Шоовдорлогдсон хөрөнгийн зах зээл

olloo_mn_1434501693_birjХөрөнгийн захын хөгжил муу хэмээн олон хүн хэлдэг. Зарим нь бараагүй лангуутай дэлгүүр ч гэлцдэг. Харин тус зах олон төрлийн борлуулалт сайтай бүтээгдэхүүнтэй болохын тулд ажилласаар байгаа билээ. Тухайлбал, Засгийн газрын үнэт цаасыг өнгөрсөн оноос борлуулж эхэлсэн нь нэг дэвшил хэмээн арилжаа эрхлэгчид ярьж байна. Ямартай ч Засгийн газрын үнэт цаас эрсдэлгүй харин ч өндөр өгөөжтэй бүтээгдэхүүн юм. Өмнө нь арилжааны банкаар дамжуулан арилжаалдаг байв. Тэгвэл хөрөнгийн захаар борлуулж эхэлснээс хойш худалдан авах санал нэлээдгүй ирж байгаа тухай албаны эх сурвалж хэллээ. Учир нь энэ төрлийн үнэт цаасыг хувь хүн худалдаж авах нь бүү хэл, байгаа эсэхийг нь ч мэддэггүй байсан гэхэд хилсдэхгүй. Дашрамд дурдахад өнгөрсөн хугацаанд Засгийн газрын үнэт цааснаас 4.2 тэрбум төгрөгийн өгөөжийг хөрөнгө оруулагчид хүртжээ.

Итгэл алдрах вий

Монголын хөрөнгийн биржийн энэ сарын 2-ны өдрийн анхдагч зах зээлийн  арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай, жилийн 14.758 хувийн хүүтэй, 723.382 ширхэг Засгийн газрын үнэт цаасыг 72.3 тэрбум төгрөгөөр худалдан авах захиалга ирснээс Сангийн яам 41.47 хувийн нийлүүлэлтийг баталгаажуулсан байна. Ингэснээр 30 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ. Хэрэв захиалгыг 100 хувь баталгаажуулсан бол түүхэн өдөр болох байсан тухай Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар онцлов. Мөн тэрээр зах зээлтэй холбоотой аливаа шийдвэр гаргахцаа мэргэжлийн төвшинд хэлэлцэж эргэцүүлдэг цаг ирнэ гэдэгт найдаж буйгаа хэллээ.

Хэрэв дэлгүүрээс хоёр цамц авахаар очсон хүнд худалдагч нь нэгийг л өгнө гэвэл яах бол. Мэдээж хүн дургүйцлээ илэрхийлнэ, дараа дахин үйлчлүүлэхгүй. Түүнтэй нэгэн адил мөнгөө байршуулсан хүмүүс дахин Монголын хөрөнгийн биржийг сонгохгүй байх. Хамгийн гол нь хүмүүсийн итгэл алдрах вии гэх болгоомжлол бий.

Гацаах сонирхол хэнийх вэ

Хөрөнгийн биржийг хөгжүүлэх нь эдийн засгийг эмчлэх амин тариа гэдгийг эдийн засагч, судлаачид хэлдэг. Манай улсын хөрөнгийн бирж өлгийтэй хүүхэд шиг хүний гар харсан хэвээр 24 жилийг үдсэн. Тэгвэл одоо л сэргэх нь  гэтэл элдэв саад мундахгүй байгааг “Ард капитал” компанийн захирал Б.Өлзийбаяр ярьж байна. Ийнхүү элдвээр баалуулдаг элдэвтэй хөрөнгийн бирж тэнхээгээрээ хичээгээд ч хүчгүйдсээр. Тэмээ туйлаад тэнгээ эвдэхгүй гэдэг шиг захиалга авсан ч гүйцэтгэлийг баталгаажуулах нь бусдаас хамааралтай учраас үйлчлүүлэгчдэдээ итгэл төрүүлэхэд тун бэрх.

Монголын хөрөнгийн биржийн сүүлийн хоёр арилжаанд нийт 115 тэрбумын захиалга ирснээс 45 тэрбумын нийлүүлэлт хийгдсэн байна. Өөрөөр хэлбэл, 70 тэрбум төгрөгийн илүү эрэлт үүсчээ. Ингэснээр Засгийн газрын үнэт цаасны өгөөжийн хүү буурах нөхцлийг бүрдүүлнэ хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Монголын хөрөнгийн биржээр арилжих Засгийн газрын үнэт цаасны гурван сарын хугацаатай бондын өчигдрийн арилжаанд 30 тэрбум төгрөгийн дээд хязгаарыг Сангийн яам тогтоожээ. Сангийн яам арилжааны банкаар дамжуулан худалддаг бондын захиалгыг 100 хувь биелүүлдэг. Гэтэл хөрөнгийн биржид хязгаар тавьж буйд тус газрынхан сэтгэл гонсгор байсан аж. Эрэлт байгаагийн хэрээр нийлүүлэлтээ хийвэл үр өгөөж өндөр гэдгийг хэн хүнгүй мэднэ. Хөрөнгийн зах зээлийн хүрдийг эргүүлэхгүй гацаах нь хэний сонирхол вэ гэх нь бас бий. Сэргэхийг нь хүлээсээр 24 жилийг үдсэн хөрөнгийн захын сэргэн мандалт удахгүй байгаасай.

Эх сурвалж: Зууны мэдээ

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …