Ц.Баясгалан:Дүр бүрийг сэтгэл зүрхнээсээ нэг ч алдаа гаргахгүйгээр бүтээхийг эрмэлздэг

olloo_mn_1425427658_1Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ц. Баясгалан олон улсын моно жүжгийн фестивальд Монгол Улсаа төлөөлөн оролцож, “Шилдэг уран бүтээл-Гран при” шагналын эзэн болж, Монголын драмын урлагийг гадаадын ертөнцөд тунхагласан. Түүнтэй уран бүтээлийнх нь талаар цөөн хором хөөрөлдлөө.

-“Чөлөөт хос” жүжигт тоглоод тайзнаас буух агшинд ярилцаж байгаад баяртай байна. Ер нь энэ жүжиг үзэгчдэд юу мэдрүүлж чадах вэ?

Энэхүү жүжиг маш олон зүйлийг гаргаж чадлаа. Зохиолч Дарио Фогийн бүтээл “Чөлөөт хос” жүжгийг УГЗ Ч.Найдандорж найруулан тавьж байна. Жүжгийн гол дүрд миний бие залуу жүжигчин Э.Одгэрэл, туслах дүрд Г.Дөлгөөн-Аюуш тоглолоо. Жүжгийн тавилт бол нэгэн гэр бүлийн дотоод үймээн байсан. Тэр дундаа эмэгтэй хүний амьдрал байсан. Нөхөртөө гологдсон тэр хүний сэтгэлийг мэдрэх гэж би судалгаа хийх шаардлагатай байсан. Жүжгийг маш олон оронд тайзнаа амилуулсан байдаг. Их олон оронд тоглогдсон тавилтыг найруулагч маань бидэнд үзүүлсэн. Тэр олон тавилтуудаас бид их өөрөөр гаргаж чадлаа. Бид аль ч улсын гаргасан тэр санаагаар тавихыг хүсээгүй юм. Эмэгтэй хүнээ өмөөрч тоглолоо. Эр хүнийг дэргэдээ байгаа тэр нандин хайрыг мэдрээсэй, хайрлаасай, тэдний дотоод сэтгэлд ийм зүйл нуугдаж, уналтад орох үе байх ч түүнийг нь улам гундаалгүй татаж авахыг эрчүүдээсээ хүслээ.

Драмын жүжгийн давуу тал бол бүх зүйл амьд болдгоороо онцлог. Энэ жүжигт тэр амьд харилцааг илүүтэй их харуулж байнх шиг санагдлаа?

– Олон сарын турш бидний хичээн зүтгэж, тоглосон жүжиг маань үзэгчдийн сэтгэлд хүрч чадлаа. Мөн амьд хөгжимтэй тоглосон анхны жүжиг монголд тавигдлаа. Урьд нь төгөлдөр хууртай тоглох гээд үзэгдлүүд байсан боловч энэ удаагийнх “Пауз” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээр тоглолтыг үзүүллээ. “Чөлөөт хос” жүжиг маань нэг цаг, гучин минутын турш дуулж бүжиглэж, жүжиглэж завсарлах зайгүй өрнөдөг учраас жүжигчдээс маш их тэвчээр шаарддаг. Тиймээс энэ жүжгийнхээ гол дүрийг бүтээсэндээ би их олзуурхдаг юм.

-Та олон улсын фестивалд Монгол Улсаа төлөөлөн оролцож тун амжилт өндөртэй оролцож Гран при шагналыг хүртсэн. Энэ үеийнхээ сэтгэгдлээс хуваалцаач?

-Мэдээж сэтгэгдэл өндөр байлгүй яахав.  Тэр үед шагнал авч байгаадаа итгэхгүй байлаа. Учир нь энэ шагнал бол Монголын драмын урлагт олон улсаас хүртэж байгаа анхных болж байгаа юм. Олон оронтой туршлага солилцож, тэдэнтэй өрсөлдөн дэлхийн хэмжээний шүүгчдийн шүүлтүүрээр гарч ирсэн нь бодит зүйл. Энэ фестивальд амжилттай оролцоход ард талд минь байсан найз нөхөд, дэмжиж байсан үзэгчид, чөлөө өгөөд явуулсан театрын захиргааныхандаа баярлалаа.

1212

-Таныг Монголдоо моно жүжгийн фестиваль зохион байгуулах гэж байгаа гэж сонссон?

-ЮНЕСКО-гийн шүүгчид Монголдоо моно жүжгийн фестивалийг зохион байгуулах санал тавьсан. Үүний дагуу 2015 оны 10 дугаар сард дэлхийн долоон орны долоо шилдэг жүжигчин эх оронд маань ирж энэ фестивалийг зохион байгуулах гэж байна. Зохион байгуулж байгаа улс орон нь өөрийн жүжгээрээ нээдэг уламжлалтай юм байна. Тиймээс бид хамгийн сайн гэсэн уран бүтээлээ шалгаруулахаас эхлээд ажил их байна. Миний хувьд ирэх оны гуравдугаар сард Германы фестивальд оролцох урилга авсан.

Дэлгэцийн уран бүтээлд таны дүр ховорхон. Цаашид ийшээ орох бодол байна уу?

-Надад дэлгэцийн уран бүтээлд тоглосон дүр ховорхон шүү. Хааяа найз нөхдийнхөө дуудсан нэг жаахан хэсгүүдэд орсон кинонууд байдаг. Харин зохиолд нь болоод тоглосон “Анирлагч” гэж кино байдаг. Уг нь “Ану хатан” жүжгээрээ кино хийе гээд багшийнхаа хэлснийг үргэлж санаж явдаг учир Сувдаа эгч Мандухайд мөнхөрсөн шиг, Ану хатныг бүтээх хүсэлтэй байсан ч чадаагүй.  Гэсэн хэдий ч би их шартай хүн учир дараа дараагийн уран бүтээлүүдээ хийж байна.  Магадгүй Ану хатанд тоглосон бол Анугаараа үлдэх гээд өөр бүтээл хийж чадахгүй байсан ч юм бил үү. Жүжигчин эмэгтэй хүн бүр түүхэн хатны дүрд тоглох мөрөөдөлтэй байдаг.

-Уран бүтээлчид удаан хамт ажиллаад ирэхээр харцнаасаа л нэгнээ ойлгодог, алтан портнёрууд болдог гэсэн. Танд ч бас хаана ч хэзээ ч гар нийлж ажилладаг хамтрагчид байдаг байх?

-Байлгүй яахав. Ардын жүжигчин С.Сарантуяа эгчтэйгээ их сайхан гар нийлдэг шүү. Бас МУГЖ Ж.Оюундарьтайгаа олон уран бүтээл дээр хамтарч ажилладаг болохоор бид нэгнээ их сайн мэдэрдэг. Эби Боогий хоёртойгоо бас их сайн хамтрагчид байж чаддаг.

-Саяхан Монголчуудын уламжлалт баяр цагаан сар боллоо. Мөн удахгүй олон улсын эмэгтэйчүүдийн баяр болно. Эдгээр баяраа хэрхэн яаж тэмдэглэдэг вэ?

Ахмадуудаа хүндэлдэг гэдэг утгаараа би Цагаан сарыг ээждээ зориулж өргөн дэлгэр тэмдэглэдэг. Гурван сарын найманд ч бас дутахааргүйгээр ээжийгээ баярлуулахыг хичээдэг. Хүү минь одоо 18 хүрч байна. Жил бүр хүүгийнхээ төрсөн өдрийг чухалчлан тэмдэглэдэг. Хамаатныхаа хүүхдүүдийг бүгдийг нь урьж байгаад л би өөрийн гараар пицца хийж өгдөг. Энэ бүр уламжлал болоод байгаа.

2

-Монголчууд цагаан сараа өнгөрөөгөөд шинэ онтойгоо золголоо хэмээн бэлэгшээдэг. Таны хувьд 2015 онд хийхээр төлөвлөсөн олон сайхан ажил байгаа байх?

– Төлөвлөсөн олон ажил байгаа. Би дүр бүрийг сэтгэл зүрхнээсээ нэг ч алдаа гаргахгүйгээр бүтээхийг эрмэлздэг. Үзэгчид маань хамгийн чухал учир би бага ч гэсэн алдаа гаргахгүйн тулд жүжиг бүрийнхээ бэлтгэлийг хичээн чармайн хийж байна. Мөн хэд хэдэн кино санал байгаа. Үүн дээр ажиллахаар төлөвлөөд байгаа. Бас нэг томоохон ажил нь Монголдоо моно жүжгийн төрлийг хөгжүүлэх их ажил байна.

рилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Г.Сүрэн
olloo.mn

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …