”Содура” тайгын нууцыг тайлжээ

d0b596cb6c73f31coriginal8231230372015-03-25-09-40[www.urlag.mn]“Содура” уран сайхны кино саяхан нээлтээ хийлээ. Хүлээлт үүсгэсэн энэ киног үзсэн үзэгчид нүдэндээ нулимстай, сэтгэлдээ нэгийг бодсоор кинотеатраас гарцгааж байв. Найруулагч Б.Жаргалсайхан, зохиолч С.Сумъяа, О.Эрдэнэ болон чадварлаг жүжигчдийн гайхалтай нэгдлийн дүнд энэхүү дэлгэцийн бүтээл бүтжээ.

  Гол болон туслах дүрүүдэд Ч.Очгэрэл, С.Ариунбямба, О.Амгаланбаатар, Ц.Бат хуяг агсан, С.Болормаа, А.Өнөржаргал, М.Оюунсүрэн, П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нарын өнөө цагийн шилдэг жүжигчид тоглосон байна. Энд заавал дурдах ёстой нэг зүйл бол бид бүхний сэтгэлд хошин урлагийн жүжигчний дүрээр мөнхөрсөн Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ц.Батхуягийг өөр өнцгөөс нь харуулсан зүүн тайгын овгийн ахлагч, хатуу ширүүн эрийн дүр байлаа.

   Түүний сүүлийн гэж хэлж болох бүтээсэн дүрээс бид бүхэн ямар ч дүрд хувирч чаддаг чадварлаг жүжигчин байсныг энэ киноноос харж болно. Содура бол хөвч тайгад төрөөгүй ч зүрх сэтгэлээрээ тайгын охин. Багадаа хагацлын зовлон үзэн, төрсөн эцгээсээ салсан балчир охин их хотыг зорино. Гэвч их хотын амьдралд хөлөө ололгүй байсаар хөвч тайгадаа сэтгэлийн дуудлагаар буцан очих аж. Гэвч тэрбээр хэвлийд нь олон жилийн шаналант амьдралынх нь гэрч болсон үр боловсорч байгааг мэдэхгүй. Мөн нууцлаг тайгад түүнийг чухам юу хүлээж байгааг ч үл мэднэ.

   Энэ мэтчилэн киноны үйл явдал цааш хөвөрнө. Түүнчлэн энэ киноноос бид бүхэн өмнө нь хэзээ ч харж, мэдэрч байгаагүй жинхэнэ цаатан ахуйн зан үйл, соёлыг мэдрэх боломжтой. Үндэс угсааныхаа төлөө өөрийн үрийг золиослох зоригт эх, эцгийн нүглийн төлөө халуун амиа өргөх ухаант залуу, түүнчлэн үндэс угсаагаа эрхэмлэх, хүн хүнээ хайрлах, байгаль эх дэлхийдээ сүслэн хүйн холбоотой амьдрах гээд бид бүхнээс аажимдаа холдон одож буй хүний төрөлх сайхан зан чанарыг бас харуулжээ.

   Энэхүү кино өмнө нь хэн бүхний сонирхож, хөндөж байгаагүй тэр л нууцлаг оршихуйг хөндсөн нь хэн бүхний анхаарлыг татсан гэхэд болно. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт цаа буга маллан тайгад амьдарч буй уйгар угсааны тува цаатан иргэдийн аж байдалд өөрчлөлт орж буйг, ахуй соёл, ёс уламжлал нь бага багаар гээгдэн, гол амьжиргаа болсон цаа бугын тоо толгой цөөрч буйг, цаатан иргэдийн цус ойртон эмгэгтэй хүүхдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буйг, мөн Улаан тайгын дархан цаазат газраа, Тэнгис-Шишгэд голын ай сав, унаган нутгаа тэд өөрсдийн хүчээр хэрхэн хамгаалж байгааг энэхүү кинонд уран сайхны аргаар дүрслэн харуулсан байна.

   Үндэсний цөөнх болон соёл, ёс заншил нь устан мөхөх аюулд орсон цаатнуудын тухай өгүүлсэн энэхүү кинонд цаатнуудаас өөр хэний ч хөл хүрээгүй онгон дагшин байгалийн дөрвөн улирлын зураглалыг гаргаснаараа ихээхэн онцлогтой аж. Сайхан бүхнийг аль хэдийнэ байхгүй болсон цагт нь үнэ цэнийг нь ухаардаг хүн төрөлхтний муу араншин энэ удаа цаатнуудыг ч бас битгий золиослоосой гэсэндээ кино багийнхан хоёр жилийн нөр их хөдөлмөр, хөлс хүчээ энэхүү кинондоо шингээжээ.

   Удахгүй болох Хонконгийн кино наадамд оролцох гэж буй эл бүтээл цаашид ч олон улсын чанартай наадмуудад өрсөлдөнө. Мөхөх аюулын харанга дэлдэж буй үндэсний цөөнхийн асуудалд кино багийнхан зөвхөн Монгол төдийгүй олон улсын анхаарлыг хандуулахаар зорьж байгаа аж. Сайн чанарын техникээр хийсэн зураг авалт, жүжигчдийн жүжиглэх ур чадвар, хөндсөн сэдвээрээ Монголынхоо нэрийг олон улсын тавцанд гаргах нь гарцаагүй гэдэгт найдаж байна.

эх сурвалж: urlag.mn

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” ОАК-ны уран бүтээлчид үзэгчдэдээ зориулсан тусгай үзвэр зохион байгуулав

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит кино бүтээн, үзэгчдэд хүргэж буй. 16 ангит …