Н.Наранбаатар: Тархи зүрхний уулзвар дээрээс бүтээл төрдөг юм

93660503fcec3fd6original“Гамлет” жүжгийг шинээр амилуулж үзэгчдийн оюуны цангааг тайлсан уран бүтээлч бол УБЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар юм. Тэрбээр аливаа уран бүтээлийг хөрсөндөө хэрхэн буулгах вэ гэж эрэл хайгуул хийдэг нэгэн. Ингээд Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатартай Дэлхийн театрын өдрийг угтан уран бүтээлийн талаар яриа өрнүүлснээ уншигчдадаа хүргэе.

-Энэ сарын 27-нд Дэлхийн театрын өдөр болно. Энэ өдрийг угтаж танай хамт олон ямар арга хэмжээ зохион байгуулж байна вэ?

-Дэлхийн театрын институтаас 1961 оноос эхлэн гуравдугаар сарын 27-ыг дэлхийн театрын өдөр болгон тэмдэглэн эхэлсэн. Манай театр 1991 онд Дэлхийн театрын институтад гишүүнээр элсч, энэ баярыг тэмдэглэх болсон. Манай театрын хамт олон Дэлхийн театрын өдөрт зориулж “Гэгээн Муза” наадмыг зохион байгуулдаг уламжлалтай байв. Хэдэн жилийн өмнөөс энэхүү уламжлалаа өөрчилж“Сонгодог жүжгийн сар”-ыг зохиож дэлхийн сонгодог жүжгүүдээр үзэгчиддээ бэлэг барьж байна. Харин“Гэгээн Муза” наадмыг тавдугаар сард зохион байгуулна.

-“Сонгодог жүжгийн сар”-д багтсан уран бүтээлүүдийг ямар шалгуураар сонгож авав. Уламжлалт жүжгүүдээ багтаахыг зорив уу. Эсвэл шинэ уран бүтээлээр бэлэг барихаар шийдэв үү?

-Дэлхийн сонгодог бүтээл гэдэг өнөөдөр төрсөн дууг маргааш дуулдагтай адил амархан зүйл биш. Сонгодог бүтээлийг бодож, төлөвлөж төрүүлдэг учраас элбэг гэж ойлгож болохгүй. Энэ жил “Сонгодог жүжгийн сар” Уильям Шекспирийн “Гамлет” жүжгээр нээлтээ хийсэн. Виктор Хюгогийн “Парисын Дарь-Эхийн сүм”, Софоклын “Эдип хаан”, Сервантесын “Кихот ноён”, Ибсений “Нора” жүжгүүдийг үзэгчдэд хүргэхээр сонгосон.

– Шекспирийн“Гамлет” жүжиг таны найруулгаар үзэгчдэд дахин хүрлээ. Энэ жүжгийг найруулж байхдаа та юу бодож байв?

-“Гамлет”-ийг1979 онд Урлагийн Гавьяат зүтгэлтэн Галсанжав Драмын театрын тайзнаа найруулж монголчуудад анх удаа Гамлетыг өөрийнхөөрөө танилцуулсан байдаг. Ардын жүжигчин Л.Жамсранжав гол дүрд нь тоглосон түүхтэй. Тэр үед би дөрвөн настай байсан учраас юу гэж жүжиг үзэх вэ. Тухайн үеийн бичлэг гэж байдаггүйн дээр хэрхэн тавьсан талаарх мэдээлэл хомс. Архивын баримт байлаа ч гэсэн найруулагч хүн өөрийнхөө ертөнц, өнгө төрхөөр бүтээлийг амилуулдаг. “Гамлет” жүжгийг хүн төрөлхтөн сайн мэднэ. Энэ охь болсон бүтээлийг хүнд хүргэх амаргүй. Хэдийгээр Гётегийн “Фауст”-тай утга санаа, философийн хувьд эн зэрэгцэх ч “Гамлет”-д ойлгомжгүй зүйл их бий. Тэр ойлгомжгүй зүйлийг үзэгчдэд ойлгомжтой, бүр сонирхолтойгоор хүргэнэ гэдэг надад тулгарсан хамгийн том асуудал байв. Бүрэн зохиолоор нь найруулбал, зургаан цагийн жүжиг. Орчин үед театрт зургаан цаг суугаад жүжиг үзэх хүн байхгүй. Дээхнэ үед бол тийм тэвчээртэй үзэгчид байсан. Гэхдээ театрын өндөр соёлтой Орост арван цаг тоглодог жүжиг байна. Молодежный теарт тоглодог тэр жүжгийг олон цагаар тэвчээртэй үзэж, сонсдог Оросын үзэгчид гайхалтай. Тэглээ гээд би дотоодын үзэгчдээ шүүмжлээгүй шүү. Нөхцөл байдалдаа тааруулаад гурван цагийн жүжиг болгон найрууллаа. Мөн жүжгийн үйл явдал хөврөх сэргэн мандалтын үеийг барих уу, орчин үеийнхэнд ойлгомжтой байх үүднээс өнөөдрийн нийгмийг чиг баримжаагаа болгох уу гэж бодсоны эцэст авангард хэлбэрээр орчин цагийн нийгмийг харуулахыг зорьсон.

-Гадаадын театрын тайзнаа амилдаг тэр олон“Гамлет”-аас Н.Наранбаатарын бүтээсэн нь онцлог юу байна?

-Буддизмын ухагдахуунуудыг шигтгэж өгсөн. Тэгж байж дорнын ард түмний сэтгэлгээнд илүү наалдаж өгдөг. Уг нь бол жүжигт өрнийн сэтгэлгээ яваад байгаа юм. Гэхдээ сайн өнгийгөөд үзвэл “Гамлет”-д буддизмын ухагдахуун ажиглагддаг. Жишээ нь булшны хэсэг байна. Агуу Александр Македонский хүртэл шороонд булагдахын цагт бусдын адил один черт болдог. Энэ бол буддизмын мөн чанар. Өнөөдөр сайд, дарга байлаа ч газар доор орохын цагт ялгаагүй цогцос болно. Хэдий баян хүн байлаа ч алтан цогцос болоод ангид байна гэж үгүй. Энэ амьдралд орших уу эс орших уу гээд буддизмын ухаан энэ зохиолд ч тусгалаа олсон байдаг. Хүн үхлийн тухай бодож чаддаг байх хэрэгтэй. Хүмүүс үхлээс үргэлж айдаг. Нэгэн цагт үхэл ирвэл би яах вэ гэж өөрөөсөө асуулгүйгээр үхэлгүй мөнхийн мэт сэтгэж амьдардаг. Гамлет эцгийнхээ үхэлд аймшигтай харуусч гүн хямралд орж буйгаар жүжиг эхэлдэг. Эцгийнхээ араас хамгийн их харуусдаг ард түмэн дорно дахиныхан. Аавыгаа хайрлаж, бахархахдаа азиуд европчуудаас илүү. Европчуудын зохиосон аавын тухай дуу арван хуруунд багтах үгүйтэй. Энэ мэт дорнын сэтгэлгээнд ойр санаануудыг өлгөн авч жүжгээ найруулсан.

-“Гамлет” сонгодог жүжгийн ноён оргил гэдэг. Юугаараа энэ жүжиг ноён оргилд заларсан юм бол?

-“Гамлет”-ыг сонгодог жүжгийн гурван оргилын нэг гэсэн нь ч учиртай. Энэ жүжгийн үг, өгүүлбэр бүрт сул өнгөрөөх санаа гэж байдаггүй. Тийм дээд төвшинд бичсэн зохиол. Ухаж, төнхөж уншаад ухаарал, сэхээрэл авах бүтээл учраас хүн төрөлхтөн хайрлаж, хүндэлж ирсэн. “Гамлет”-ыг дээд оюун ухаантанд зориулсан сонгодог уран бүтээл гэж хэлж болно. Дахин дахин уншсан ч шинэ санаа гарч ирдэг шавхагдашгүй бүтээл учраас ноён оргилоор нэрлэсэн.

-Үзэгчид таниас шинэ бүтээл их хүлээдэг. Найруулахаар товлосон шинэ жүжгийн санаа бий юү?

-Боломж олдвол найруулаад л баймаар байна. Энэ жил Уильям Шекспирийн“Ромео Жульета хоёр” жүжгийг тавихаар харьяа яам, тамгын газартаа төсөл хүргүүлсэн. Урлаг хөгжүүлэх сангаас төсөв нь ирвэл үзэгчдэдээ хүргэнэ.

-Та яагаад“Ромео Жульета хоёр” зохиолыг барьж авах болов?

-Энэ жүжгийг1996 онд Н.Найдандорж найруулагч Драмын тайзнаа амилуулахад Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг, Гэрэлсүх нар гол дүрийг нь бүтээсэн. “Ромео Жульета хоёр” жүжиг миний оюутан цагаасаа сэтгэлдээ тээсэн мөрөөдөл байлаа. Энэ жүжиг тухайн үедээ үзэгчдийг байлдан дагуулсан.

-Таны“Ромео Жульета хоёр” Н.Найдандорж найруулагчийн бүтээлээс ямар шийдлээрээ өөр байх бол?

-Н.Найдандорж найруулагч “Ромео Жульета хоёр”-ыг мэндэлсэн дундад зууных нь чиг шугамыг барьж найруулсан. Харин би орчин үеийн, музыкальный хэлбэрээр найруулах бодолтой байна.

-Уран бүтээлийг өөрийн хөрсөнд буулгахад амаргүй биз дээ?

-Надад нэг бодол байдаг юм. Юу вэ гэхээр Европын дундад зууны үеийн хувцас, хэрэглэлийг өмсч тоглоод европ хүн болох гээд байдаг. Магадгүй манай театрт орос мэргэжилтнүүд ажиллаж, орос дэг жаягаар хөгжиж байсан учраас энэ байдал хэсэг хугацаанд үргэлжилнэ. Гэхдээ энэ санаа надад нэг л буудаггүй юм. Яагаад гэвэл ази хүн хэзээ ч европ хүн болдоггүй. Жишээлбэл, Эдуард гэдэг европ эрийг монгол ноёны хувцас өмсгөөд“Ээдрээ” жүжгийн Мөнх-Очир болговол бидэнд яагаад ч буухгүй. Тиймээс уран бүтээлийг өөрийн хөрсөн дээр идээшүүлж буулгах нь чухал. Нэг үгээр хэлбэл, хөрвүүлэх хэрэгтэй. Энэ бол миний хувь хүний бодол. Магадгүй өөр хэн нэгэн буруушааж магадгүй. Харин дорнын жүжгүүд бидэнд маш ойрхон байдаг. Япон, хятад хүний дүрд манай жүжигчид сайн уусдаг.

-Драмын театр Монголд орос дэг жаягаар хөгжсөн. Гэхдээ монгол хүний сэтгэлгээ, үзэл бодол ондоо учраас өөрийн гэсэн ялгарах шинж байдаг уу?

-Байна. “Ээдрээ”, “Оролмаа эх” гээд сайхан монгол жүжгүүд байна. Бид Станиславскийн системээр одоог хүртэл замнаж байна. Станиславский бол театр урлагийг үнэ цэнэтэй болгож нэгэн системд оруулсан хүн. Энэ хүний арга билгээр бид амьдарч байна. Америкууд хүртэл Станиславскийн системийг судлах болсон.

-Аливаа уран бүтээл найруулагчийн уран чадвараар үзэгчдэд хүрдэг. Та бүтээл төрнө гэдгийг юу гэж ойлгодог вэ?

-Тархи зүрхний уулзвар дээрээс уран бүтээл төрдөг. Хүн бүрийн тархи адилгүй сэтгэдэг. Тэр ч байтугай та бидний зүрхний хэмнэл хүртэл өөрөөр цохилж байдаг учраас бүтээл хүртэл давтагдашгүй төрдөг.

-“Жүжгийн зохиол төрөхгүй байна” гэсэн шүүмж олны дунд байдаг. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Социализмын үед үүрэг даалгавар гэдэг чухал зүйл байлаа. Төрөөс театрт тавих анхаарал ч илүү байсан. Тухайн үеийн төрийн томчууд театрт жүжиг их үздэг байсан. Тиймээс маш олон авьяаслаг зохиолчид төрөн гарч, уран бүтээлээрээ хоорондоо өрсөлдөж байв. Өрсөлдөөн бий болсон учраас хөгжиж байсан. Харин өнөөдөр театрыг анхаарахаа больсон. Театрт анхаарал тавина гэдэг жүжгийн зохиолд анхаарал хандуулна гэсэн үг. Хэн нэгэн гайхалтай зохиол бичихэд хэн нэгэн нь тоох ёстой биз дээ. Хэн ч үнэлэхгүй байхад зохиолчид бичих сэдэл төрөх үү. Ямар нэгэн хэлбэрээр үнэлэх хэрэгтэй. Гурав, дөрвөн жилийн өмнө яамтай байхад жүжгийн зохиолчдыг дэмжих уралдаан зарласан. Тэр уралдаанаас төрсөн жүжгийн зохиолчдын нэг бол“Тэнгэрийн хүү”-г бичсэн Б.Цогнэмэх юм. Сэтгүүлч мэргэжилтэй шүү дээ. Ер нь жүжгийн зохиолчдыг төрүүлэх арга хэмжээ зохиох хэрэгтэй гэж боддог.

-Дан ганц жүжгийн гэлтгүй энгийн зохиол хүртэл уншигчдын шаардлагад нийцэхгүй байна гэдэг?

-Мэргэжлийн зохиолчид нь байхгүй болоод ирэхээр мэргэжлийн бус хүмүүс бий болсон. Тэднийг уншигчид мэргэжлийн гэж ташаа ойлгодог. Зарим нэгэн хүний бичсэн романыг уншихад ус зүгээр л ус шиг байдаг. Тэгээд болоогүй роман гээд нэрлэчихсэн. Уншигчид түүнийг нь роман гээд хүлээж авдаг. Л.Түдэв, Ж.Пүрэв нарын зохиолчийн романыг хэзээ ч гүйцэхгүй. Роман бол уран зохиолын дээд хэлбэр.

-Жүжгийн зохиол бичдэг нь ховорхон байх шиг санагддаг?

-Жүжгийн зохиол бол нэг орон зайд, нэг цаг хугацаанд үйл явдал нь өрнөдгөөрөө ялгаатай. Драматург буюу жүжгийн зохиол бол утга зохиолын төрөл дундаа төвөгтэйд тооцогддог. Тиймээс баргийн хүн жүжгийн зохиол оролддоггүй. Жүжгийн зохиол бичнэ гэдэг кино зохиол бичихтэй адил амар биш.

-Таны ширээн дээр олон ном харагдаж байна. Одоо ямар ном уншиж байна?

-Цаг зав гарвал ном уншихыг хичээдэг. Ер нь тэгээд ганц ном барилгүй холиод уншдаг. Сүүлд Питер Брукийн тухай ном уншиж байна.

-Таныг “Драмын дөрөв”-ийн нэг гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Анх театрт ажилд орсон дурсамжаасаа ярина уу?

-Бид 2000 онд театрт орж байсан. Дараа жил нь буюу 2001 онд Драмын театрын 70 жилийн ой болж ном гарсан юм. Биднийг залуу уран бүтээлчид гээд номд оруулаагүй. Тэгэхэд нэгэн цагт театрын дурсамж номд орно доо гэж бодож байв.

-Ирэх жил театрын 85 жилийн ой болно. Ойд зориулж театрын түүх, дурдатгалын ном гаргах уу?

-Бид 80 жилийн ойгоороо “Монголын театрын түүх” боть гаргасан. Харин 85 жилийн ойд зориулж залуу уран бүтээлчдээ багтаан шинэ боть гаргах төлөвлөгөөтэй байна.

Х.Заяа

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …