УИХ дахь МАН-н бүлэг завсарлага авлаа

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.06.24/ хуралдаанаар Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөсөн байсан. Нэгдсэн хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж эхэлсэн юм.

DSC_0912

Эхний санал нь төслийн нэгдүгээр бүлгийн гарчгийг “Нийтлэг үндэслэл” гэж өөрчлөх байсан бөгөөд гишүүдийн олонх дээрх саналыг дэмжсэн. Хоёр дахь санал төслийн 1.1 дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 1.1 дэх хэсгийн “зорилт” гэснийг “зорилго” гэж тус тус өөрчлөх тухай байлаа. Энэ саналтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, зорилт гэснийг зорилго болгон өөрчилж байна. Хэлзүйн хувьд, агуулгын хувьд энэ хоёр үг ялгаатай. Зорилт бол зорилгоо хэрэгжүүлэхийн тулд тавигдаж буй зангилаа асуудал юм. Хууль тогтоомжийн тухай хуульд хууль нь зорилготой байна гээд заачихсан болохоор ингээд өөрчлөх болоод байна. Гэтэл цаана нь бүх зүйл учир холбогдолтой байх ёстой гэдгийг хэлмээр байна. Уг нь зорилт гэдгээрээ явахад болохгүй зүйл байхгүй гэсэн гэсэн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлнэ гээд зорилго гэж өөрчилж болохгүй. Зорилго бол эцсийнх. Харин зорилт бол зорилгод хүрэх алхам. Тийм болохоор зорилт гэж хэвээр нь үлдээх хэрэгтэй гэлээ. Гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хоёр дахь санал олонхын дэмжлэг авсангүй.

Гэмт хэрэг, ял, албадлагын арга хэмжээний талаар тодорхойлсон, үйлдэл, эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцох тухай дараагийн санал дээр гишүүд эсрэг тэсрэг байр суурьтай байлаа. Энэ саналын талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Лүндээжанцан, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд байр сууриа илэрхийлж, Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Ганбат мөн тайлбар хийсэн юм. УИХ-ын гишүүн Д.Ганбат Ажлын хэсэгт бүх салбар байгууллагын төлөөлөл орж, их ачаалалтай ажилласан гэдгийг гишүүдэд дуулгасан. Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Эрүүгийн хуулийг сайн ярилцаж батлахгүй бол хэдэн зуун тэрбум төгрөгөөр бүү хэл мөнгөөр хэмжигдэх аргагүй үр дагавартай хэмээж байлаа.

DSC_5399

Гишүүд Ажлын хэсгээс танилцуулсан, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулсан нь хуулийн этгээдийг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн заалт, гэм буруугүйн зарчмын талаар нэлээд нухацтай ярилцсан бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар, салбарын биш, нарийн мэргэжлийн бус хүмүүс асуудлыг сайн ойлгохгүй байна. Тийм болохоор намын бүлгүүд асуудлыг дахин ярилцсаны дараа хэлэлцэх нь зүйтэй байх гэсэн саналыг хэлсэн юм. Тэрбээр, Эрүүгийн хуулийн нэг зүйл нь нөгөө зүйлтэй маш уялдаатай. Хэлэлцүүлгийг нарийн хийж, иргэдэд тодорхой ойлголт өгөх хэрэгтэй. Бид одоо хуулийн төслийн зарчим, ерөнхий зүйлийн талаар ярьж байна. Удахгүй хүнтэй, ял шийтгэлтэй холбоотой хэсэг рүү орох гэж байна. Түүнээс өмнө бүлгүүд ярилцаж, тодорхой ойлголтод хүрэх нь зүйтэй. Ажлын хэсэг дээр салбар байгууллагуудаас маш олон санал ирсэн юм байна. Тэдгээр саналууд төсөлд туссан эсэхийг нягталж үзмээр байна хэмээлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Гишүүд хэлэлцүүлэгт идэвхгүй оролцож байна. Бас төслийн талаар ойлголт муу байна. Ажлын хэсгийн гишүүдийн санал хоорондоо зөрчилдөөнтэй байна. Тиймээс 14 цаг хүртэл хэлэлцүүлгийг түр хойшлуулаад Ажлын хэсэг дээр дахин ярилцах хэрэгтэй байна гэлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Ажлын хэсгийн гишүүдийн 10 гишүүний 7 нь гаргасан саналыг эсрэг байр суурьтай байна. Тиймээс Ажлын хэсэг дахин хуралдаж асуудлаа эргэж ярих шаардлага байна. Хуулийн төсөлд хувийн хэвшлийнхнийг торгох, тусгай зөвшөөрлийг цуцлах, зөвшөөрлийг хураах зэрэг зүйл, заалт орсонтой холбоотой олон байгууллагаас шаардлага ирсэн. Эдийн засаг хямралтай байгаа үед Эрүүгийн хуулийг шинэчилж найруулахдаа зүйл, заалтыг хүндрүүлсэн асуудлыг эргэж харах ёстой. Малын хулгайн асуудал орон нутагт газар авч байна. Гэтэл хуулиар зохицуулсан зүйл, заалт алга байна гэж хэлсэн. Тэрбээр энэ мэт асуудлыг эргээд ярилцахад ганц хоёр цаг хангалтгүй учир МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч байна гэж мэдэгдсэнээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2024.04.16) Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд …