Хөрс бохирдуулж, хөл дор хөглөрсөн хуванцар

safari-0077Хуванцар сав, гялгар уут бидний өдөр тутмын хэрэглээний салшгүй нэг хэсэг. Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлыг ч эдэнгүйгээр төсөөлөхийн аргагүй. Сүүлийн үед хуванцар сав, баглаа боодол хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг гэх яриа газар авлаа. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас бидний хэлж заншсанаар 25 литрийн шар хуванцар сав, 200-гийн цэнхэр саванд нарийн шинжилгээ хийжээ. Шинжилгээний хариугаар хүний сэтгэцэд нөлөөлж, хорт хавдар үүсгэдэг химийн хортой бодис агуулагддаг болохыг тогтоосон байна. Арга ч үгүй биз. Уг нь эдгээр савыг техникийн зориулалтаар хэрэглэх ёстой. Импортоор шатахуун, тос, бусад төрлийн химийн бодистой орж ирдэг. Харин манайхан сайтар угааж байгаад л ус, сүү хадгалж, зөөх зориулалтаар хэрэглэх болсоор удаж байна.

Тэгвэл хүнсний бүтээгдэхүүний хуванцар сав, баглаа боодол эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байж чадах уу. Ялгаагүй л хуванцар сав. Бид өдөр тутамдаа импортоор оруулж ирсэн, дотооддоо үйлдвэрлэсэн хуванцар савтай цэвэр ус, жүүс гээд олон төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг.

Харин ШУА-ийн харьяа Химийн шинжлэн ухааны хүрээлэнгээс дээрх нэр төрлийн бодисыг химийн хортой бодис биш, хүний эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Харин МХЕГ-ын Байгаль орчин аялал жуулчлалын хэлтсийн дарга Цэрэндаш “Хуванцар сав үйлдвэрлэдэг бодис зуун хувь цэвэр биш. Их бага хэмжээгээр химийн бодис орсон байдаг. Тиймээс хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Тухайлбал, цэвэр ус, хийжүүлсэн ундааны хуванцар савыг хийхэд өөр өөр найрлагатай байдаг. Тэгэхээр найрлагад нь өөр төрлийн бодис ордог л байж таараа” хэмээсэн.

Өнөөдрийн байдлаар манай улсад хүнсний сав, баглаа боодлын үйлдвэрлэл эрхэлдэг 28 аж ахуйн нэгж байгууллага байдаг. Эдгээр байгууллагын 10 нь хуванцар бэлдэц ашиглаж үйлдвэрлэл явуулдаг юм байна. Харин импортоор орж ирж буй хуванцар сав суулга нь 25 улсын 1411 нэрийн 9,218,909 ширхэг хүнсний зориулалттай ба үүний 93,9 хувийг Хятад улсаас, 2,1 хувийг нь БНСУ-аас, 1.2 хувийг Сингапур улсаас, 2.8 хувийг бусад улсаас  оруулж ирсэн байна.

Хог, хаягдал болсон хуванцар сав, гялгар уут нь хэдэн зуун жилийн турш хөрсийг бохирдуулдаг. Тодруулвал, хуванцар сав нь байгальд задрахын тулд 100-1000 орчим жил хөрсөнд хадгалагддаг юм.  Тиймээс энэ төрлийн бизнес эрхлэгчид хуванцар сав үйлдвэрлэж зах зээлд гаргаж, ашиг олж байгаа бол түүнийгээ эргүүлэн татдаг байх ёстой гэсэн саналыг БОНХЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэсэн хуванцар саваа байгаль орчинд хог болгохгүйгээр түүнийгээ эргэн боловсруулдаг байх ёстой гэсэн үг юм.

Монголын хог хаягдалыг дахин боловсруулах үндэсний холбооноос мэдээлснээр манай улсын хэмжээнд жилд дунджаар нэг сая гаруй тонн хог хаягдал үүсдэг ажээ. Үүнээс 35 хувийг нь ангилан ялгаж, дахин боловсруулдаг байна. Хоёрдогч түүхий эдийн 225 цэг Улаанбаатарт, 330 цэг орон нутагт ажиллаж байгаа аж.  Нийт хог хаягдлын  20-30 хувийг хуванцар сав эзэлдэг юм байна.

АНУ-д хуванцар савны дахин боловсруулах бизнес хүчээ авсан. Өдгөө тус улсад дахиварын 1600 гаруй үйлдвэр байдаг бөгөөд хуванцар савны 70-80 хувийг дахин боловсруулдаг аж. Харин Европын улс орнууд тус боловсруулалтыг сайшаадаггүй учир хуванцар савны 2,5 хувийг л дахин үйлдвэрлэгдэг аж.

Манай улсад одоогийн байдлаар хоёр компани энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Дархан-Уул аймгийн “Сан Оргиу” ХХК бол анхдагч нь.  Тус компани нь хаягдал хуванцарыг цэвэрлэж, ялгаж, бутлах, хайлуулах, хэвэнд цутгах, хөргөх гээд 10 гаруй дамжлагын дараа шинэ бүтээгдэхүүн гаргадаг аж. Зөвхөн ус, ундааны сав гэлтгүй гялгар уутыг хүртэл боловсруулж ,30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Жишээ нь, 600 тонн гялгар уут, хуванцар савыг боловсруулж, 12 мянган метр хашаа, 600 ширхэг сандал, 400 ширхэг хогийн сав, 30 мянган ширхэг хуванцар шон гаргадаг аж.

Энэ талаар  Сан-оргиу компаны ажилтан А.Алтангэрэлээс тодруулахад: “Сандал, хайс, хашаа үйлдвэрлэх нь гол ажил маань биш. Бид байгальд хортой гялгар уут, хуванцар савыг хүмүүсээс худалдан авч байгаа маань байгаль хамгаалалд гар бие оролцож буйн илрэл юм. Манайх өдөртөө тонн шахуу гялгар уут, хуванцрыг худалдан авч, үйлдвэр дээрээ татан төвлөрүүлдэг. Түүгээрээ бүтээгдэхүүнээ хийдэг. Зарим хүн манай үйл ажиллагааг агаар бохирдуулж байна гэж бодож магадгүй л дээ. Тэгвэл бид түүхий эдээ шатааж агаар бохирдуулдаггүй. Манай компанийн хайлах машин маань шатаах биш, жигнэх аргаар өөрөөр хэлбэл, утаагүй технологиор ажилладаг. Тийм болохоор байгальд хор нөлөөгүй” гэлээ.

 Хөрс бохирдуулж, хөлд хөглөрсөн хуванцар хог хаягдлыг дахин боловсруулж буй хоёр дахь үйлдвэр бол “Ахуй мандал” ХХК юм.

Тус үйлдвэр нь ажилласан тос , хуванцар, дугуй зэрэг нь ил хаяхад байгаль орчинд сөргөөр нөлөөлж, шатаахад хорт утаа ялгаран, агаар бохирдуулдаг хог хаягдлыг дахин боловсруулж түлш гарган авдаг. Мөн уг үйлдвэрийнхэн цаас, шил, үнс зэргийг дотооддоо дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр судалж байгаа аж.

“Ахуй Мандал” дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллгааны талаар  Үйлдвэрлэл хариуцсан инженер Ж.Нямцэрэн  “Манай үйлдвэр өдөрт 5 8 тонн дизель түлш үйлдвэрлэх хүчин чадалтай ч ашиглалтад оруулаад удаагүй бай гаа учраас одоогоор 1.5 2 тонныг л үйлдвэрлэж байна.  Бид үйлдвэрээ бараг хоёр тэрбум төгрөгөөр байгуулсан. Үйлдвэрлэл эрхлэхэд санхүүгийн бэрхшээл алхам тутамд тулгарч байгаа ч манайх ашгийн төлөө бус байгууллага. Нийслэлийн хог хаягдлыг бага ч гэсэн бууруулах үүднээс өөрийн боломж чадлаараа ажиллаж байгаа. Хоёрдогч түүхий эд тушаах иргэдийн тээврийн зардлыг хэмнэх үүднээс бүх аймагт хуванцар бутлах тоног төхөөрөмж байрлуулах төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хуванцар, дугуй, ажилласан тос нь байгаль орчныг ихээр бохирдуулдаг. Манай улсад энэ төрлийн хог хаягдлыг байгальд ээлтэйгээр шийдсэн тохиолдол байгаагүй. ” хэмээн ярьсан юм.

            Миний бодлоор өнгөрсөн хугацаанд монголчуудын хогоо “устгаж” байсан арга нь учир дутагдалтай юм. Газарт хог булна гэдэг байгаль орчныг сүйтгээд барахгүй нүглийн нүдийг гурилаар хуурч байгаатай ялгаагүй юм. Хур хог нүдэнд ил харагдахгүй, газар дор байгаа ч хүрээлэн буй орчиндоо асар их аюул учруулдаг. Хог булсан газарт өвс ургахгүй, улаан халцгай байх нь бий. Энэ бүхнийг үгүй хийх, хогны төлөө санаа зоволтгүй байх боломжийг дахин боловсруулах үйлдвэрүүд олгож байгаа юм. Тиймээс манай төр засгаас дахиварын үйлдвэрийг эрчимтэй хөгжихөд дэмжлэг үзүүлж, хууль эрх зүйн таатай орчиныг бүрдүүлэх хэрэгтэй юм.

ХИС Сэтгүүл Зүйн ангийн оюутан  С.Шинэбаяр

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …