“Сайдын 30 минут” уулзалтад Эрчим хүчний сайд Д.Зоригт оролцлоо

10830478_879775975414736_9075212757424762382_oПүрэв гариг бүрийн 12 цагт “Сайдын 30 минут” уулзалт болно. Өнөөдрийн уулзалтад Эрчим хүчний сайд Д.Зоригт оролцож, тус салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн даван туулах талаар Засгийн газраас хэрэгжүүлж буй болон хийх ажлын талаар мэдээлэл хийлээ.

Манай улсын цахилгаан, дулааны станцууд 1960-1980 онд баригдсан, хуучрахын хэрээр засвар үйлчилгээ, шинэчлэл шаардагдаж байна. Сүүлийн 30 гаруй жилд томоохон цахилгаан станц баригдсангүй. Гэтэл хэрэглээ жил ирэх бүр нэмэгдэж байна. Манай улс нийт хэрэглэж буй цахилгаан эрчим хүчнийхээ 20 орчим хувийг хоёр хөршөөсөө авдаг. Олон жил энэ салбарт яригдсан томоохон төсөл хөтөлбөрүүд бодит ажил болж чадаагүй байна гэж Эрчим хүчний сайд ярилаа.

Хэрэглэгчдэд очиж буй цахилгаан дулааны үнийг төрөөс зохицуулж барьж буйн улмаас станцууд алдагдалтай ажиллаж байгаа тул технологийн шинэчлэл хийж чадахгүй байна. 144 төгрөгийн үнэтэй цахилгааныг 122 төгрөгөөр иргэдэд борлуулж байна. 2014 оны байдлаар эрчим хүчний салбар нийтдээ 68,5 тэрбум төгрөгийн алдагдалтай байна.

Эрчим хүчний хэрэглээ байнга өсөн нэмэгдэж байна. 2014 оны байдлаар манай улс 6,7 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэсэн. Үүний 5,3 тэрбумыг нь дотооддоо үйлдвэрлэсэн, бусад хэрэглээг хоёр хөршийн эрчим хүчний системээс худалдаж авсан. Зөвхөн 2014 онд л гэхэд цахилгаан хэрэглэдэг айл өрх, албан байгууллага 36 мянга орчмоор, дулааны хэрэглэгч 40 мянгаар нэмэгдлээ. Арга хэмжээ авахгүй бол өсөн нэмэгдэж байгаа энэ хэрэглээг хангах эх үүсвэрийн дутагдалд орох төлөвтэй байна.

Засгийн газар энэ долоо хоногийн хуралдаанаар БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр Эгийн голын усан цахилгаан станц төслийг санхүүжүүлэх саналыг БНХАУ-ын талд тавьж, хэлэлцээг эхлүүлэх, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт Ховд гол дээр усан цахилгаан станц барьж, ашиглалтад оруулах, Багануурт 700 МВт-ын  хүчин чадалтай  цахилгаан станц барих буюу энэ төслийг “Багануурын цахилгаан станц төсөл”-ийн Концессын гэрээг “Багануур Пауэр” ХХК-тай барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр байгуулах шийдвэр гаргаж энэ салбарт бүтээн байгуулалтын дорвитой ажлууд хийх шийдвэр гаргалаа. Эдгээр станц 2019-2020 онд ашиглалтад орно. Мөн хөдөө, орон нутагт цахилгаан станц барих бэлтгэл ажлууд ид хийгдэж байна.

2014 онд дулааны III цахилгаан станцын 50 MBт-ын өргөтгөл ашиглалтад орлоо. Тус станцын 9 дүгээр зуухны сэргээн босголтын ажил өнгөрөгч сард дууслаа. Дулааны IV цахилгаан станцын 123 MBт-ийн турбин генераторын өргөтгөл энэ сарын эхээр сүлжээнд холбогдож хэрэглэгчдэд цахилгаан дулаан түгээж эхэллээ. Амгалангийн дулааны станц энэ оны зургадугаар сард ашиглалтад орно.

Энэ онд эрчим хүчний салбар үр ашийг дээшлүүлэх, өртөг зардлыг бууруулах зорилт тавьж ажиллаж байгаа. Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн төсөл боловсруулсан, УИХ-д өргөн барина зэрэг мэдээллийг Эрчим хүчний сайд Д.Зоригт өгөөд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

ЗГ:Элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл …