Шахааны хүн

dc62222b0952b935806918474a11baadӨглөө ажилдаа иртэл хүн бүгд гүйлдэж ирж мэндлээд л, мэхэлзээд л, гайхамшигтай. Намайг хараад яравгар Ядам хүртэл малийтал мишээж, бас гэдгэр Гэндэн өмнө ирчихсэн бөхөлзөж байна. Ямар гоё вэ гэж дуу алдмаар. Захирлын албан тушаалтай болчихоор бүх зовлон гачлан ард хоцорч, санаа зовох юмгүй сайхан амьдрал эхэллээ л гэж би бодож билээ. Гэвч эндүүрэл байж.

Нарийн бичиг охиноос бүх лай эхэлсэн юм. Төрийн том компанийн захирлын хувьд анхны тушаалдаа гарын үсэг зурна гэхээс учиргүй догдолж, тоймгүй яарлаа. Айлын жаахан Дулмаатай сүргийн бэлчээрт анх уулзсан мөчийнх шиг л зүрх булгилна. Тушаалыг бэлдэж байх зуурт гарын үсгээ хэдэн удаа таталгаж сургууль хийлээ. Тас хар бэхтэй, гил хар үзгээр таталгасан гарын үсэг минь цасан цагаан цаасан дээр гялтайтал зурайгаад, аргагүй л захирлынх гэмээр буурьтай харагдаж, урам зоригийг улам бадраасныг яана.

Хаалга тогшин, цоо шинэхэн захирлын нарийн бичиг, годгор охин тушаал барьсаар орж ирлээ. Ээ, бүү үзэгд! Дөчин дөрвөн үг бичсэнд нь тавин таван алдаа байх нь тэр! Эхний өглөө, эхний хоромдоо хэрүүл хийвэл билэг дэмбэрэлгүй гэж бодохоос би тэслээ. “Чи шинэ зууны, шинэ залуу ажилтан. Ингэж алдаатай бичиж болохгүй!” гэх зэргээр аятайхан анхааруулга өгөх зуураа өнөөх тушаалыг улаан эрээн болголоо.

Дөчин дөрвөн үгтэй тушаалыг гучин гурав дахин буцааж, засч бичүүлэхэд илүү ч үгүй, дутуу ч үгүй найман цаг зарцуулсан нь өшөө хүрмээр. Үдээс өмнөжин найруулга зүйн хичээл оров. Үдийн цайгаа умартан цэг таслал янзаллаа. Эцэст нь үг үсгийн алдаан дээр ажиллаж, хамаг уураа барлаа. Захирлаа болиод бага ангийн багш болох шахсан нь энэ. Оройн нар жаргаж байхад удтал дуншсан анхны гарын үсгээ зурав. Уураа арайхийн барьж, хамаг булчингаа чангалсан учраас махан гарын хуруу чичирч, ган үзэгний хошуу чихарч байлаа.

Маргааш нь захирлын зөвлөлийн хурал болж, Хөгжлийн хэлтсийн захирал хөлдүү толгойтой нөхөр хэдэн сар сууж боловсруулсан гэх компанийн хөгжлийн төлөвлөгөөг танилцуулав. “Ээ, бүү үзэгд! Гуравдугаар ангийн хүүхэд ч ийм юм хийхгүй!” гэж би дотроо дуу алдлаа. Тэр лайт бичвэрийг хөгжлийн төлөвлөгөө гэснээс сүйрлийн төлөвлөгөө гэж нэрлэх нь ономоор. Ядахдаа гурав хоног гүрийе, анхны хурал дээрээ хэрүүл хийх билэггүй гэх бодол толгойд бас л зурсхийв. Мастер төлөвлөгөө гэгчийг хэрхэн хийдэг тухай хичээлийг хэлтсийн захиралд зааж, багш болохдоо шахан зогсохдоо би бас л хамаг биеэ хөвчлөн уураа барьж байлаа.

Дөрөв дэх хоног дээр компанид аудитын шалгалт буулаа. Ээ, бүү үзэгд! Манай тайлан тэнцэл, санхүүгийн бичиг баримтууд гээд ямар хөгийн юмнууд гарч ирсэн гэж санана аа! Нүүр хийх газар олдохгүй болтлоо ичиж, мэнчийж улайтлаа бантлаа. Энэ удаа би биш шалгалт хийж яваа байцаагч манай ерөнхий нягтланд хичээл зааж, багш болохдоо шахав. Ямар ч байлаа дүүрч, эхний арав хоногоо хэрүүлгүй өнгөрөөе гэж энэ удаа шийдээд, бас л уураа хүчлэн барилаа.

Ерөнхий ня-бо авгайн тарьсан лай ланчгийг намжаах гэж ядаж байтал угсрах цехэд асуудал гарлаа гэсээр механик гүйж ирлээ. Айж цочсондоо хоёр нүд нь оройдоо гаран эргэлдэж, яг л галзуурсан гэлтэй. Түүнийг даган үйлдвэр лүү ороод, юу харсан гэж санана аа! Ээ, бүү үзэгд! Манай компанийн угсардаг хөргөгчнүүдэд тракторын дугуй, комбайны хадуур тавьж байх нь тэр. Миний тэвчээр өөрийн эрхгүй алдарлаа.

“Юугаа хийгээд байгаа эргүү малнууд вэ! Манай үйлдвэр “Беларусь” трактор биш “МонКоулд” хөргөгч угсардаг шүү дээ!” гэж би хашгирлаа. Ажилчид нусаа шордхийтэл таталж, толгойгоо хүрдхийтэл маажин гөлөлзөцгөөх нь өрөвдөлтэй. Механик зориг гарган, “Шинэ инженер хөлдөөх төхөөрөмжийнх биш трактор комбайных гэсэн. Тэгээд л хөргөгчинд трактор комбайны эд ангиуд угсар гэж тулгаад байна” хэмээн шивнэлээ.

Тавхан хоногтой захирал миний бие уурандаа багтрах дөхөөд, хүний нөөцийн менежерийг таван хормын дотор бэлэн бай гэж дуудууллаа. “Есдүгээр анги ч дүүргэж чадаагүй нарийн бичиг оюуны хомсдолтой хүүхэн, хөгжлийн хэлтсийн хөлдүү толгойтой захирал, тайлангаа гаргаж мэддэггүй балай авгай, мэргэжлийн бус эргүү ерөнхий инженер гэх мэтийн бүх мулгуу, домбой, дүнхүү юмнуудыг бүгдийг нь хал!” гэж байдаг чадлаараа чарлав. Хүний нөөцийн царай хувхай цайсан харагдана. Энэ тавхан хоногт хуралдсан асар их уур цөмийн бөмбөг мэт дэлбэрч, махан нударга минь царсан ширээн дээр тас тасхийтэл бууж байлаа.

Тэгтэл таван хормын дараа сайд утасдаад, “Юугаа хийгээд байгаа эргүү мал вэ!” гэж хашгирав. Ээ, бүү үзэгд! Цочсоноос болоод миний зүрх эгээтэй л зогссонгүй. Дахиад таван хором өнгөрөхөд би сайдын ширээний өмнө нусаа шордхийтэл татлаад, толгойгоо хүрдхийтэл маажаад зогсож байлаа. Сайд махан нударгаа царсан ширээндээ тасхийтэл буулган, хөөрхий намайг бондгосхийтэл цочооно. “Чи миний эхнэрийн төрсөн дүүг оюуны хомсдолтой гэнэ ээ? …Бас Ерөнхий сайдын хүнийг хөлдүү толгойт гэж дуудсан гэнэ..!” гэж орилохдоо тэр бараг л багтарчих дөхлөө. “Манай Хөх тэнгэр фракцын шахааны хүнийг балай авгай гэж дууддаг.., чи хэн юм бэ?” гэж сайд дахин хашгирахад яамны шилэн цамхаг тэр чигтээ дар-р-р-хийтэл доргих нь үнхэлцэг хагалмаар.

Ингэж л би “Төрийн компанид заавал шахааны хүмүүс ажиллах ёстой” гэх хатуу хуулийг үнхэлцэг зүрхэндээ тултал ойлгосон доо. Яаж зүгээр байхав хуулийг ягштал мөрдөөд, ханийнхаа дүү дүнхүү Баярааг нэг цехийн даргын орон тоондоо шахчихлаа. Одоо би төрийн өмчийн том компанийг захирсан дүр эсгээд л, нарийн бичигтээ зөв бичих дүрмийн хичээлээ заагаад л, цалингаа хал балгүй идээд л явж байгаа. Хөгжлийн хэлтсийн хөлдүү захирал компанийг хөгжүүлж гавихгүй ч сүйрүүлчихгүй байж дөнгөөд л байгаа, чааваас. Харин ерөнхий инженер хөргөгчийг трактор гэж эндүүрдэг хэвээрээ. Юмыг яаж мэдэхэв тракторын дугуйтай, комбайны хадууртай хөргөгчийг тариаланчид самар шиг аваад эхлэх ч юм билүү. Горьдох л юм даа.

www.vip76.mn

Санал болгох мэдээ

ЗГ:Элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл …