Авлигын чиглэлээрх гадаад мэдээний тойм

63d27e3e7b4470d8bigХүү нь авлигын хэрэгт холбогдсон Нью-Йорк мужийн сенатор албан тушаалаа өгөв 

АНУ. Хүү нь авлигын хэрэгт холбогдсоноос долоо хоногийн дараа Нью-Йорк мужийн Сенатын Олонхийн бүлгийн тэргүүн Деан Скэлос албан тушаалаа өгөөд байна. Холбооны хууль хяналтын байгууллагууд 67 настай сенатор Скэлос болон түүний хүү 32 настай Адам нарыг бусдаас хээл хахууль авахаар шахсан, сүрдүүлсэн хэрэгт буруутгасан юм.

Прокуроруудын мэдэгдэж байгаагаар сенатор Скэлос хууль тогтоомж болон дэд бүтэцтэй холбоотой асуудлаар дэмжлэг үзүүлсний төлөө хүүд нь 200 гаруй мянган ам.доллар өгөхийг үл хөдлөх хөрөнгийн болон байгаль орчны технологийн компаниудаас шаардаж сүрдүүлсэн байна. Өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдэж байгаа Скэлосын энэ хэрэгт нь тус мужийн Сенатын танхимын гишүүдээс авлигын хэрэгт холбогдож байгаа 5 дахь тохиолдол нь болж байна.

Эх сурвалж

Хувийн нарийн бичгийн дарга нь авлигын хэрэгт холбогдсоны улмаас Гватемалийн дэд ерөнхийлөгч огцрох хүсэлтээ гаргав 

Гватемал. Хувийн нарийн бичгийн дарга нь гаалийн авлигын хэрэгт холбогдсоны улмаас Гватемал Улсын дэд ерөнхийлөгч албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргасан ба Конгрессоос хүсэлтийг нь дэмжиж албан ёсоор огцров.

Дэд ерөнхийлөгч Роксана Балдетт хийсэн мэдэгдэлдээ, халдашгүй дархан байдал нь мөрдөн байцаалтын ажиллагаанд нөлөөлөх боломжтой учир албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргаж байгаа бөгөөд уг хэрэгт холбогдох мөрдөн байцаалтын ажиллагаанд хамтарч ажиллахаа амлажээ. Огцорсны дараагаар шүүхээс мөрдөн байцаалтын хугацаанд Балдеттийг хилээр гадагш гаргахгүй байх шийдвэр гаргасан юм. Балдетт бол Гватемал Улсаас авлигын хэргийн улмаас огцорч байгаа анхны дэд ерөнхийлөгч бөгөөд прокурор түүнийг энэ хэрэгт шууд холбоотой гэж одоогоор үзэхгүй байгаа юм.

Балдеттийн туслах асан Хуан Карлос Монзон Рожаг гаалийн хяналтыг сулруулахын тулд хээл хахууль авч, улсад олон сая долларын хохирол учруулсан гэж буруутгаж байгаа билээ. Хамгийн сүүлд Монзоныг хилийн чанадад байгааг тогтоосон бөгөөд түүнийг холбогдох байгууллагууд эрэн сурвалжилж байгаа юм. Энэхүү авлигын хэргийн сүлжээнд хувийн хэвшил, татварын байгууллагын удирдлага болон төрийн албан хаагч зэрэг 50 хүн холбогдоод байгаа бөгөөд тэдний 27-г нь прокуророос баривчлаад байгаа аж. Мөн хэрэгт холбогдсон 3 сэжигтнийг суллуулахын тулд нэгэн шүүгчид хээл хахууль өгсөн хэргээр 5 өмгөөлөгчийг прокурорынхон баривчилжээ.

Эх сурвалж

Хил дээрх авлигатай тэмцэхийн тулд Малайз, Тайланд улсууд хамтарсан ажлын хэсэг байгууллаа

Малайз. Малайз-Тайландын хил дээрх авлигатай тэмцэхийн тулд Малайзын Авлигатай тэмцэх хороо, Тайландын Үндэсний авлигатай тэмцэх хороо хамтран ажлын хэсэг байгуулаад байна.

“Өнгөрөгч сард зохион байгуулагдсан Зүүн өмнөд Азийн Авлигатай тэмцэх талуудын нарийн бичгийн дарга нарын уулзалтын үеэр хоёр талын уулзалт зохион байгуулсны үр дүнд энэ ажлын хэсгийг байгууллаа. НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн 48, 49 дүгээр зүйлд зааснаар авлигатай тэмцэх чиглэлийн хууль сахиулах хамтарсан үйл ажиллагаа явуулах эсэхийг ажлын хэсэг шийдвэрлэх болно” хэмээн Малайзын Авлигатай тэмцэх хорооны Бодлого, төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга Датук Ахмад хэлэв. Тус ажлын хэсгийн бусад чиг үүрэгт хоёр талын авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагууд болох Малайзын Авлигатай тэмцэх хороо, Тайландын Үндэсний авлигатай тэмцэх хорооны хамтын ажиллагааг өргөжүүлэх, Малайз-Тайландын хил дээрх хууль сахиулах чиг үүрэг бүхий бусад байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх зэрэг орж байгаа аж.

Эх сурвалж

Оросын Батлан хамгаалах яамны ажилтан асан авлигын хэргээр хоригдов

ОХУ. Оросын Батлан хамгаалах яамны ажилтан асан Евгений Васильевад томоохон авлигын хэргийн улмаас 5 жил шоронд хорих ял ногдуулсан байна. Оросын Хууль зүйн мэдээллийн агентлагийн мэдээлж байгаагаар Евгений Васильеваг албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан, луйвар хийсэн зэрэг 8 хэрэгт буруутай болохыг тогтоосон аж.

Хатагтай Евгений Васильева нь Батлан хамгаалахын сайд асан Анатолий Сердюковын шадар туслахаар ажиллаж байсан юм. Мөн түүний хамт төрийн өмчит “Оборонасервис” холдингд ажиллаж байсан 4 этгээдэд ял ногдуулжээ. Тэднийг хууль бусаар “Оборонасервис” холдингийн бүтээгдэхүүнийг хямд зарж байсныг тогтоосон бөгөөд хэргийн улмаас ОХУ-д 3 тэрбум рубль (60 сая ам.доллар)-тэй тэнцэх хэмжээний хохирол учирсан байна. 36 настай Евгений Васильева уг хэрэгт буруугүй болохоо мэдэгдэж, уг ялыг эдлэх хугацааг нь түр хойшлуулахыг улсын прокуроруудаас хүсээд байгаа юм.

Эх сурвалж

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …