Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулав

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос эрхлэн иргэдийн өргөдлийн дагуу “Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, сайжруулах арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2015.05.19/ Төрийн ордонд зохион байгууллаа.

DSC_4113Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын зарим гишүүд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Сангийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын холбогдох удирдах албан тушаалтнууд, зарим сургууль, цэцэрлэгийн төлөөллүүд оролцлоо.

Байнгын хорооны дарга О.Баасанхүү хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ, сургууль, цэцэрлэгийн барилгын хүртээмж, сургалтын агуулга, хэлбэрийг сайжруулах, чанарыг дээшлүүлэх чиглэлээр тус байнгын хороонд нийслэлийн болон орон нутгийн иргэдээс өргөдөл, санал хүсэлт олонтаа ирж байгаатай холбогдуулан байнгын хорооноос ажлын хэсэг гарган ажиллуулж байгаа. Энэ үндсэн дээр иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу салбарын яамны удирдлагууд, холбогдох албаны хүмүүс, өргөдөл, хүсэлт ирүүлсэн зарим байгууллагын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж байгааг дурдав.

Улсын Их Хурлын гишүүн, байнгын хорооны ажлын хэсгийн гишүүн Ж.Батзандан энэ талаар хийсэн танилцуулгадаа, боловсролын салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, энэ салбарт тулгамдаж буй асуудпууд, сургалтын чанар, агуулгатай холбогдуулж иргэд, байгууллагаас өргөдөл, хүсэлт, санал ихээр ирж байгаа тул энэ асуудлыг судалж, хэрхэн шийдвэрлэх талаар тогтоолын төсөл боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг гурван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллуулж байгаа юм. Энэ чиглэлээр тус байнгын хороонд нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол дүүрэг болон Баянхонгор, Өмнөговь зэрэг аймгийн иргэд, байгууллагаас 20 гаруй өргөдөл, санал хүсэлт ирээд байна.

DSC_4114Ажлын хэсэг иргэдээс ирүүлсэн эдгээр өргөдөл, санал хүсэлтийн дагуу нийслэлийн зарим дүүргийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцсаны зэрэгцээ гурван удаа уулзалт зохион байгуулж, 500 гаруй хүний санал бодлыг сонссон тухайгаа дурдаад хэлэлцүүлэгт оролцогчдын санал бодлыг тусгасны үндсэн дээр энэ асуудлыг байнгын хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэн тогтоол гаргаж Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэж үзэж буйгаа хэллээ.

Боловсролын салбарын тухай хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбогдуулан иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, санал хүсэлтийн гол агуулга нь сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэхийн тулд шинээр хороолол, орон сууцны хотхон барихдаа цэцэрлэг, сургуулийн барилгыг хамтад нь шийддэг байх, боловсролын талаар төрөөс баримтлах бодлогыг тууштай хэрэгжүүлэх, сургалтын хөтөлбөрт Монгол Улсын түүх, соёл, эх хэл, уламжлал, ёс заншлыг зааж сургах цагийг нэмэгдүүлэх, сурах бичгийн агуулга, чанарыг сайжруулах, хувийн өмчийн сургуулиудын төлбөрийн хэмжээ, сургалтын чанарт хяналт тавих, малчдын 6 настай хүүхдийн боловсролын асуудлыг насны хувьд эргэж харах, сурагчдын дүрэмт хувцсыг хүүхдийн биед эвтэй, хөнгөн, өмсөх арчлахад хялбар, үнэ хямд байхад анхаарах зэрэг асуудлыг голлон хөнджээ.

Дараа нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга, тус яамны Санхүү, эдийн засгийн газрын дарга Ц.Баярхүү нар мэдээлэл хийсэн юм. Тус яамнаас гаргасан судалгаагаар 2010-2014 онд жил бүр тухайн жилийн улсын төсвийн 14-17 хувийг боловсролын салбарт зарцуулж ирсэн нь дотоодын нийт бүтээгдэхүүний 5.5 хувийг эзэлдэг байна. Харин олон улсын түвшинд боловсролын салбарт улсын төсвөөс зарцуулах хөрөнгийн хэмжээ дунджаар дотоодын нийт бүтээгдэхүүний 4-4.5 хувь байдаг аж.

DSC_4123Мөн тус яамнаас гаргасан судалгаагаар манай улсад 1970-1990-ээд он хүртэлх хугацаанд жилд 60-65 мянга орчим хүүхэд төрдөг байсан бол 1990-ээд оны дунд үед энэ тоо 40-50 мянга болж буурчээ. Харин 2010 оноос хойш төрөлтийн тоо өсч, 2013 онд 70 мянга, 2014 онд 85 мянгад хүрсэн байна. Ингэж хүн амын өсөлт нэмэгдэж, жилд төрөх хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд эрс өсч байгаа нь сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын салбарт зардлын нэмэлт ачаалал үүсгэж байгаа ч хөрөнгө оруулалт төдийлэн нэмэгдэхгүй байгаагаас гол бэрхшээл үүдэлтэйг яамны холбогдох албан тушаалтнууд хэлж байлаа.

Хэлэлцүүлэгт Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны доктор, профессор О.Пүрэв “Монгол өв уламжлал, ёс заншил, түүх, соёлын талаар ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт тусгаж ирсэн байдал, цаашдын хандлага, зорилт”, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Л.Болормаа “Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт” сэдвээр илтгэл тавьсан юм.

DSC_4115Мэргэжлийн хяналтын байгууллагаас боловсролын салбарт хийсэн сүүлийн гурван жилийн хяналт шалгалтын дүнгээс үзэхэд сургалтын орчин, багшлах бүрэлдэхүүний чадавх энэ салбарт дутагдалтай байгаа, энэ нь сургалтын чанарт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг тогтоож, талаарх үнэлэлт дүгнэлтээ салбарын яаманд нь хүргүүлжээ. Мөн сүүлийн жилүүдэд сургуулийн өмнөх байгууллагын хүрэлцээ хангамжаас шалтгаалж хувийн хэвшлийн байгууллагууд олноор байгуулагдаж байгаа ч тэдгээрт мэргэжлийн боловсон хүчин хангалтгүйгээс хүүхдийн аюулгүй орчин эрсдэлтэй байгааг онцолсон байна. Түүнчлэн төсөв хөрөнгийн хомсдолоос шалтгаалж анги дүүргэлт их, сургалтын тоног төхөөрөмж дутагдалтай, хичээлээс гадуур зохиох ажил ажил хангалтгүй байгаагийн зэрэгцээ тус салбарт орчны стандарт байхгүй, эрүүл ахуйн норм норматив нь 1995 оноос хойш шинэчлэгдээгүй байгааг дурджээ.

Ингээд хэлэлцүүлэгт оролцсон Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин, Р.Бурмаа, А.Бакей, Л.Болд, О.Баасанхүү нар хууль тогтоомжийн хэрэгжилт болон зарим тодорхой асуудлаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Сангийн яамны холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Ж.Батзандан, Д.Хаянхярваа, Д.Арвин нар саналаа хэлсэн юм.

Байнгын хорооны ажлын хэсэг энэ асуудлаар холбогдох яамдаас албан бичгээр хариу авч, хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан санал, хүсэлтийг нэгтгэн байнгын хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэх юм байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн нөхрийг цэцэд зүтгүүлж байна

Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан ирэх даваа гаригт болж, Цэцийн гишүүнд нэр дэвшсэн 17 нэр …