Ц.Мөнхбаатар: Хэвлэлийн эрх чөлөөг аль нэг  сэтгүүлчийн юмуу хэвлэл  мэдээллийн байгууллагын эрх төдийгөөр ойлгох нь  зохимжгүй

mbДэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан Монголын  Сайтын Холбооноос  хэвлэл мэдээллийн байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, сэтгүүлчид, сэтгүүл зүйн салбарын ажилтнуудад хандсан томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан  МОСАХ-ны  Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Мөнхбаатартай ярилцлаа

–  Танд удахгүй болох Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе. Байгууллагынхаа  товч  танилцуулга мэдээллийг хүргэвэл…

– Баярлалаа, МОСАХ бол 6 жилийн түүхтэй, энэ хугацаанд өөрөөсөө хоёр төрийн бус байгууллагыг “төрүүлсэн” гаргасан,  170 гаруй сайтыг эгнээндээ нэгтгэсэн, цахим сэтгүүлзүйн  салбарын томоохон ТББ-уудын нэг юм. Манай холбоо нь  вэб сайт эрхлэгчдийг нэгтгэж, тэдний бизнесийн боломж, хамтын ажиллагааг хөгжүүлэх, нийтлэг эрх ашгийг илэрхийлэх, хамгаалах, хөгжлийг дэмжих, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж улмаар  цахим сэтгүүл зүйг хөгжүүлэхэд  хувь нэмрээ оруулах чиглэлд анхааран ажилладаг гишүүддээ үйлчилдэг ТББ юм.

– Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан МОСАХ-оос ямар ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа вэ?

-Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг дан ганц сэтгүүл зүйн салбарынхны  тэмдэглэн өнгөрүүлэх баярын өдөр гэж ойлгохоосоо илүүтэйгээр энэ  салбарт тулгамдсан асуудлаа  төр болон төрийн бус байгууллагууд өөр хоорондоо ярилцан хэлэлцэх ёстой өдөр гэж үзэж байгаа. Энэ өдрийг угтаж МОСАХ санаачлан, МСНЭ-тэйгээ хамтран 5 сарын 01-ний өдөр  Төрийн ордонд “Монголын цахим сэтгүүл зүйн анхдугаар форум” зохион байгуулж байна. Тус форумд хэвлэл мэдээллийн салбартай холбоотой үйл ажиллагаагаа явуулдаг ихэнх  төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож,  тэдгээрийн удирдлага мэргэжилтнүүдийн зүгээс өөр өөрийн хамаардаг чиглэл, үйл ажиллагааныхаа дагуу тодорхой сэдвээр илтгэл уншиж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Ингэснээр бид сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээлийн салбарууудаас нэлээд олны анхааралд өртөөд байгаа цахим сэтгүүл зүйн асуудлын талаар тодорхой ойлголцол, нэгдсэн байр сууринд хүрнэ гэж ойлгож байна. Мөн энэ форумд цахим сэтгүүл зүйн чиглэээр үйл ажиллагаа явуулдаг бүх сайтуудын удирдлага сэтгүүлчдээс эхлээд Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ, Засгийн газар, яам, агентлаг, дүүрэг зэрэг төрийн байгууллагуудын хэвлэл мэдээллийн ажилтнуудыг оролцуулахаар албан бичгүүдээ холбогдох газруудад нь хүргүүлсэн. Цахим хэвлэл мэдээллийн салбарын тулгамдсан асуудлыг  форумын хүрээнд хамтдаа хэлэлцэж ярилцахаар төлөвлөн бэлтгэл ажлаа хангаж байна. Одоогоор хандсан байгууллагуудын 90% нь форумдаа идэвхтэй оролцохоо мэдэгдээд байна.

Дээр нь  бид цахим сэтгүүл зүй гэдэг энэ  салбарыг  мэргэжлийн бакалаврын зэрэгтэй цахим сэтгүүлч гэдэг мэргэжилтэй боловсон хүчин цаашид түүчээлэн   авч явах учиртай гэж  үзээд Отгонтэнгэр ИС-ийн сэтгүүл зүйн тэнхимтэй хамтран ирэх намрын хичээлийн жилээс эхлэн Цахим сэтгүүл зүйн анхны мэргэжилтнүүдийг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллаж эхлээд байна. Энэ үйл хэрэг нь  тун удахгүй цахим сэтгүүл зүйн салбарт шинэ хөгжлийг авч ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Мөн МОСАХ-оос Цахим сэтгүүлзүйн форумаас гадна үе үеийн сэтгүүлчид, сэтгүүл зүйн салбарт ажиллаж байсан ахмадууддаа зориулан баярын концертийг 5  сарын 2-ны 10:00 цагт МҮЭСТО-д үнэ төлбөргүйгээр үзүүлж,  тэдэнд гарын бэлэг гардуулахаар болсон. Ахмад сэтгүүлчид та бүхнийг энэхүү концертийг хүрэлцэн ирж үзэхийг МОСАХ-ны зүгээс урьж байгааг энэ дашрамд уламжилья.

Дэлхий нийтээрээ Ногоон хөгжил- Эко орчинг дэмжиж байга аэнэ цаг үед МОСАХ-ны гишүүн сайт бүр  нэг мод тарих  зэрэг олон ажлыг бид хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

– Цахим салбарын сэтгүүлчид дунд мэдээллийнхээ эх сурвалжийг нягтлалгүй тавих, бусдын мэдээллийг “хулгайлах” зэрэг зөрчлүүд цөөнгүй гардаг, энэ тухайд танай холбоо ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

– Хэвлэлийн эрх чөлөөг дээдэлнэ гэдэг бол наад зах нь мэдээ “хулгайлдаггүй” байх ёстой. Дээр нь цахим сэтгүүл зүй нь өөрөө богино хугацаанд мэдээлэл нь асар хурдацтай бусдад хүрдэг онцгой салбар. Үүнийг  сэтгүүлчид бид харгалзан үзэж, эрхэлж байгаа ажилдаа хариуцлагатай, ёс зүйтэй, зарчимч байдлаар хандах хэрэгтэй. Манай холбооны  Ерөнхийлөгчийн зүгээс энэ асуудлын хүрээнд өнгөрсөн 3 сард  гишүүн сайтууддаа хандсан уриалга гаргаж, энэ уриалгадаа бусдын мэдээг зөвшөөрөлгүй өөрийн сайтдаа оруулах, мэдээ “угаах” гэх зэрэг зохисгүй үйлдлийг таслан зогсоохыг нийт гишүүн сайтууддаа хандаж гаргасан байдаг. Мөн дээр нь  5 сарын 01-ны өдөр болох “Цахим сэтгүүл зүйн анхдугаар форум”-д Оюуны өмчийн газраас энэ сэдвээр илтгэл хэлэлцүүлэх болсон. Мэдээлэл олж бусдад хүргэх нь сэтгүүлчийн үүрэг мөн боловч  өөрийн олсон гэх мэдээлэл нь  сошиал орчноос авсан төдий хуурай хуумгай, эх сурвалж нь баталгаатай биш байснаас болж адаг сүүлд нь сэтгүүлч гэм зэмд унах, эрүү иргэний хэргээр яллагдах явдал байсаар байна. Нөгөө талаас эрүүгийн болон иргэний хууль дах хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой эрх зүйн орчинг эргэж харах цаг нь болсон. Хэн дуртай нь сэтгүүлчийг буруутгаж, амандаа орсон тоогоор мөнгө төгрөг  нэхэмжлэн “дарамталж”, сэтгүүлчид  эрүүгийн хэрэг үүсгэн яллах нь хэвлэлийн эрх чөлөөг дээдэлдэг улс орнуудын хувьд бид хамаагүй хойгуур байр эзлэх үндэслэл болж байна.

– Хэвлэлийн эрх чөлөөг аль болох хуулийн хүрээнд хумих сонирхол улс төрчдөд байх шиг…

– Хэвлэлийн эрх чөлөө гэдгийг бол тухайн сэтгүүлчийн юмуу хэвлэл мэдээллийн байгууллагын эрх төдийгөөр ойлгох нь  зохимжгүй. Энэ бол ардчиллын үндсэн зарчим болсон, иргэдийн мэдээлэл авах эрхтэй салшгүй  холбоотой чухал зүйл. Улс төрчдийн хувьд мэдээжийн хэрэг сэтгүүлчид тэднийг магтахаасаа илүүтэй шүүмжлэх нь их болохоор  аль болох хуулиар тэдний эрхийг хумихыг хичээж ирлээ. Гэхдээ сэтгүүлчид бид өөрсдөө эв нэгдэлтэй, зарчимтай байж чадвал тэдний дайралтыг даван туулж чадна шүү дээ.

– Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд танай холбооны гишүүн сайтын мэдээ мэдээлэлтэй холбоотой гомдол саналаа танайд илэрхийлж болох уу?

– Бүрэн боломжтой, МОСАХ-ны хувьд Хууль, мэргэжлийн ёсзүйн хороо, Гадаад харилцаа хамтын ажиллагааны хороо, Бизнес хөгжил, төслийн хороо, Мэдээллийн технологи, аюулгүй байдлын хороо, Сургалт гишүүнчлэлийн хороо гэсэн 5 хороонд хуваагддаг бөгөөд хороод тус бүрийг Дэд ерөнхийлөгч нар удирдан ажилладаг. Гишүүн сайтууд эдгээр 5 хороонд хуваагдан  холбооны  үйл ажиллагаанд оролцдог. Хууль, мэргэжлийн ёсзүйн хороог МОСАХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан өдгөө Дэд ерөнхийлөгч Ж.Жаргалсайхан удирддаг. Хэрвээ иргэд, аж ахуйн  нэгжүүд манай холбооны гишүүн сайттай холбоотой гомдол санал бидэнд ирүүлбэл, бид юуны өмнө тухайн асуудлыг Хууль, мэргэжлийн ёсзүйн хорооны хурлаар оруулан авч хэлэлцэж,  тухайн сайтын  редакцитай холбогдон асуудлыг шалгаж нягтална. Ингэсний дараа үнэхээр тухайн сайтын буруутай үйлдэл байгаа бол залруулга гаргах чиглэл өгдөг. Гэтэл тухайн сайт энэ шаардлагыг эс биелүүлэх бол шаардлагатай гэж үзвэл асуудлыг нь Удирдах зөвлөлийн хурлаар оруулан  хэлэлцэж тухайн сайтыг Холбооны гишүүнчлэлээс хасах хүртэл арга хэмжээ авдаг дотоод журамтай.

– Цаг зав гарган ярилцсанд баярлалаа

– Та бүхэнд баярлалаа, ажлын өндөр амжилт хүсье.

Ярилцсан Г.Нараа

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Б.Одонтунгалаг:Санхүүгийн сахилга баттай байхын тулд хамгийн эхэнд санхүүгээ төлөвлөж, орлого, зарлагаа тооцоолох шаардлагатай

Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай  хувь хүн болоод өрхийн санхүүгээ хэрхэн удирдаж …