Шүүх байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

DSC_5027Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.05.26/ хуралдаанаар Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэлээ хэмээн Ажлын хэсгийн ахлагч Ц.Нямдорж танилцуулав. Ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.5-д заасны дагуу Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5, 43.6 дахь хэсгүүдэд Хууль тогтоомжийн эмхэтгэлд зөвхөн УИХ-аас баталсан хууль, УИХ-ын бусад шийдвэрийг хэвлэх, уг эмхэтгэлийг 7 хоног тутам хэвлэдэг байсан зохицуулалтыг хасах, хуулийн дагаж мөрдөх хугацааг 2015 оны долдугаар сарын 15-ны өдрөөс мөрдөх зэрэг холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг томьёолжээ.

Ингээд зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар батлуулах нь зүйтэй гэж тогтлоо. Саналын томьёоллуудыг Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэнээр “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд зөвхөн УИХ-аар баталсан хууль, тогтоол нийтлэгдэх болж буй бөгөөд, өмнө нь нийтэлдэг байсан Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, хуулийн талаарх Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар, яам, агентлагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээ тогтоосон акт, Албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэг, Хүний эрхийн үндэсний комиссоос гаргадаг Хүний эрх, эрх чөлөөний талаарх тайланг нийтлэхгүй болж байгаа аж. Түүнчлэн эмхэтгэлийн хэвлэгдэн гарах хугацааг Монгол Улсын Их Хурлын тухай хуульд “7 хоног тутам” гэж заасныг хүчингүй болгох санал дэмжлэг авсан юм.

Үүний дараа Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Шүүх байгуулах тухай /шинэчилсэн найруулга/ болоод холбогдох хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудал байв.

Хуулийн төслийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан танилцуулсан юм.

DSC_5030Тэрбээр, 1992 оны Үндсэн хуульд зааснаар шүүхийг гагцхүү хуулийн дагуу байгуулна. Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно гэж баталгаажуулсан билээ. Үндсэн хуульд заасан ёсоор 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдөр, 2013 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр тус тус Шүүх байгуулах тухай хуулийг баталсан.

Гэвч Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн нэг, хоёр дахь хэсэг, 2 дугаар зүйлийн нэг, хоёр, гурав дахь хэсгийн 6, 11 дэх заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгохоор шийдвэрлэсэнтэй холбогдуулан энэ хуулийн төслийг боловсрууллаа хэмээсэн.

Нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, суурьшлын харилцан уялдсан тогтолцоо, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоог харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр давж заалдах шатны 19 шүүх, дүүргийн анхан шатны 8 шүүхийг дагнан байгуулах,Захиргааны хэргийн анхан шатны шүүхийг 21 аймагт дагнан байгуулах, мөн Сум дундын Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийг 21 аймагт дагнан байгуулах, харин Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Өмнөговь аймгийн Ханбогд сум, Ховд аймгийн Булган сум зэрэг Сум дундын 8 шүүхийг дагнан байгуулахгүйгээр байгуулахаар хуулийн төсөлд тус тус тусгажээ..

Шүүхийн нэрийг тухайн шүүхийн харьяаллын засаг захиргааны нэгжийн нэрээр нэрлэх юм. Тухайлбал, “Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх”, “Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх”, “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” гэх мэт.

Шүүхийг дагнан, бүсчлэн байгуулснаар шүүхүүдийн харилцан адилгүй ажлын ачаалал жигдрэх, орон нутгийн захиргааны байгууллагаас шүүх хамааралгүй болж, шүүхийн бие даасан байдал хамгаалагдах, шүүгч хэргийн төрлөөр дагнан мэргэших, шийдвэрийн чанар сайжрах улмаарзөрчигдсөн эрхээ хамгаалуулах шүүхэд хандсан иргэдийн эрх ашигт бүрнээ нийцэж, иргэний шударга шүүхээр шийдүүлэх эрхийн нэг үндэс болно гэж үзэж байгаа юм байна.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, сууриа илэрхийлсний дараа хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ хэмээнУИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн нөхрийг цэцэд зүтгүүлж байна

Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан ирэх даваа гаригт болж, Цэцийн гишүүнд нэр дэвшсэн 17 нэр …