Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.06.24.Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд танилцуулсан юм.

DSC_2392

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг тус байнгын хороо энэ сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хийж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалгаж шийдвэрлэжээ. Улсын Их Хурлын гишүүн С.Батболд төслийн 2 дугаар зүйлийн “16.1.15-16.1.18” гэсэн нь техникийн алдаа тул “16.1.5-16.1.8” гэж өөрчлөх, “үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт” гэснийг “улс, бүс нутгийн хэмжээний бүтээн байгуулалт” гэж өөрчлөх, Улсын Их Хурлын гишүүн С.Оюун төслийн 1 дүгээр зүйлд “аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих газар” гэж нэмэх, энэ саналтай нийцүүлээд Засгийн газарт аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах эрхийг нь нээх гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан нь байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авчээ. Харин Улсын Их Хурлын гишүүн С.Оюуны гаргасан “төсөлд үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газрын жагсаалтыг Улсын Их Хурал батална” гэж нэмэх гэсэн саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул тэрээр энэ асуудлаар цөөнх болжээ.

DSC_2394

Ингээд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэх явцад байнгын хорооноос дэмжлэг аваагүй Улсын Их Хурлын гишүүн С.Оюуны санал чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 57.7 хувийн дэмжлэг хүлээснээр үндэсний томоохон бүтээн байгуулалтын жагсаалтыг Улсын Их Хурал баталж байхаар болов. Үүгээр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийнанхны хэлэлцүүлгийг хийж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин танилцуулсан юм.

DSC_2395

Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс гаргасан санал, дүгнэлт, мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21.6 дахь хэсэгт заасны дагуу Өргөдлийн байнгын хорооноос анхны хэлэлцүүлэг хийж ирүүлсэн санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тухайлбал, төслөөс Улсын Их Хурал мөрдөн шалгах сонсгол зохион байгуулахтай холбогдсон хэсгийг бүхэлд нь хасах, түүнчлэн гэрчийг сонсголын оролцогчоос хасах, уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн сонсголын оролцогчид захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр боловсруулсан хуулийн төслүүдийг хууль санаачлагчид буцаах, сонсголын журам, дэгийн зохицуулалтыг нарийвчлан тодруулах, хуулийн нэр томьёог жигдлэхтэй холбогдсон бусад саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Ингээд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж эхэлсэн ч хуулийн төслийн 4.2 дахь хэсгийг Нийтийн сонсголыг эрх бүхий этгээдээс боловсруулах хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, энэ хуульд заасан нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудал, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтэд тавих хяналт, татварын хууль тогтоомж болон төсөв батлах, төсвийн орлого, зарцуулалтад тавих хяналт, Улсын Их Хурлаас томилогдох албан тушаалтны асуудлыг хэлэлцэх, тухайн асуудлаар шийдвэр гаргахад зохион байгуулахаар өөрчлөн найруулах саналын томилгоотой холбоотой нийтийн сонсгол хийх хэсэгтэй холбогдуулан гишүүд янз бүрийн байр суурьтай байв. Иймээс төслийн энэ заалттай холбогдуулан гишүүдийн байр суурийг сонссоны дараа санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадсангүй. Түүнчлэн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй дараагийн саналууд ч дэмжигдээгүй тул байнгын хорооны дарга А.Бакей хуулийн төсөл анхны хувилбараас нэлээд сайжирсан, гэхдээ ганц нэг ярих зүйл байхыг үгүйсгэхгүй. Тиймээс хэлэлцүүлгийг долоо хоног хойшлуулаад томилгоотой холбоотой асуудлыг эргэж ярилцъя гэсэн горимын санал гаргав. Улсын Их Хурлын дарга З.Энхболд энэ хооронд байнгын хорооны ажлын хэсэг нам, эвслийн бүлгүүдээр саналаа дэмжүүлэх чиглэлээр ажиллах хэрэгтэйг зөвлөөд горимын саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн юм.

DSC_8496

Дараа нь Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхэлж, энэ талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулав.

Тус байнгын хорооны 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар тогтоолоор хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэлээр ахлуулан байгуулж, ажпын хэсэг төслийн талаар саналын томьёоллыг бэлтгэн байнгын хорооны хуралдаанд танилцуулж, санал хураалгажээ. Мөн хүүхэд харах үйлчилгээг зөвхөн иргэн зохион байгуулахаар хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад өөрчлөлт орсонтой холбогдуулан тус хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэж үзсэн байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагчаас асуулт асууж тодруулсны дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэв. Тухайлахад, төслийн 3.1.2-3.1.6 дахь заалтыг“хүүхэд харагч” гэж эрх бүхий байгууллагаас хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан Монгол Улсын иргэнийг; “хүүхэд харах суурин үйлчилгээ” гэж хүүхэд харагч энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан орчинд гэрээт үйлчилгээ эрхлэхийг; “хүүхэд харах явуулын үйлчилгээ” гэж хүүхэд харагч энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан орчинд очиж, тодорхой хугацаанд гэрээт үйлчилгээ явуулахыг; ”хүүхэд харах үйлчилгээний байр” гэж эрх бүхий байгууллагаас хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан, хүүхдийн амьдрах хэвийн нөхцөлийг хангасан бүх төрлийн орон сууц, байшин барилга, өрөө, танхимыг;” хэлэхээр өөрчлөн найруулах санал дэмжигдэв. Мөн төслийн 5 дугаар зүйлд “5.2.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нас харгалзахгүйгээр хүүхэд харах үйлчилгээнд хамруулж болно.” гэсэн агуулгатай хэсэг нэмэхээр болов.

Байнгын хорооны саналаар “Хүүхэд харагч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, бага насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн, халдварт болон сэтгэцийн өвчингүй, эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 18-аас 65 насны Монгол Улсын иргэн байна”. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан нэг хүүхэд харагчид оногдох хүүхдийн тоо 5-аас илүүгүй байх бол хүүхэд харах үйлчилгээний нэг байранд хамрагдах хүүхдийн тооны дээд хязгаар нь 15-аас илүүгүй байх аж. Мөн хүүхэд харах үйлчилгээг суурин болон явуулын хэлбэрээр зохион байгуулахаар болж байна. Түүнчлэн “Эмчийн болон эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр хүүхдэд эм бэлдмэл уулгах, тариа тариулахыг хориглоно”, “Хүүхэд харагч нь хүүхдэд бие махбодийн болон сэтгэл санааны аливаа хүчирхийлэл, дарамт шахапт үзүүлэх зэрэг шийтгэлийн арга хэрэглэхийг хориглоно” гэсэн саналыг гишүүд дэмжсэн юм.

Тус байнгын хороо хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад зарчмын зөрүүтэй 39, найруулгын шинжтэй 11 санал гаргасныг санал хурааж шийдвэрлэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Ugluu-logo2013

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …