Гэмт бүлэглэл толгойлогч дэлхийн ТОП долоон эмэгтэй

Гэмт бүлэглэл, мафийн толгойлогчдын тухай ярихад Дон Корлеоне, Тони Сопрано, Аль Пачино зэрэг домогт эрчүүд л санаанд буух. Гэтэл өнөө үед гэмт бүлэглэл удирддаг цөөнгүй эмэгтэй байдаг аж. Тэдгээрээс хамгийн алдартай долоог “Daily Mirror” сонин танилцуулжээ.

1.Клаудиа Очоа Феликс

gang claudia ochoa_700x700

Интернетийн “Instagram” сүлжээнд хагас нүцгэн гэрэл зургуудаа тавьдгаараа алдартай Клаудиа Очоа Феликс гэх царайлаг турьхан бүсгүйг Мексикийн “Лос Антракс” гэмт бүлэглэлийн удирдагч гэж хэний ч санаанд буухгүй.

“Лос Антракс”-ийн удирдагч асан түүний найз залуу Хосе Родриго Аречига Гамбоаг цагдаа нар гурван хүний аминд хүрсэн хэрэгт сэжиглэн баривчилжээ. Үүний дараа Клаудиа Очоа Феликс тус гэмт бүлэглэлийг маш чадварлаг удирдан задралаас сэргийлээд зогсолгүй бүр ч ихээр бэхжүүлэн хүчирхэгжүүлсэн гэнэ.

Онцгой ухаантай, үй олон бие хамгаалагчтай энэ бүсгүйг цагдаа нар баривчлахыг хэд хэдэн удаа оролдсон ч өнөөг хүртэл илрүүлж чадаагүй билээ.

2.Анна Гристина

gang anna gristina_700x700

АНУ-ын гэмт хэргийн ертөнцөд “Дээд Ийст Сайдын хатагтай” нэрээр алдаршсан Анна Гристинаг тус улсын цагдаа нар биеэ үнэлэх газрын сүлжээ үүсгэсэн, хүний наймаа эрхэлсэн хэргээр шоронд хийх гэж олон удаа мэрийжээ. Гэвч Анна Гристинаг ноцтой гэмт хэргүүдэд буруутайг нь нотолж чадаагүй аж.

Тэрээр багахан гэмт хэрэгт үл ялиг тусалснаа хүлээснээр ердөө хагас жил хоригдоод  л суллагдсан байна. Олон хүүхдийн эх тэрээр гэрийн хяналтад байгаа ч АНУ-ыг хэрсэн гэмт бүлэглэлээ далдаар удирдсаар байгаа гэнэ.

3.Рафаэлла Д Алтерио

gang rafaella dalterio_700x700

Италийн хамгийн эртний мафийн нэг Каморраг Рафаэлла Д Алтерио гэдэг эмэгтэй удирддаг байна. Каморрагийн босс байсан нөхөр Никола Пианесе нь өөд болсны дараа тэрээр тус мафийн бүх удирдлагыг гартаа авчээ.

Гурван жилийн өмнө түүний гэрт цагдаа нар нэгжлэг хийн 10 сая гаруй ам.доллар илрүүлэн саатуулсан аж. Каморра мафи сүүлийн 30 жилийн дотор дөрвөн мянга гаруй хүн амины хэрэг үйлдсэн гэж үздэг билээ.

Рафаэлле Д Алтериог хар тамхины наймаа, дээрэм, хуурамч мөнгөний үйлдвэрлэл гээд олон ноцтой гэмт хэрэгт буруутгадаг ч хангалттай нотлох баримт цуглуулж чаддаггүй байна.

4.Жуди Моран

gang judie moran_700x700

Гаднаас нь харахад тэтгэвэрт гарсан гэмгүй эмээ гэмээр Жуди Моран ногоон тив Австралийн хамгийн нөлөө бүхий хар тамхины наймаа эрхэлдэг Мораны бүлэглэлийн удирдагч ажээ. Тэрээр эхлээд тус бүлэглэлийн дээгүүр зиндааны гишүүн Лесли Коулын эхнэр байсан бөгөөд нөхрөө бусдын гарт алуулсны дараа толгойлогч Льюис Морантай гэр бүл болжээ. Льюис Мораныг амь үрэгдэхэд тэрээр гэмт бүлэглэлийг удирдах болсон аж. Түүний хоёр хүү ч буудалцааны үеэр амь насаа алдсан гэдэг.

Жуди Мораныг цагдаа нар 2009 онд баривчлан 26 жил хорих ял оноосон ч тэрээр Мораны бүлэглэлийг шоронгоос амжилттай удирдсаар байгаа гэнэ.

5.Сандра Авила Белтранд

gang sandra beltrand_700x700

Мексикийн хар тамхины мафийн удирдагч, “Номхон далайн хатан” хочтой Сандра Авилла Белтранд хоёр ч удаа цагдаа байгаад хөлсний алуурчин болсон эрчүүдтэй гэр бүл болж байжээ. Тэрээр эд мөрийн баримт үлдээдэггүй маш зальтай, гойд ухаантай гэдгээрээ алдаршжээ. Энгийн нэг гэрийн эзэгтэй мэт амьдардаг байсан түүний хүүг таван жилийн өмнө хулгайлан таван сая ам.доллар нэхэхэд тэрээр аргаа баран цагдаад ханджээ. Цагдаа нар жирийн эмэгтэйгээс ийм их хэмжээний мөнгө нэхсэнийг гайхан шалгаад хэн болохыг нь олон жилийн дараа өрсөлдөгч мафийн матаасны тусламжтайгаар тогтоон зохих шийтгэл хүлээлгэсэн байдаг.

6.Мариа Ликкарди

gang maria liccardi_700x700

Италийн Ликкардигийн мафийн удирдагч Мариа Ликкарди загалмайлсан эх хэмээн алдаршжээ. Тэрээр хар тамхины наймаагаас гадна хүний наймаа, секс боолчлолыг мафийнхаа орлогын шинэ эх үүсвэр болгож чадсан гэдэг. Түүний бүлэглэл Албанийн мафийнхнаас залуу бүсгүйчүүдийг худалдан авч секс боол болгодог байжээ. Мариа Ликкардиг 2001 онд баривчлан шоронд хорьж чадсан аж.

7.Мариа Леон

gang maria leon_700x700

13 хүүхдийн эх Мариа Леоны толгойлсон АНУ-ын Лос-Анжелесийн гэмт бүлэглэл захиалгат аллага, хүний наймаа, хар тамхины тээвэрлэлт гээд бүхий л хүнд гэмт хэргийг олон жилийн турш гүйцэтгэн оршин суугчдыг айдаст автуулдаг байжээ.

2008 онд цагдаа нартай буудалцах үеэр түүний нэг хүү амь үрэгджээ. Мексикт орогнон нуугдаж байсан Мариа Леоныг хүүгийнхээ оршуулганд оролцохоор ирэхэд нь баривчилсан аж.

Эх сурвалж: www.polit.mn

Эх сурвалж: www.polit.mn

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …