Есөн эрдэнийн ганжуурыг “Дэлхийн өв”-д бүртгэлээ

  Манай улсын түүх соёлын хосгүй үнэт өв Есөн эрдэнийн ганжуурыг ЮНЕСКО-д бүртгэжээ.

Дэлхийн баримтат өвийн үнэт дурсгал үй олноороо элэгдэж, гэмтэж, устан алга болж байгааг зогсоохын тулд ЮНЕСКО-гоос тэдгээрийг хадгалж, хамгаалах зорилгоор 1992 оноос “Дэлхийн дурсамж” хөтөлбөр хэрэгжүүлжээ.

БНСУ-ын Гуанжу хотод зургадугаар сарын 18-21-нд болсон ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын зөвлөлдөх хорооны 11 дүгээр бага хурлаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн Есөн эрдэнийн ганжуурыг Олон улсын баримтат өвд бүртгэлээ.

Уг хурлаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн баримтат өвийн материалыг судлан хэлэлцэж, хосгүй үнэт 54 дурсгалыг бүртгэсний нэг нь Есөн эрдэнийн ганжуур юм. Энэхүү хосгүй үнэт өв нь бурхан Шакьямуни болон түүний шавь нарын туурвисан 1161 зохиол, 108 боть их цоморлиг зохиол болгон эмхтгэсэн асар том судрын чуулган юм.

Бурхан шашны оройн дээд ном болох Ганжуурыг монголчууд 1819 онд болгомол хар цаасан дээр есөн эрдэнээр урласан бүтээл юм. Олон улсын баримтат өвд бүртгэхэд нарийн шалгуур тавьдаг байна. Баримтат өв нь анхны жинхэнэ эхээр байхаас гадна эх төрх байдлаа хадгалсан, дэлхий дахинд үнэ цэнэ, ач холбогдолтой, дэл хийн түүх, хүн төрөлхтний соёл иргэншилд онцгой бөгөөд үлэмж нөлөө үзүүлсэн байх зэрэг шалгуур тавьдаг аж.

“Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Баримтат өвийн олон улсын болон бүсийн бүртгэлийн жагсаалтад 299 баримтат өв бүртгэгдээд байна. Манай улс Есөн эрдэнийн ганжуураас гадна 2011 онд Лувсанданзаны “Алтан товч”, “Монгол Шунхан Данжуур”-ыг бүртгүүлжээ.

эх сурвалж: урлаг.мн

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …