдох газруудад шалгагдаж байгаа ажээ.

Энэ мэтээр Налайхын  захирагчин сонгууль будлиан, маапаан ихтэй болсон байдаг. Дараагийн удаа бид бусад хууль зөрчсөн үйлдлүүдийн талаарх мэдээллийг баримт дэлгэн уншигчиддаа хүргэх болно.

Ямартай ч ардчилалын үнэ цэнийг уландаа гишгэн,  хууль зөрчсөн хуйвалдаанаар иргэдийн саналыг авч сонгогдсон гэх Налайх хотын Захирагч Ш.Хааныг Нийслэл хотын дарга Э.Бат-Үүл та холбогдох  шалгалт, хяналтын арга хэмжээ нь дуусаагүй байхад яаран сандран батламжлахгүй гэдэгт  итгэж байна.

Хэрэв ингэхдээ тулах юм бол  Э.Бат-Үүл дарга таныг  Налайхын “нисдэг дарга” Х.Болдбаатар  болон  тэдний  “хамсаатнууд”-тай эрх ашгийн хувьд холбоотой гэж олон нийт хардахад хүргэнэ гэдгийг эрхбиш та анзаарч байгаа  бизээ.

А.Гал

Эх сурвалж: Zone.mn

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …