Нийтлэлч Аанхаа: Бүх хүмүүс өөрсдийгөө зөв илэрхийлдэг болчихвол элдэв бохир үзэгдлүүд багасна

bichih bodoh_1

Нийтлэлч Анхбаяр /Аанхаа/-тай ярилцлаа

– Таныг нийтлэлч Аанхаа, жиргээч Аанхаа гэдгээр тань цахим орчинд хүмүүс мэдэх байх.  Тэгвэл хүмүүсийн төдийлөн мэддэггүй тэр өнцгөөс өөрийгөө танилцуулаач 

– МУИС –д багшилдаг. Үндсэн мэргэжил бол хэрэглээний математикч

– Математикч хүн чухам яагаад нийтлэл бичих болсон бэ?

– Би чамд нэг сонин зүйл хэлье. Одоо бодоод байхад би Монгол хэлийг Монгол хэлний хичээлд биш, математикийн хичээлээр илүү эзэмшсэн санагддаг юм. Дунд сургуульд байхад математикийн олимпиадад идэвхитэй оролцож бага сага амжилт үзүүлж байсан. Олимпиадын бодлого их хэцүү, томьёо байхгүй, юмыг олон талаас нь харж тайлбарлах хэрэг гардаг. Өөрөө дотроо бодчихоод байдаг, түүнийгээ тайлбарлаж бичих нь бодох шигээ хэцүү байв. Олон дахин математикийн тэр хэцүү бодлогуудыг тайлбарлаж бичээд ирэхээр яваандаа сэтгэхүй задраад, цэгцтэй бичдэг болсон байх. “Цэгцтэй зөв сэтгэх нь математикт суралцахаас эхэлдэг” гэж дэмий ч үг биш шүү. Гэхдээ математик мэдэхээс өмнө Монгол хэлээ мэдэх хэрэгтэй. Ер нь хүүхдүүд Монгол хэлэндээ муу байвал өгүүлбэртэй болон геометрийн бодлогын өгүүлбэрээ ойлгохгүй болчихдог. Уг нь яг юу асуугаад, юу хийлгэх гээд байгааг ойлгочихвол бодох нь тийм ч хүнд биш. Гэхдээ Монгол хэлэндээ сайн байх ёстой гэдэг нь Монгол хэлний хичээлд сайн бай гэсэн үг биш шүү. Би хувьдаа Монгол хэл, уран зохиолын хичээлд дандаа муу дүн авдаг, тэгсэн мөртлөө сургуулийн зохион бичлэгийн уралдаанд түрүүлчихдэг байлаа. Ингээд бодохоор манай боловсролын систем өөрөө жаахан гажуудалтай байгаа биз. Тусагдахуун, байц гишүүн зурах, авиа зүй гэх мэт хэт нарийсгасан зүйлсийг бүр мэргэжлийн ахлах ангиуд, эсвэл оюутан болсон хойно л заамаар байгаа юм. Дунд анги хүртэл яаж алдаагүй зөв бичих, яаж өөрийгөө илэрхийлэх, яаж эссэ захидал бичих зэргийг л заах хэрэгтэй байх.

-Та нийтлэлч бичихийн зэрэгцээ “19” МУСК, “Хувь тавилангийн ээдрээ”, “Мөрдөгч” зэрэг уран сайхны олон ангит кинон дээр ажилласан. Энэ тухайгаа ярихгүй юу.

– Кино зохиол бол арга билиг тэнцүү хосолсон бүтээл. Баруун зүүн тархи 50/50 хувь ашиглагддаг гэх юмуу даа. Мэдээж романс, утга уянгатай явдал бодож олоод буулгана, энэ нь урлаг, онгод билигийн асуудал. Харин хэлэх санаагаа үзэгчдэд яаж хялбар ойлгуулах вэ, аль хэсэгт ямар харилцан яриа байлгах вэ, яриулахгүйгээр яаж шууд үзүүлэх вэ гэх мэт тооцоолоод эхлэхээр арга ухаан, бараг шинжлэх ухаан болчихож байгаа юм. Урлаг, шинжлэх ухааны уулзвар чинь өөрөө кино шүү дээ. Кино зохиол бичих нь миний хамгийн дуртай ажил шүү.

-Твиттер, фэйсбүүкт олон дагагчтай байхын давуу тал ба сул тал гэвэл та юуг нэрлэх вэ.

– Цагаа дэмий зүйлд их зарцуулах гэх мэт сул тал бий. Мэдээж олон нийтэд санаагаа хүргэх, нийгэмтэй илүү ойр байх, ажил амжуулах гэх мэт илүү олон давуу тал байгаа.

-Энэ удаад та “Бичих ур чадвар ба цахим орчинд ажиллах нь” сэдэвт сургалт зохион байгуулахаар болжээ. Уг сургалтыг ямар учраас зохиох болсон бэ.

– Бодоод яваад байдаг, тэгсэн мөртлөө яг гаргаад хэлчих гэхээр болж өгдөггүй тохиолдол зарим хүнд байдаг. Уг нь Монгол хэлний хичээл гайгүй сайн ордогсон бол Монголчууд бүгдээрээ нийтлэлчид шүү дээ. Чи өөрөө мэднэ, цахим орчны уур амьсгал ямархуу байгаа билээ, бөөн хэрүүл. Нэг нь хэлэх гэсэн юмаа жаахан буруугаар илэрхийлчихдэг, нөгөө нь тэр жаахан бурууг илүү тусгаж аваад эргээд бүр буруу үг хэлдэг. Ингээд л хэрүүл эхэлнэ дээ. 100 найзтай хүн фээсбүүк хуудсан дээрээ бичсэн пост бас л нэг төрлийн нийтлэл шүү дээ. Бүх хүмүүс өөрсдийгөө зөв илэрхийлээд, хоорондоо зөв харилцдаг болчихвол энэ их хэрүүл, элдэв янзын бохир үзэгдлүүд багасах байх гэж найддаг. Дээрээс нь өнөө цагт нэг нь нөгөөгөөсөө салсан тухай шар мэдээ, эсвэл хийрхсэн захиалгат улс төржилт мэдээний ихэнхи хувийг эзэлж, яг мэргэжлийн зөв мэдээллүүд маш бага хувь эзэлж байна. Үүнийг жаахан ч гэсэн нэмэгдүүлэе. Арвын дотор нэмж хасч чаддаг юм болов уу даа гэмээр дурын улс төрч, дурын нөхөр л буруу мэдээллээр хүмүүсийг үймүүлээд байгаа нь олон нийт харанхуй байна гэхээсээ мэргэжлийнхэн өөрсдийгөө дутуу илэрхийлж байгаатай холбоотой байх. Заавал сэтгүүлч гэлтгүй бүх мэргэжлийн хүмүүс өөрсдийнхөө ажлыг бусдад зөвөөр, товчхон илэрхийлээд дадчихвал аштай юу.

– Сургалтын ач холбогдлыг товчоор тодорхойлвол.

-Мэдээж нэг нөхөр сургалт явуулаад цахим орчны уур амьсгал сайхан болчихгүй л дээ. Нэг зөв хандлага эхлүүлэе л гэж зорьсон ухаантай. Үнэндээ сургалт гэдэг үгнээс жаахан нэрэлхээд байгаа шүү.

– Сургалтын хөтөлбөрт  “твиттерийн 140 тэмдэгтэд бүтэн нийтлэл багтаах” аргалчлалыг заана гэх мэт сонирхолтой хичээлүүд багтжээ. Энэ үнэхээр боломжтой зүйл үү.

– Твитэрийн ганцхан жиргээнд багтчихаар юмыг бүтэн нийтлэл болгож нуршсан юм зөндөө ажиглагддаг. Тэртээ тэргүй хүмүүс мэддэг юмыг нуршаад л байдаг нуршаад л байдаг, өөрийнхөө бодлыг л тулгаад байдаг. Хэн ч уншдаггүй. Зарим нийтлэлийг үнэхээр 140 тэмдэгтэд багтааж болно. Багтааж үзүүлнэ. Гэхдээ ийм нийтлэлүүд олон битгий байгаасай, бүр алга болоосой. Хайран цаг, хайран хөдөлмөр шүү дээ.

– Сургалт хугацааны хувьд ямар давтамжтай явагдах вэ. Төлбөртэй юу?

– Нэг өдрийн сургалт. 3 цаг орчим үргэлжилнэ. Мэдээж шашны номлол, улс төрийн ухуулга биш жаахан төлбөр бий.

А.Тамир

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …