Д.Сарангэрэл: Хэвлэл, мэдээллийн салбарын зургаан мянга гаруй хүнд итгэл, урам зориг өглөө

1429084989552e1b3d6f911УИХ-ын гишүүн Д.Саран­гэрэл­тэй ярилцлаа.

Гэмт хэргийн тухай хуульд сэтгүүлч алдаа гар­га­сан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зааж байна. Энэ тухай та Ерөнхийлөгчөөс асууж, хориг тавина гэдэг үгийг  та хэлүүллээ…

-Монгол Улсын Ерөн­хий­лөгч анх удаа үйл ажил­лагааныхаа тайланг тавьж, гишүүдийн тавьсан бүх асуултад хариуллаа. Хөндөгдөөгүй сэдэв үндсэндээ үлдээгүй гэж хэлж болно. Ажлын цаг дууссан хэдий ч Ерөнхийлөгч бүх гишүүний асуултад хариулахад бэлэн гэдгээ илэрхийлж, чуулганыг сунгаж хуралдуулсан шүү дээ. Үр дүнд ньгишүүд асуултдаа хариулт авч олон нийт цаг үеийн асуудлаар хангалттай мэдээлэл авах бололцоо гарсан гэжбодож байна. Тэр дунд хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаатай холбоотой асуудал анхаарлын төвд байсан. Сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгслийн хууль эрхзүйн орчин эрс муудаж байгааг сэтгүүлчид хэлж байна. Хил хязгааргүй сэтгүүлчид олон улсын байгууллагаас гаргасан хэвлэлийн эрх чөлөөний индексээр манай улс 76-аас 98 руу ухарсан үзүүлэлттэй байна. Он гар­саар зургаан сэтгүүлчид ямар нэгэн байдлаар эрхэлж байгаа ажлынх нь хүрээнд хууль, хяналтын байгууллагаас хариуцлага ногдуулсан байна. Нөгөө талаас парламентаар хэлэл­цүүлэхээр оруулж байгаа хуулийн төслүүдэд хэвлэл, мэдээллийн хэрэгс­лийн үйл ажиллагаанд дарамт шахалт үзүүлсэн заалт зоолттой орж ирдэг буруу жишиг тогтох хандлагатай боллоо. Энэ асуудлыг сэт­гүүлчдийнхээ өмнөөс хөндөж тавьсныг Ерөнхийлөгч нааш­тай хүлээж авсанд талархаж байгаа. Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг тууштай хамгаална гэдэг санааг Ерөнхийлөгч хэлсэн. Энэ эрхийн эсрэг хууль гарах аваас хориг тавина гэдгээ хэллээ.

Шүүхийн ажиллагаа эвлэрүүлэн зуучлах чиглэл рүү явна гэдэг санааг бас Ерөнхийлөгч хэлжбайсан…

-Энэ нь ч сэтгүүл зүйн салбартай холбоотой гэж ойлгож байгаа. Нэг зүйлийг тэмдэглэн хэлэхэд хэвлэлийнхэн маань ч ёс зүйтэй, мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллах хэрэгтэй. Ялангуяа мэдээ мэдээлэл, нийтлэл нэвтрүүлгээ хэд хэдэн эх сурвалжаар баталгаажуулж байж сая олон нийтэд хүргэх нь бидний үүрэг юм. Нөгөө талаас мэдээлэл олж авах боломж хязгаарлагдмал байгааг бас дурдахгүй өнгөрч болохгүй. Төрийн албан тушаалтнууд сэтгүүлчдэд мэдээллээ өгдөггүй, хойрго ханддаг байдал ч сэтгүүлчдэд мэргэжлийн үүргээ биелүүлэхэд бэрхшээл учруулдаг нь бодит үнэн.Тиймээс санаатай гэхээсээ илүүтэй шуурхай ажиллагаа шаарддаг мэргэжлийн онцлогоос шалтгаалан алдаж онох тал сэтгүүлчдэд тохиолддог. Энэ мэт мэргэжлийн алдааг нь Эрүүгийн болон Гэмт хэргийн тухай хуулиар шийтгэдэг нь буруу. Дэлхий нийтийн жишиг ч ийм. Дийлэнх улс орнуудад сэтгүүл зүйтэй холбоотой асуудлыг Иргэний хуулиар зохицуулж байна. Манай хэвлэлийн эрх чөлөөний индекс ухарсан шалтгааны нэг нь үүнтэй холбоотой. Шинээр боловсруулсан Гэмт хэргийн тухай хуульд гүтгэхтэй холбоотой заалтыг Х.Тэмүүжин сайд хасч оруулж ирсэн. Хэвлэлийнхэн маань ч энэ дэвшлийг талархан хүлээн авч Хэвлэлийн ёс зүйн зөвлөлөө байгуулсан. Мэргэжлийн алдаа гарсан тохиолдолд энэ зөвлөл дүгнэлт гаргаж уучлал гуйлгах, эвлэрүүлэн зуучлах зэргээр олон улсад үйлчилж байгаа тэр жишгээр ажиллаад эхэлчихсэн явж байна. Өөрөөр хэлбэл гүтгэх, хүний нэр төрд халдах, ёс зүйгээ зөрчсөн үйлдлийг зүгээр өнгөрөөхгүй гэдгээ сэтгүүлчид хүлээн зөвшөөрсөн хэрэг. Гэтэл сэтгүүлчдийн мэргэжлийн алдааг хулгай дээрэм, танхайн гэмт хэрэгтэй адилтган шийтгэж байх заалтыг Гэмт хэргийн тухай хуульд дахин суулгаж оруулж ирснийг сэтгүүлчид эсэргүүцэж байгаа юм. Хэрэв энэ заалт батлагдвал Ерөнхийлөгч хориг тавина гэдгээ мэдэгдсэн нь хэвлэл, мэдээллийн салбарын зургаан мянга гаруй хүнд итгэл, урам зориг өглөө.

Ер нь Гэмт хэргийн хуульд энэ заалтыг сэргээж оруулах гээд байгаагийн цаад зорилго, утга учир нь юу юм бол?

-Юу юугүй эзэн холбогдогч хайж хэн нэгнийг буруутгахыг хүсэхгүй байна. Тал талаас нь ярьж зөв шийдэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. УИХ-ын бүх гишүүн хэвлэлийн эрх чөлөөний эсрэг байдаг гэвэл хэт өрөөсгөл болно. Юмны наад цаадахыг ухаж ойлгож чаддаг, асуудалд бодитой ханддаг хүн олон бий. Тиймээс Гэмт хэргийн тухай хуульд орж ирсэн хэвлэл, мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдалд халдсан дээрх заалтыг засч залруулна гэдэгт итгэж байна.

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга нэлээд хэл ам дагуулаад төсөл санаачлагч нь эргүүлэн татсан. Ер нь энэ хуулийг шинэчилнэ гэвэл таныхаар ямар байдлаар өөрчлөх ёстой вэ?

-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр М.Батчимэг гишүүн нэлээд ажилласан. Дахиад ч сайн ажиллах шаардлагатай гэдэг нь хэвлэлийнхний хандлагаас ажиглагдаж байна. Тэр дундаа одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль”-ийн үндсэн зарчим, үнэт зүйл алдагдахад хүрч байна гэж энэ хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй хэвлэлийнхэн үзэж байгаа нь хэлэлцэж ярилцах ёстойг хэлж өгч байна. Гишүүнтэй энэ талаар ярилцсан. Хэлэлцүүлэг хийе, хэвлэлийнхэнтэйгээ нэгдсэн ойлголтод хүрье гэж байгаа. Тэр дундаа эрхлэгчийн эрхийг хязгаарласан, хувийн өмчид халдаж байгаа зэрэг хэд хэдэн асуудлыг эргэж харах хэрэгтэй болж байна. Хэвлэлийн эрх чөлөөний тухай шинэ хуулийн шинэчилсэн найруулгын 12.3-т “Хэвлэл, мэдээллийн хэрэгслийн мэдээний хөтөлбөрт төлбөртэй, захиалгатай мэдээ, мэдээлэл оруулахыг хориглоно” гэж заасан. Мөн энэ төсөлд хэвлэл, мэдээллийн хэрэгслийн эрхлэгч, захирал нь ажилтнуудынхаа мэргэжлийн үйл ажиллагаанд оролцохыг хориглосноос гадна хувьцаа эзэмшигчдийн нэр, эзэмшиж байгаа хувь хэмжээг зарлах зэрэг хэвлэл, мэдээллийн хэрэгслийг илт ялгаварлан гадуурхсан заалт орсон. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл улсад татвараа төлөөд явдаг бусад аж ахуйн нэгжийн адил Компанийн тухай хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагдаад л явдаг салбар. Ер нь төлбөртэй үйл ажиллагаа явуулах эрхийг нь л хязгаарласан заалт, дарамт шахалт сүүлийн үед нэмэгдэж байна. Ард түмнээ мэдээллээр хангах төрийн функцийг хуваалцаад явж байгаа нь л өөрөө хэвлэл, мэдээллийн хэрэгслийг төр дэмжих үндэслэл мөн. Гэтэл ганц ч төгрөгийн нэмэргүй хэрнээ нэрмээс болох гээд байгаа нь хэвлэлийнхний дургүйг хүргээд байгаа юм. Та гуанзанд үнэгүй хуушуур иддэггүй биз дээ.Тэрэнтэй л ижил. Түүнчлэн телевиз, радио, сонин, сайт хичнээн олон хүнийг ажилтай, орлоготой байлгадгийг бодолцох хэрэгтэй. Гэтэл энэ хүмүүстээ эрхлэгч нь үг ч хэлэх эрхгүй байна гэдэг ой тойнд багтамгүй. Тэгсэн атлаа сэтгүүлч алдаа гаргавал дарга нь, байгууллага нь хариуцлага хүлээдэг ийм ёс ер нь хаана ч байхгүй л дээ.

Хэвлэл мэдээлэлд зориулсан хууль заавал байх ёсгүй гэдэг байр суурийг зарим нь илэрхийлдэг л дээ.

-Дөрөв дэх засаглалын үйл ажиллагаагтовч бөгөөд тодорхой зааж өгсөн сайн хуультай гэж үздэг сэтгүүлчид дийлэнх байдаг. Тиймээс ч 1998 оны “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль”-ийг тунхаглалын чанартай гэж ганц нэг хүн шүүмжлэхэд хэвлэлийнхэн таагүй ханддаг. Одоо хэвлэлтэй холбоотой санаачлаад оруулж ирж байгаа хуулийн төслүүдийг харахад сайн хуультайдаа бахархдаг сэтгүүлчид олонх нь байдгийг ойлгож болохоор. Бүх юмыг нарийвчлан хуульчлах тусмаа төвөгтэй, хэрэгжих боломж нь буурдаг гэж том хуульчид зүгээр нэг хэлдэггүй юм байна. Ер нь суурь хууль байгаа цагт бусад асуудлыг мэргэжлийн байгууллагын, редакцийн бие даасан зохицуулалтын хүрээнд авч үзэх нь хэвлэлийн эрх чөлөөг хангах, ардчиллын суурь зарчмыг хангах үндэс суурь гэж ойлгож болно.

Одоо ярьж байгаа Зөрчлийн тухай хуулийн төсөлд хэвлэл мэдээллийг боомилсон заалтууд нэлээд явж байгаа гэв үү?

-Зөрчлийн тухай хуулийн хувьд хэвлэл, мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой бас л хүлээж авах боломжгүй заалтууд туссан. Зургаан сарын турш мэдээ материалаа архивлаж хадгалах, хуулиар хориглосон реклам сурталчилгаа бэлтгэсэн бол аппарат, хэрэгслийг нь хураана, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэд дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль ногдуулна, үйл ажиллагаа явуулах эрхийг нь түдгэлзүүлнэ гээд авах юм байхгүй заалтууд орсон байна лээ. Өнөөдрийг хүртэл хэвлэл, мэдээллийн хэрэгслийг хаах хууль манайд байгаагүй юм шүү. Энэ хуулийн төслийг хэвлэлийнхэн маш сайн унших шаардлагатай. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төсөлд бас л хэвлэлийнхэн үнэ төлбөргүй мэдээ, мэдээлэл бэлтгэх заалт орж. Саналаа хэлсэн. Ажлын хэсэг анхаарч үзнэ гэсэн байгаа. Захиргааны Ерөнхий хуулийн төсөлд ч хууль зөрчсөн даргын уучлалыг хэвлэл үнэ төлбөргүй тавина гээд хавчуулаад л авсан байх жишээтэй.

Ер нь дөрөв дэх засаглал салбарын эрх ашгаа хамгаалах чиглэлд сонор сэрэмжтэй ажиллах цаг болжээ. Монголын сэтгүүлчдийн эвлэл, Сонины холбоо, Сайтуудын холбоо зэрэг мэргэжлийн холбоод одоо л үүргээ биелүүлэх цаг ирлээ. Сэтгүүлчдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах нь та нарын үүрэг шүү. Энэ чиглэлд өдөр тутмын сонинуудаас “Өдрийн сонин” оройлж, маш хариуцлагатай ажиллаж байгааг онцолж хэлмээр байна. Хэвлэлийн асуудалд анхаарлаа хандуулахад танай сонины шат дараалалтай нийтлэлүүд надад нөлөөлснийг нуух юм алга. “Өнөөдөр”, “Үнэн” сонин хэвлэлийн хууль эрх зүйн орчны асуудалд анхаарлаа хандуулаад эхэллээ. Өөрс­дийнхөө эрх ашгийг хамгаалж хүчрэхгүй бол ард түмний үнэнийг мэдэх эрх ашгийг хамгаалж чадахгүй гэдгийг хэлье.

Сэтгүүлчдийг мэргэж­лийн үйл ажиллагааных нь төлөө, санамсаргүй алдаа гаргасных нь төлөө баривчилна, хорино гэдэг хандлагыг өөрчлөх хүсэлгүй байх шиг байна. Ийм учраас манайд хэвлэлийн эрх чөлөө бүрэн утгаараа хангагдана гэсэн ирээдүй байна уу?

-Хэвлэлийн эрх чөлөө бүрэн утгаараа өөрөө хангагдана гэж байхгүй. Нийт сэтгүүлчдийн эв нэгдэл, шаргуу тэмцэл л эрх чөлөөг бий болгоно. Хэвлэлийн эрх чөлөө эдийн засгийн эрх чөлөөтэй шууд холбоотой. Эдийн засгийн эрхийг нь боомилох замаар хэвлэлийн эрх чөлөөг хумих гээд байгаа хандлага ажиглагдаж байна.Улс төрчдийн тухайд хэвлэлийг аль болох дураараа удирдах сонирхол давамгайлдаг. Уг нь хэвлэлийн эрх чөлөөг хангах нь хүслийн тухай асуудал бус ардчилсан нийгмийн үндсэн зарчим гэдгийг л ойлгох ёстой. Сэтгүүлчдийг мэргэжлийн үйл ажиллагааных нь төлөө, санамсаргүй алдаа гаргасных нь төлөө барьж хорьдог, их хэмжээний мөнгөн торгууль хүлээлгэдэг энэ заалтыг засаж залруулахгүй бол 25 жилийнхээ амжилтыг үгүй хийхийн зэрэгцээ олон улсын тавцанд ч нэр хүндээ унагана. Манайх чинь ардчиллын загвар орон болж АНУ-ын Ерөнхийлөгчийн илтгэлд дурдагдсан улс. Энэ бол том амжилт. Амжилтыг ахиулдаг болохоос дордуулдаггүй биз дээ. Энэ талаас нь аваад үзэхэд уг заалтыг хасах учиртай. УИХ-д задгай сэтгэж чаддаг, эрүүл саруул, үнэний төлөө байдаг олонгишүүн бий. Тэгэх тусмаа алдаа мадагтай нийтлэл нэвтрүүлэг, мэдээ мэдээллийнхээ төлөө хариуц­лага хүлээж, уучлал хүсэх тогтолцоо сэтгүүл зүйн салбарт хэдийнээ бий болсон нь гишүүдэд Гэмт хэргийн тухай хуулиас дээрх заалтыг хасахад нөлөөлнө гэж итгэж байна.

Төсвийн мөнгөөр хэвлэл мэдээлэлд сурталчилгаа явуулахыг хориглох тухай санал ч гишүүдээсгарч байлаа. Энэ мэтээр хэвлэл мэдээллийг боомилох бодлого сүүлийн хоёр жил идэвхжлээ гэдэг дүгнэлтүүд хөвөрч байна. Та санал нийлэх үү?

-Эдийн засгийг эрчимжүүлэх УИХ-ын 34 тоот тогтоолыг хэлэлцэх үеэр төр, засгийн үйл ажиллагааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төлбөртэй сурталчлахгүй гэсэн санал зарим нэг гишүүнээс гарсан ч дэмжлэг аваагүй. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл төр, ард түмнийг холбодог гүүр. Гүүргүй болчихоор засаг яаж гол гатлах билээ дээ. Гишүүд энэ асуудалд ул суурьтай хандсан. Хаалтын гэрээ хийхийг хориглоно гэсэн заалт тогтоолд орсноос бус төрийн байгууллага үйл ажиллагааны мэдээлэл, тайлангаа хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төлбөртэй сурталчилж болно гэж эцсийн хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн. Тэгээд ч эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн төлөвлөгөөтэй тогтоолын хугацаа өнгөрсөн наймдугаар сард дууссан шүү дээ. Ер нь шинээр санаачилж байгаа хуулийн төсөл болгонд шахуу хэвлэл, мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг хязгаарласан, хариуцлага, торгууль шийтгэлийн тал нь зонхилсон хуулийн төслүүд цувраад байхаар хэвлэлийг боомилох ажиллагаа идэвхжлээ гэж дүгнэх нь зүйн хэрэг. Дээр дурдсан хуулийн төслүүд ингэж дүгнэхэд хангалттай үндэслэл болно. Сонгуулийн тухай хуулийн төсөл гээдхэвлэлд хязгаарлалт тогтоож байгаа хуулийн төслүүдийг бүгдийг нь хараахан нэрлэсэнгүй.

Хууль санаачлагч нартаа сануулахад 1998 онд батлагдсан “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль”-ийн хоёрдугаар зүйлийн “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах” хэсэгт “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно”гэж заасан байдаг юм шүү. Мөн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл өөрийн бэлтгэсэн нийтлэл нэвтрүүлгийнхээ төлөө өөрсдөө хариуцлага хүлээж, төрөөс мэдээллийн агуулгад цензур тогтоохгүй гэж хуульчилсан байдаг.

Ер нь та УИХ-ын гишүүн болсноосоо хойш ямар хуулийн төслүүд дээр ажил­лав. Хаврын чуулганд ажиллах хувь гишүүний төлөв­лөгөө гэж бий л байх…

-Нэлээд хэдэн хуулийн төсөл дээр гишүүдтэйгээ хамтарч ажилласан. Бидний ярьсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл, Малчдын тэтгэвэр, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Эмийн талаар төрөөс баримтлах бодлого, Шинжлэх ухааны талаар төрөөс баримтлах бодлого гээд олон хууль, тогтоомжийн төслийг нэрлэж болно. Хаврын чуулганаар Г.Батхүү гишүүн тэргүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төсөл, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төсөл дээр эмэгтэй гишүүдтэйгээ хамтран ажиллаж байна. Бие дааж бага насны хүүхдийн халамж асаргааны тухай хуулийн төсөл боловсруулж байна. Судалгааны ажлыг хийлгэж дууссан. Манайд бага насны хүүхэд хараа хяналтгүй зам дээр гүйдэг, гэртээ ганцаараа үлдэж осол гэмтэлд өртдөг, амь насаа алддаг явдал хэтэрхий их байна. Хариуцлага хүлээдэг болбол хэнэггүй хандлага багасах болов уу гэж горьдож байна. Ахмадын талаар нэг сайн хуультай болох юмсан гэж бас боддог. Ахмад настан гэхээр л тэтгэврийг нь тав, арван төгрөгөөр нэмэх тухай асуудал биш шүү дээ. Тухайлбал Тайваньд үр хүүхдүүд нь эцэг, эхдээ сар бүр мөнгөн тусламж үзүүлэх хуультай. Энэтхэгт өндөр настай иргэд нь галт тэргээр их зорчдог нь судалгаагаар тогтоогдож насны ангиллаар галт тэрэгний тасалбарын үнийг ахиу хөнгөлдөг байна. Энэ мэтчилэн манай ахмадуудад ямар хөнгөлөлт, үйлчилгээ үзүүлбэл илүү хэрэгтэй талаар судалж хууль хийвэл үр дүнтэй гэсэн бодол тээж л явна.

Улс орны эдийн засаг хүнд хэвээрээ л байна. Таван толгойд найдлага тавьсан, Оюу толгойг хэзээ хөдлөх бол гэж горьдсон хүмүүс л их байна. Таны байр суурь ямар байгаа вэ?

-Тийм ээ эдийн засаг амаргүй байна. Хүмүүсийн амьдрал тааруу байна шүү.Таван буудалд зам дагуу хоолны газар ажиллуулдаг хамаатны маань хүүхэд орлого эрс буурсан гэж ярьж байна.Шөлтэй хоол, хуурга идэх хүнгүй болчихоод ширхгийн хоол хийж зарж байна гэж байна. Бууз, хуушуурхан л гэсэн үг л дээ. Өдрийн зуун мянгын орлоготой байсан одоо арай гэж 30 мянга хүрэхтэй үгүйтэй орлоготой болжээ. Орлого хаа сайгүй буурчээ. Зах дээр худалдаа хийдэг хүмүүсбараа нь гүйхгүй өдөржингөө хөзөр тоглож өнгөрөөдөг болсон байна. Тэгээд бухимдахдаа УИХ-ын 76-г харааж, засагт уурсаж байна. Зүйн хэрэг шүү дээ. Ийм байхад улс төржилтөө хойш нь тавьж хэлэлцээний ширээний ард том жижиггүй суух хэрэгтэй болжээ. Хэдэн толгойгоо хөдөлгөе. Улс орон болон хамтрагч түншүүдийн аль алинд харилцан ашигтай байх арга зам хайж ашигт малтмалынхаа ашиг шимийг хүртэх л ёстой. Оюутолгойг би хэлж мэдэхгүй байна. Таван толгойн тухайд зөв хөдлөхгүй бол зах зээлгүй болох нь байна шүү дээ. Хойд хөрш өөрөө нүүрстэй. Манайхтай өрсөлдөж урд хөршид нүүрсээ зарахыг зорино. Урд хөрш маань дэлхийн хамгийн том нүүрс хэрэглэгч орон. Гурав дахь зах зээл рүү гарсан ч Хятад улсаар л дамжина.Хаашаа ч гарцгүй бид. Тиймээс толхилцолгүйгээр зөвшилцөж зөв шийдэлд хүрье, улсаа бодъё, ард иргэдийнхээ амьд­рал ахуйг дээшлүүлье гэсэн байр суурьтай байна даа.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Эх сурвалж: Өдрийн сонин

Санал болгох мэдээ

Г.Цолмон: Иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс зогсооно

Улсын их хурлын 2024 ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан сонгуульд санал өгөх иргэд оршин …