Эзэгтэй та хүнснийхээ аюулгүй байдлыг хангаж чаддаг уу?

images Өрхийн хүнсний аюулгүй байдал

Хоол, хүнснийхээ аюулгүй байдлыг хэрхэн хангах тухай доорхи зөвлөмжүүд танд хэн бүхний мэддэг энгийн зүйл мэт санагдаж болох ч өрхийн хүнсний аюулгүй байдлыг хангах нь гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндэд асар их ач холбогдолтой болохыг эрдэмтэд баталж байна.

Хүнсээ хэрхэн аюулгүй хадгалах вэ?

1. Хоол, хүнсний зүйлд нян өсөж үржих хамгийн таатай орчин нь температурын аюултай бүс буюу +4 өөс +60 хэм байдаг. Иймээс хөргөгчинд хадгалах ёстой бүтээгдэхүүнийг худалдаж авснаасаа хойш нэг цагийн дотор хөргөгчинд хийх хэрэгтэй. Хэрвээ температурын аюултай орчинд дөрвөн цагаас илүү хадгалсан бол идэж болохгүй, шууд хаях хэрэгтэй.
2. Илүү гарсан хоолоо жижиг савнуудад таслан хөргөгчинд хадгалах нь зүйтэй. Ингэснээр хоол түргэн хөрж, нян үржих боломж багасна. Хэрэв тасалгааны хэмд зуухан дээрээ дөрвөн цагаас илүү хугацаагаар байлгасан бол идэж болохгүй.
3. Түүхий бүтээгдэхүүн, болсон бүтээгдэхүүнийг хөргөгчинд хийхдээ бохирдохоос сэргийлж, тусгаарлан, болсон бүтээгдэхүүнийг дээд, түүхийг нь доод тавиур дээр халгалах нь зүйтэй. Мөн хөргөгчийг хэт дүүргэх нь ачааллыг ихэсгэж, хөргөх хэмийг багасгадаг гэдгийг анхаар.

Хүнсээ хэрхэн аюулгүй хэрэглэх вэ?

1. Хоол идэхийн өмнө гараа сайтар савандан угаана. Гарын алчуур цэвэрхэн байх нь чухал. Гарын алчуур нь зөвхөн усыг шингээж авах зориулттай. Гэтэл гараа дутуу угааснаас алчуур бохирддог. Гарын алчуур бохир бол таны гар дахин бохирдох болно. Эсвэл нойтон салфетка, гар цэвэрлэгч шингэний аль нэгийг хэрэглэж занших хэрэгтэй.
2. Ямар нэгэн гадны биет буюу бохирдуулагч зүйл /хүн, амьтны үс, ноос болон бусад/ байгаа эсэхийг шалгаж, сайтар цэвэрлэ. Хэрэв хэт бохир зүйл байвал хэрэглэхгүй байх.
3. Хоол, хүнс тань аюулгүй, тэжээллэг байхаас гадна, төрөл бүрийн хүнсний ногоо, жимс нэлээд их орсон байх шаардлагатай. Энэ нь таны биед зайлшгүй байх ёстой аминдэм, эрдэсийн эх үүсвэр болно.
4. Түүхий ус нь ямар нэг нянгаар бохирдсон байж болох тул хүндээр өвчлүүлэх ч магадлалтай. Тиймээс хүүхдэд бүү уулга.
5. Ундаа болон лаазалсан хүнсний зүйлийг онгойлгохын өмнө гадна тал, амсар хэсгийг цэвэр чийгтэй алчуураар сайтар арчих хэрэгтэй.
6. Ханиалгаж, найтаасны дараа, хог хаягдал, тэжээвэр амьтанд хүрэх болон утсаар ярьсны дараа гараа байнга угаах хэрэгтэй. Телефон болон гар утсанд өвчин үүсгэгч нян хамгийн ихээр хуримтлагддаг. Хоол идэж байхдаа утсандаа бүү хүр. Гараа тогтмол угааж заншвал хоол хүнсээр халдварлах өвчнийг 50 хувь хүртэл бууруулах боломжтой гэдгийг судлаачид тогтоосон байна. Энэ нь өрхийн хүнсний аюулгүй байдлыг хангах чухал үзүүлэлт болдог.

эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …