Хуулийн цоорхой: 4,5 тэрбумыг идээд 18 саяыг л төлдөг хууль

143579609955948283a1736

УИХ-ын хаврын чуулган өндөрлөх дөхсөн ч Эрүүгийн хууль тойрсон шуугиан намжихгүй л байна. Олон хурц маргаан өрнүүлсэн Эрүүгийн хууль дуншаад л байна. Өмнөх хууль нь олон хүнийг хэлмэгдүүлсэн, Монголыг хэт шоронжуулах бодлогын золиос болсон гэмээр үйлчилж байгаа нь маргашгүй үнэн.

Одоо үйлчилж байгаа хууль олон хүнийг хэлмэгдүүлэн хохироосон тухай тоо баримт бишгүй их. Үүнээс нэг баримтыг л дурдахад хангалттай. Цэвэр агаар сангийн хэрэг хэмээн нийгэмд бичигдэж үлдсэн энэ хэрэг бол нэгэн тод жишээ. Энэ хэрэгт улсад4.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоосон байдаг.

Тэгвэл 4.2 тэрбумын хохирлыг нь Цэвэр агаар сангийн ерөнхий нягтлан бодогч М.Хулан үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон ба 350 сая төгрөгийн хохирлыг Байгаль орчин Ногоон хөгжлийн яамны ажилтан Д.Цэцэгээ учруулсаныг ч тогтоосон. Харин Цэвэр агаар сангийн захирал Н.Хүрэлсүхэд ажлын хариуцлага алдсан хэмээн 2 жил, улсад 45 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн 5 жилийн ял тус тус оноосон юм. Энэхүү 45 сая төгрөгийн асуудал нь ч бас маргаан дагуулж л байсан. Ямар ч байсан Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар 29 сая төгрөгөөс дээш хохирол улсад учруулсан бол 5-10 жилийн ял өгөх төлөвлөгөөний дагуу Н.Хүрэлсүх 3 жилийг шоронд өнгөрүүлжээ.

Ерөнхий нягтлан бодогчдоо хууртагдаж цагаан цаасан дээр гарын үсгээ зурсан Н.Хүрэлсүх захирлын учруулсан хохирол 45 сая төгрөг хэмээгдэн түүнд бүхэл бүтэн 7 жилийн ял оноосон байдаг нь яах аргагүй одоо үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн алдаа завхралуудын нэг, тодоос тод мөрдөгдөж буй баримт юм. Гэтэлнийгэмд  энэ хэргийг “Цэвэр агаар сангийн Н.Хүрэлсүх нарын хэрэг” хэмээн хэдэн тэрбумаар нь цоллож санаатай санамсаргүйгээр  ярих, бичих болсон нь ял эдэлж хангалттай “шоронжиж” байгаа түүнд  биш юмаа гэхэд ар гэр, ах дүү, нутаг усныханд нь ямар санагдах вэ.

Дахиад л М.Хулантай холбоотой 300 сая төгрөгийн хэрэг шүүхээр орж байгаа хэдий ч бас л Н.Хүрэлсүхээр овоглож шинэ хэрэг үүслээ хэмээн цацагдаж байх шиг.

Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар 29 сая төгрөгөөс дээш хохирол улсад учруулсан бол 5-10 жилийн ял өгдөг. Тэгвэл энэ зүйл ангиар ямар ямар хүмүүс яллагдсан суллагдсан болохыг сонирхож үзэв.

АМХЭГ-ын гэгдэх 106 уул уурхайн лиценз зарж борлуулсан үнэлэх хязгаар байхгүй хэргийн эздэд 5 жил, МИАТ-ын Ч.Хоролсүрэн, Б.Эрдэнэбилэг нарын улсад учруулсан 6.5 тэрбумын хэрэгт 7 жил, Анод банкны Э.Гүр-Аранз 9 тэрбумын хэрэгт 5 жил, ИНЕГ-ын дарга С.Батмөнхийн 1.5 тэрбумын хэрэгт 7 жил, ХААИС-ийн захирал Б.Бямбаа нарын  1 тэрбумын хэрэгт 5.5 жил, Цэвэр агаар сангийн захирал Н.Хүрэлсүхийн  45 сая төгрөгийн хэрэгт 7 жилийн ял тус тус оноосон байдгаас одоогийн байдлаар  ИНЕГ-ын дарга С.Батмөнх, ХААИС-ийн захирал Б.Бямбаа нар өршөөлийн хуулиар суллагдсан байдаг аж.

Гэтэл олон тэрбумын тэр бүү хэл үнэлэх боломжгүй хязгааргүй их хохирол учруулсан хэрэгт энэ зүйл ангиар яллах мөртлөө 45 сая төгрөгийн хэрэгт мөн л 150.3-ийг оноож байгаа нь Эрүүгийн  хуульд гэмт хэргийн чанар, тодорхойлолтыг маш нарийн гаргах  ёстой гэж олон гишүүд үзээд байгаагийн нэг баталгаа юм.

Нэгэнт хуулинд нь 150.3-аар 5-10 жилийн ял онооно гээд заагаад өгчихсөн нөхцөлд шийдвэр гаргаж байгаа шүүгч нарт ч буруу өгөх аргагүй. Тиймээс хуулиа өөрчилж мөнгөн дүнгээр нь тохирсон ял оноохгүй бол Монгол улс шоронжсон улс хэмээн олон улсад цоллуулахад гомдолгүй болох юм.  Ер нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон этгээд учруулсан хохирлоо бүрэн төлсөн л бол заавал шоронд шомбойлгож татвар төлөгчдийн сая сая төгрөгөөр олон жил хооллож ундлах хэрэгцээ байхгүй байлтай.

Нэгэнтээ Цэвэр агаар сангийн хэргийг жишээ болгон дурдсаных энэ хэрэгт гарч байгаа бас нэгэн бусармаг хуудуутай явдлыг сонордуулья. Цэвэр агаар сангийн захирал Н.Хүрэлсүх ажлын хариуцлагын 2 жил, 45 сая төгрөгийн 5, нийт  шүүхээс сонссон 7 жилийнхээ ялын талыг эдлээд дуусаж байхад харин 4.2 тэрбумыг завшсан М.Хулан гэгч өнөөдөр нэг ч хоногийн ялаа эдлээгүй нарсанд биш наранд тарвалзаж явна.

Гэтэл дээрх олон тэрбумтнуудын адил жишгээр яллахад таарсан хэрэг үйлдсэн, тэгээд ч зогсохгүй шинэ шинэ хэрэг нэмэгдэн гарч ирсээр байхад (саяхан л гэхэд 300 сая төгрөгийн луйвар нэмэгдээд  байгаа) хууль хяналтынхан М.Хулан гэгчийг сул явуулж байгаа нь гайхалтай. Тэгэхээр М.Хулан гэгчид хуулийн байгууллагын тэр дундаа цагдаа шүүхийн олон том “ар” байдаг гэдэг нь үнэн бололтой. Сүүлийн үед гэмт хэрэгт холбогдож яллагдах нь тодорхой болсон эмэгтэй хэрэгтнүүд “ялаас бултах”-ын тулд жирэмсэлдэг аргатай болоод байгаа. Энэ аргыг ч М.Хулан гэгч өнгөрөөсөнгүй.

Үүний зэрэгцээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн цоорхойг ч нарийн ашиглаж буй бололтой. Тухайлбал М.Хулан сар бүр 50 мянган төгрөг төлж барагдуулна гэвэл бүх насаар нь төлүүлээд ч олон тэрбумын хохирлыг улс салгаж авч чадахгүй гэсэн үг. Жилд 600 мянгыг төлбөл М.Хулан 30 жилийн дараа улсын мөнгөнөөс идсэн 4.2 тэрбум төгрөгийнхөө 18 саяыг л төлсөн байх жишээтэй.

Гэтэл татвар төлөгчдийн мөнгөөр бохир гараа угаасан энэ эмэгтэй бүхэл бүтэн 6 орон сууцыг ээмэг, бөгж болгон чих, хуруундаа зүүгээд явж байсан, гэрээс нь 97 ширхэг брэндийн гутал гэх мэт асар их хөрөнгө хураагдсан зэргээс харахад яаж тансаглаж байсныг нь батлаад өгнө.

Гэх мэтчилэн М.Хулан нарын дийлдэшгүй шуналын золиосонд олон хүний амьдралыг сүйтгүүлэхгүйн тулд Эрүүгийн хуулинд яаралтай өөрчлөлт оруулах хэрэгтэйг ч энд мөн дахин дурдая.

Б.Анир

zaluu.com

Санал болгох мэдээ

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга …