Аж ахуйн нэгжүүд өөрийгөө хянаж, эрсдлээ тооцох боломжтой

11351427_467446146743969_4417911897886535649_n“Хяналтын хуудас-эрсдлийг бууруулах баталгаа” сэдэвт сургалт, өдөрлөг энэ сарын 20-ны өдөр Улсын их дэлгүүрийн өмнөх талбай болох Цэрэндоржийн гудамжинд болж өнгөрлөө. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч, аж ахуйн нэгж, дотоод ажилтан, худалдан авагч нарт хяналтын хуудасны талаар анхан шатны мэдлэг олгох зорилготой тус яармагт “Өгөөж”, ”Түмэн шувуут”, “Хатан жолоо импекс” зэрэг хүнсний чиглэлийн 15 албан байгууллага, аж ахуйн нэгж оролцож өөрсдийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд үйлдвэрийн үнээр нь зарж байна. Өдөрлөг болж буй газарт өдрийн 13 цагийн үед очиход хүмүүс  ид бужигнаж байв. Зарим байгууллага өөрсдийн бүтээгдэхүүнээ зөөврийн дуковт чанаж хэрэглэгчдэд халуунаар нь амтлуулж, зарж байгаа болохоор худалдан авалт их байлаа. Ингээд хамгийн эхэнд Өгөөж ХХК дээр очиж мэдээлэл авсан юм.

11295718_467446243410626_8243133019157083695_nЭднийх өнөөдрийн үзэсгэлэнд 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй оролцож эдгээрээс гурвыг нь худалдан авагчдад амтлуулж байна. Өгөөж ХХК-ийн Чанарын албаны дарга Н.Дэлгэрмаа: “Өнөөдрийн үйл ажиллагаанд манай компани зөвхөн бүтээгдэхүүний амталгаа, худалдаа гэлгүйгээр бүтээгдэхүүнээ ямар орчинд хэрхэн үйлдвэрлэж хэрэглэгчийн гар дээр хүргэдэг процессийг дэлгэрэнгүй үзүүлсэн кино хийж хэрэглэгчиддээ сонирхуулж байна. Өмнө нь мэргэжлийн хяналтын ажилтнууд байгууллагуудаар явж хяналт шалгалт хийдэг байсан бол одоо үүн дээр нэмээд бидэнд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байгаа нь сайшаалтай. Аж ахуйн нэгжүүдэд хяналтын хуудсыг тараасан нь өөрсдөө эрсдлээ тооцоолж болохоос гадна юуг анхаарч ажиллах ёстой гэдгээ мэдэж алдаагаа засах боломжийг олгож байгаа юм. Тэгэхээр мэргэжлийн хяналтынхны ч, манай ч ажлыг хөнгөвчилж байгаа гэсэн үг. Мэргэжлийн хяналтын вэбсайт руу ороод манай компанийн нэрээр хайх юм бол эрсдэл нь хэр байсан, ямаршуу үнэлэгдсэн гэдгийг хэрэглэгчид харах боломжтой юм.” Гэлээ.

Хэрэглэгчдийн хэзээний танил болсон тус үйлдвэрийн бүтээгдэхүүнийг амтлан зогсож буй Сүхбаатар дүүргийн 12-р хорооны иргэн Г.Насанжаргал “ Энд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрийн үнээрээ зарагдаж байгааг найзаасаа дуулаад жаал юм авахаар ирсэн юм. Мэргэжлийн хяналтынхны зохион байгуулж байгаа үйл ажиллагаа гэдгийг нь ч мэдээгүй. Харин энд ирээд хяналтын хуудас гэдэг зүйлийн талаар сонсоод их таалагдлаа. Хэрэглэгч бид чинь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний талаарх үнэлэлт, дүгнэлтийг  мэргэжлийн хяналтын байцаагчдаас л сонсдог байсан бол одоо өөрсдөө ч хянаж шалгах боломжтой болчихож. Энэ нь ч хэн хэндээ амар юм байна.”  хэмээн хэлсэн юм.

МХЕГ-ын Хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Г.Мөнхтуяа: “Тус үйл ажиллагааг Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс дүүргийнхээ ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байна. Мэргэжлийн хяналтын газар өөрсдийн хяналт, шалгалтаа хяналтын хуудсаар дамжуулан хийдэг болсоныг иргэд, аж ахуйн нэгж албан байгууллагад таниулан сурталчилж байна. Хяналтын хуудас нь аж ахуйн нэгж, хэрэглэгч, мэргэжлийн хяналтын байцаагчдын бүгдийнх нь ажлыг хөнгөвчилхөөс гадна МХЕГ-ын үйл ажиллагаа олон нийтэд ил тод болсны илрэл юм. Учир нь хэрэглэгч эсвэл аль нэг үйлдвэр эрхлэгч inspection.gov.mn вэбсайт руу орж монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн эрсдэл, үнэлгээ зэргийг мэдэж болохоос гадна үйлдвэрлэгч өөрөө өөрийгөө дотооддоо хянах боломжийг олгож байгаа юм. Юу гэсэн үг вэ гэвэл манайхаас барилга, хүнс, мах махан бүтээгдэхүүн зэргээр бүх хяналтын хуудсыг төрөлжүүлэн вэбсайтдаа байршуулсан байгаа. Тэгэхээр тухайн байгууллага өөрийн үйл ажиллагааны чиглэлийн хяналтын хуудсыг татаж аваад эрсдлээ тооцож, алдаагаа засах боломжтой гэсэн үг. Хэрэглэгч ч мөн адил өөрийн хүссэн чиглэлээр хяналтын хуудсаа татаж аваад аль нэг үйлдвэрийн эрсдлийг тооцож эрүүл ахуйн шаардлага хангасан, аюулгүй орчинд үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг шалгах боломжтой юм.” Гэв.

10957753_467446293410621_3588515268505701497_nИйнхүү таван цаг үргэлжилсэн үзэсгэлэнгээс тор дүүрэн бүтээгдэхүүн худалдаж авсан хэрэглэгчид өөрсдийн хэрэглэдэг бараа бүтээгдэхүүн, түүнийг үйлдвэрлэдэг компанийг бусдаар ч тэр, өөрөө ч  тэр хянаж шалгах боломжтой болсныг ойлгож аван баяртайгаар тарцгаалаа. Өмнө нь бид мэргэжлийн хяналтын аль нэг байцаагчийн амыг харж, хэн юу гэх бол, аль байгууллага яаж үнэлэгдсэн бол гэдгийг мэдэхийн тулд чих тавин хүлээдэг байсан бол өнөөдөр энэ байдал өөрчлөгджээ. Хэрэглэгч, үйлдвэрлэгч, мэргэжлийн хяналтын байцаагч гурав нэг л хяналтын хуудсын үзүүлэлтээр тухайн аж ахуйн нэгжийн эрсдлийг тооцоолж, үнэлгээг гаргаж байгаа нь үнэн бодит байдалд дөхөм болно. Аж ахуйн нэгж өөрийн алдаагаа илрүүлж тухай бүрт нь зассанаар хэрэглэгч бидний гар дээр ирэх бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал ч тодорхой хэмжээгээр сайжрах эерэг талтай юм.

Г.ХУЛАН

Ugluu-logo2028

 

Санал болгох мэдээ

Б.Солонгоо: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг сэргээх, нөхөн төлбөр олгох ажлын хэсэг байгууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдон  ял эдэлж …