Зар мэдээнд “НУУГДСАН” эргэлзээтэй зарууд

hunii_naimaaСаяхан хамаатны маань дүү охин хөдөөнөөс Улаанбаатар хотод шилжин ирсэн юм. Айлын хоолыг зүгээр идээд байлтай нь биш ажил хайлаа. Ахын зөвлөсний дагуу зурагт, радио, сониноос зар шүүж хэд хонов.

Нэг өдөр, би аятайхан ажил олсон. “Шуурхай зар” сонин дээрээс гэв. Нөгөөхийг нь харвал учир битүүлэг, яг ямар ажил хийх нь тодорхойгүй байлаа. Уншвал “18-25 насны, өөртөө итгэлтэй, өндөр, царайлаг залуухан охидыг өндөр цалинтай ажилд авна. Сарын 800 мянган төгрөгийн цалинтай. Хэрэв англи, хятад хэл гадарладаг бол цалин нэмэгдэнэ. Ердөө гуравхан сар цалинтай ажиллаад дээр нь машин авах боломжтой” гэсэн байлаа. Би дүүд тус болохоор зарын дагуу 880742… гэсэн дугаарт утас цохив.

-Байна уу, зарын дагуу ярьж байна. Яг ямар ажил хийх юм вэ? гэхэд хижээл насны бололтой эмэгтэй өөдөөс шууд л “зараа сайн уншсан биз дээ. Чи хэдэн настай вэ. Өндөр чинь, биеийн жин хэд вэ, өмнө нь ямар ажил хийж байсан бэ, архи, тамхи хэрэглэдэг үү гээд л асуултаар намайг булав. Хариуд нь би, өндөр 168 см, биеийн жин 57кг. яг ямар ажил хийх вэ. Өндөр, жин ямар хамаатай юм бол гэж асуулаа.
-Шаардлага хангаж байвал л уулзана. Шууд ирээд уулз гээд хэлчихдэг, гэтэл санаанд нийцэхгүй бол хэн хэнийх нь хайран цаг болно ш дээ. Гэхдээ чи 14.00 цагт Саппорогийн автобусны буудал дээр ирээд энэ дугаарт залгачих, би газраа заагаад өгнө.

-Ямар ажил гэдгийг нь мэдэж байж л уулзмаар байна?
-Үйлчилгээний ажил гэж ойлгоход болно доо. Ер нь англи ч юм уу, хятад хэл гадарладаг бол цалин дээр нь сар бүр 50 мянган төгрөг нэмэгдэнэ. За, за чи үнэхээр сонирхож байгаа бол ирээд уулзчих.
-Уучлаарай, үйлчилгээний ажил гэхээр ямар ажил хийх юм бол. Би сайн ойлгохгүй байна. Дэлгүүрт худалдагч хийх юм уу. Эсвэл сүлжээний бизнес юм уу. Зар харж байхад дийлэнх нь сүлжээний ажил байна л даа. Хэрэв сүлжээний бизнес бол очиж цагаа алдмааргүй байна?
– Ямар ч байсан сүлжээ биш, худалдагч ч биш. Юу гэмээр юм бэ дээ. Хэцүү ажил бол биш. Чи дарга нарынхаа даалгасан ажлыг хийгээд сар бүр цалингаа ямар ч асуудалгүй бүтнээр нь авна. Сайн ажиллавал гурван сарын дараа ажлаас чинь урамшуулал болгож машин өгнө. Миний дүү сонирхож байгаа бол ирээд Нямгэрэл гэж хүнтэй уулзчих гээд утсаа тасалсан юм.

Яг ямар ажил хийх нь тодорхойгүй энэ зар нэг л хачирхалтай санагдав. Зарын учрыг тайлахаар явах гэсэн боловч жаахан айдас төрөөд зүрхэлсэнгүй. Тэгээд дүүгээ боль, өөр ажил хай гэлээ. Мөнгө, эд материал амлаж, залуу охидын сэтгэхүйгээр тоглоом хийж тэднийг эрхшээлдээ оруулж, цаашлаад хүний наймааны золиос болгохыг хэн ч тааж мэдэхгүй шүү. Өндөр, царайлаг дээр нь нас заахын учир юунд байв. Сүүлийн жилүүдэд интернэтээр учир битүүлэг зар их гарах болсон. Үүний улмаас хохирсон иргэд ч цөөнгүй байдаг ажээ. “Шуурхай зар” сонин дээр ийм зар хичнээн байдаг бол гэсэн бодолдоо хөтлөгдөж шинэ долоо хоногийн эхний дугаарыг хүлээв. Ийнхүү шинэ зар гарсан даруйд худалдан авлаа. Юуны түрүүнд ажилд урьж байна гэсэн буланг эргүүлэн сонирхов. Энд сонирхолтой зар цөөнгүй байв. Тухайлбал, сэргэлэн байвал авч болдог, сэтгэл байвал, хийж чаддаг зорьсондоо шантралгүй хүрдэг залуучуудыг өндөр цалинтай ажилд авч бонусад нь автомашин өгнө утас 9557…, 8646…,
Энэ дугаарт залгалаа.

-Зарын дагуу ярьж байна. Ямар ажил вэ?
-Багшийн дээдийн хажууд ирээд залгачих, утсаар яримааргүй байна. Уулзаад ярья. Чамд таалагдана.
Дараагийн зар бол долоо хоног ажиллаад 350 мянган төгрөгийн цалин авна. Залуухан охидыг авна. Оюутан байж болно. Утас 8887…
Залгахад бас л уулзах газраа зааж өгөөд ирээд залга гэлээ. Бас нэг зар, нэг жилийн дотор 50 сая төгрөгтэй болох боломж байна. Та залгаарай 9185… дугаар гэсэн байв. Залгаад асуулаа, ямар ажил вэ?
-Та өөрөөсөө тодорхой хэмжээний санхүүжүүлэлт хийж бидэнтэй хамтарна. Таны мөнгө богино хугацаанд өсч жилд багаар бодоход 50 сая төгрөгийн ашигтай ажиллана. Олон улсын бизнест хамтран ажиллах юм.

Их л эргэлзээтэй санагдав. Бас нэг зар байна. “Манай компанид долоон сар ажиллаад автомашин бэлгэнд аваарай”. Утас: 9603…. 8998… Энэ ажлыг сонирхохоор дээрх дугаарт залгасан боловч утас нь холбогдохгүй байсан юм.

Санаанд оромгүй өндөр цалин, их мөнгө амалсан зарыг олон хүн сонирхдог. Эдгээр зарын дийлэнх хувийг сүлжээ үүсгэдэг пирамид луйвар эзэлдэг юм байна. Сурталчилгаа нь бялуу шиг амттай үгээр эхэлдэг. Дотроо дараахь шат, дараалалтай байдаг гэнэ. Үүнд, бараа, бүтээгдэхүүн дээр суурилж, барааныхаа эргэлтэн дээр анхаардаг олон шатлалт маркетингийн арга. Мөн л хүн элсүүлж, сүлжээ үүсгэн, бараагаа олон хэрэглэгчид хүргэх тактик. Харин дараагийх нь гарт баригдах бодит эргэлтгүй боловч их мөнгө амлаж, хүн элсүүлдэг пирамид тогтолцооны луйвар. Хоёр дахь аргыг ашиглаж, олон хүнийг хохирогч болгосон залилангийн хэргүүд манайд цөөнгүй гарсан байдаг.

Тэгвэл өндөр, царайлаг охидыг ажилд авна гэсэн зар бол өөр. Зарын дагуу хандаж хичнээн хүн хохирсон байдаг талаархи мэдээлийг олж авахаар нэлээд хэдэн байгууллагын хаалга татсан боловч дорвитой хариулт өгөх хүн олдсонгүй. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийн золиос болсон охид сэтгэлзүйчид ханддаг эсэхийг судаллаа. Таньдаг, таньдаггүй хэд хэдэн сэтгэлзүйчтэй уулзсан боловч үйлчлүүлэгчийн нууцыг хамаагүй дэлгэхгүй гэж татгалзсаар байв. Ингэж явсаар сэтгэлзүйч Соёлмаа гэдэг эмэгтэйтэй уулзсан юм. Тэрээр бусдад сургамж болоосой гэдэг үүднээс нэг түүх ярьж өгье, гэхдээ нарийн зүйлүүдийг нь дурьдаад хэрэггүй байх гэсэн юм.

Одоогоос таван жилийн өмнө Хөвсгөлийн 19 настай нэгэн охин сэтгэлзүйчид ханджээ. Тэрээр Анагаахын сургуульд суралцаж байсан бөгөөд өдөр тутмын хэрэгцээнийхээ мөнгийг олохын тулд ажил хайж эхэлсэн байна. Ингээд өндөр цалинтай ажилд охидыг шалгаруулж авна гэсэн зарын дагуу утасдаж уулзах газраа товложээ. 11 дүгээр хороололд байрлах нэгэн баарны гадаа 14.00 цагт уулзахаар болж охин очсон байна. Тэрээр зарын эзэнтэй уулзахад бааранд ажиллах санал тавьжээ. Гэхдээ тусгай үйлчилгээ хийнэ. Тэр нь шөнийн цагаар гадаадын иргэд манай бааранд ирж доод давхарт байрлаж тоглодог юм. Ингэхдээ монгол охидтой хамт байх сонирхолтой байдаг.

Чи зүгээр дэргэд нь байж байхад л болно. Хамгийн гол нь архиа сайн борлуулж, дээр нь чи хамт байсныхаа хөлсийг авна. Чи ганцаараа байхгүй, хамт олон охин байна. Сард багаар бодоход л 500 мянган төгрөгийн цалин авна гэж ярьжээ. Охин надад, тэр мөнгө маш их санагдаад зөвшөөрсөн гэж ярьсан юм. Тэр охиныг ажилд орсон өдрөөс эхлэн хүчээр архи уулгаж эхэлжээ. Хямд өртөгтэй бааранд зугаацахаар ирсэн гадна дотнынхны зугаа болж энэ байдлаар өдөр хоног өнгөрсөөр охин архинд орж биеэ үнэлэх болжээ. Шөнөжин архи ууж хүмүүсийг зугаацуулдаг учир өглөө хичээлдээ явж чадалгүй хагас дутуу явсаар сургуулиа орхисон гэнэ. “Өдөр бүр бэлэн мөнгөтэй байдаг болсон учраас юугаар ч дутахаа больж сүүлдээ намайг хүмүүс утсаар дуудаж би очдог болсон. Одоо бодоход ямар аймшгийн муухай зүйлтэй хутгалдсанаа ойлгож байна” гэжээ.

Тэрээр, би архинаас өөрийгөө татаж авсан ч биеэ үнэлж мөнгө олохоос гарч чадахгүй байна, би яах вэ гэсээр сэтгэлзүйчид ирсэн юм байна. Гэнэн итгэмтгий зан,амар хялбар аргаар мөнгө олох хүсэл хүнийг ямар ч аюулд хүргэж болдог нь охины гашуун дурсамжаас харагдаж байна. Ямар нэгэн аргаар ажилтай л болмоор байна гэх хүн манайд маш олон байдаг. Дийлэнх нь зарын сонинд нийтлэгдсэн зарыг сонирхон хардаг. Гэтэл өнөөдөр зарын үнэн бодит байдалд хяналт тавь,ог байгууллага гэж байна уу.

Нийтлэгдсэн зарын үнэн бодит байдлыг хэн хариуцдаг талаар тодруулахаар “Шуурхай зар” сонины байрыг зорилоо. Асуулаа гэтэл дарга нар одоогоор байхгүй байна. Ер нь зарын бодит үнэнийг зарлуулсан байгууллага хувь хүн хариуцна гэдэг шүү дээ гэв.

Зартай холбоотой гомдол ирдэг э талаар ЦЕГ -ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан цагдаагийн ахмад Ё. Лхагвасүрэнгээс тодруулахад, он гарсаар ийм төрлийн гомдол иргээгүй. Зарын бодит үнэнийг зарлуулсан байгууллага хувь хүмүүс хариуцна. Харин гэмт хэргийн шинжтэй зар байрлуулсан бол зарыг хэвлэн нийтэпсэн байгууллага хариуцна гэсэн хариулт өгсөн юм.

Хүний наймаа.элдэв хууран мэхлэлт манай нийгмийн гадуур өнгөрч байгаа гэвэл үнэнд нийцэхгүй.тодорхой хэмжээгээр байж л байгаа. Зарын бодит үнэнийг зарлуулсан байгууллага хувь хүмүүс хариуцна гээд яваад байвал энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй. Иймд холбогдох хууль хяналтын байгууллагууд энэ асуудалд онцгой анхаарч дорвитой ажил хиймээр байна. Зарын дагуу шалгасан ч болохгүй зүйл байхгүй. Заавал хэн нэгнийг хохирогч болсны дараа хуулийнхан хөдөлдөг баймааргүй байна.

Ж.ОТГОНЧУЛУУН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Санал болгох мэдээ

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар ирэх сард батлан даалтаар суллагдахаар болжээ

Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан ял эдэлж байгаа Т.Чимгээ, …