Н.Энхбаяр: Би өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй

enkee540851148201503010447МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас шалгаж эхэлсэн тухай мэдээлэл өнгөрсөн пүрэв гаригт цацагдлаа. Мэдээлэл гарснаас хойш олон нийт асуудалтай холбоотой үзэл бодлоо уралдуулаад эхэлжээ.

Товчхондоо олон нийт болон улс төрийн хашир ажиглагчид “Н.Энхбаярыг оролдоод хэрэггүй. Нэр хүнд нь өсөхийн нэмэр. Тэгээд ч одоо Н.Энхбаяр болсон шүү дээ. Бусдыг нь яагаад шалгадаггүй юм бэ. Газрын мафийн толгойлогч М.Энхболд, Т.Бадамжунай, Оюу толгойн С.Баяраас эхлээд өчнөөн хүн байна. Тэднийг шалгадаггүй юм уу” гэцгээж байна. Тэр бүү хэл уг мэдээллийг үнэн худал хэмээн талцаад эхэлжээ. МАХН-ынхан ч өөрсдөө өчигдөр хэвлэлийн хурал хийж асуудлыг тайлбарлав. Хэвлэлийн хурлын дараа МАХН-ын Ажлын албаны дарга Ц.Шаравдоржоос дараахь тодруулгыг авлаа.

-Н.Энхбаяр даргыг АТГ ямар хэргээр дуудсан юм бэ?

-МАХН-ын дарга, Монгол Улсын гуравдагч Ерөнхийлөгчийг хэрхэн яаж хэлмэгдүүлж, ял тулгаж шийтгэснийг монголчууд харсан.

Гэтэл Н.Энхбаярыг мөрдөн мөшгих, араас нь хууль хүчний ажиллагаа явуулах, зохиомол хэрэгт удаа дараалан гүтгэх оролдлого үргэлжилсээр байна. Үүний тод жишээ нь дахин зохиомол хэрэгт гүтгэж мөрдөн байцаах ажиллагааг цагдаагийн байгууллагаас эхлүүлж мөрдөн шалгах ажиллагаа одоо хүртэл явагдаж байна. Мөн өчигдөр (уржигдар) АТГ-ын хоёр ажилтан 13 цагийн үед МАХН-ын байран дээр ирж Н.Энхбаяр даргатай уулзахыг шаардаж өрөөнд нь орж өнөөдөр (баасан гариг)-ийн15 цагт АТГ-т ирэхийг сануулж зарлан дуудах хуудаст гарын үсэг зурахыг шаардсан. Н.Энхбаяр гэдэг хүн өнөөдөр зохиомол хэргийн улмаас биедээ учирсан эрүүл мэндийн хохирлоо арилгахын төлөө Солонгост эмчлүүлж байгаа. Харин цагаан сараар насан өндөр аав, ээждээ золгохоор ирээд байгаа ийм үе. Шинийн найманд буюу өчигдөр ээжийнх нь 80 насны ой тохиож байлаа. Н.Энхбаяр дарга ч ямар хэрэгт холбогдуулж дуудаж байгаа юм бэ гэдгийг тодруулахад тодорхой хариулт өгөөгүй. Энэ нь АТГ хууль бусаар ажиллаж байгаагийн тод илэрхийлэл. Хэдий тийм ч АТГ-ынханд шууд хариулт өгөх боломж байсангүй. Өмгөөлөгч маань Дорнод аймагт ажлаар явсан байсан. Тиймээс ч Н.Энхбаяр дарга “Би АТГ гэдэг ямар байгууллагыг мэднэ. Яаж хохироодог вэ, хэлмэгдүүлдэг вэ гэдгийг биеэрээ амссан хүн. Тиймээс өмгөөлөгчийн хамт очихоос өөр аргагүй учраас өнөөдөртөө хариу өгөх боломжгүй” гэдгээ тайлбарласан. Ер нь ямар хэргээр дуудсаныг нь олон талаар тодруулж байгаа ч мэдээлэл авч чадахгүй байна. АТГ энэ талаар ихэд нууцалж байна.

-Одоо яригдаж байгаа зарим хэрэгт холбоотой гэсэн таамаглал байна. Эсвэл шинээр хэрэг үүссэн гэх таамаглал ч гарч?

-АТГ-ын нөхдүүдийн харьцаж байгаа харьцаанаас харахад ихэд сэжигтэй байсан. Яагаад баасан гаригийг сонгож байгаа юм. Ер нь АТГ буюу хуулийн байгууллагуудын тогтсон уламжлал, арга барил бий. Баасан гаригт хүнийг баривчилдаг. Ямар арга хэмжээ авахыг нь ч мэдэхгүй байна. Ямар асуудалд холбогдуулаад байгааг мэдэхгүй. Түүгээр ч барахгүй байцаах уу, хөндлөнгийн гэрчээр асууж тодруулах гэж байгаа юу, хорьж цагдах уу гэдгээ огт хэлээгүй.

-Хэн хэн гэдэг хүн ирсэн юм бол?

-АТГ-ын ажилтан Эрдэнэсайхан, Ганбаяр гэдэг хүмүүс ирсэн.

-Заасан хугацаанд нь очих уу?

-МАХН-ын үйл ажиллагааг дэмжих хүмүүсийн тоо улам нэмэгдэж байна. Өнөөдөр 15 цагаас МАХН-д гишүүнээр элсэх өргөдлөө өгсөн хүмүүсийн батлахыг олгох ёслолын ажиллагаа болно. Ямартаа ч өмгөөлөгчтэйгөө уулзаад асуудлыг тодорхой болгох байх.

-Н.Энхбаяр дарга Солонгос руу буцах уу?

-Эмчилгээ нь үргэлжилж байгаа.

-Намын байртай холбоотой асуудлаар тодруулахаар дуудаад байгаа юм биш биз?

-Би хуульч хүний үүднээс хэлэхэд намын байртай холбоотой асуудал дээр ажиллаж, дүгнэлт хийж байгаа. Өнөөгийн дагаж мөрдөж байгаа хуулийн хүрээнд эл асуудал иргэний журмаар асуудлыг шийдэх ёстой. Яагаад гэвэл энэ байрыг худалдан авах гэрээг хийгээд төлөх ёстой 500 мянган ам.долларыг гурав хоногт төлчихсөн. Эрх зүйн харилцаа нь бүрэн дуусгавар болсон. Гэтэл заавал иргэний асуудлыг эрүү рүү шилжүүлж Н.Энхбаяр даргад нааж байгаа нь сонирхол татах асуудал гэж байв. Тэгвэл өчигдөр 15 цагт МАХН-д шинээр элсэгчдийг батламжлах ёслолын ажиллагааны үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр биечлэн ирсэн юм. Тэрээр энэ үеэр хэвлэлийнхэнд тайлбар хийв. Тодруулбал, “Хүн өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгдөггүй. Өөрийнхөө хамаатан садан, ах дүүсийнхээ эсрэг мэдүүлэг өгдөггүй. Хүний энэ эрх Үндсэн хуулиар хамгаалагдсан байдаг. Үндсэн хуулийн тэр зарчмын дагуу би хангалттай хэмжээнд мэдүүлгээ өгчихсөн. Хангалттай тайлбарлачихсан. Тиймээс би тэр эрхээ эдлээд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй гээд албан ёсны бичиг өгчихсөн хүн. Тийм байхад яагаад ч юм огт мэдүүлэг өгөхгүй байгаа юм шигээр тухайн үед мушгин ойлгуулж 600 цагдаа оруулж ирээд чирч гулдчаад аваад явсан. Би аль болох Монголдоо ирж очмоор байна. Хамаатан садантайгаа уулзмаар байна. Намынхан маань ч ирж бай гэдэг. Энэ үед ирж болохгүй шүү. Ирвэл баривчилна гэсэн мессеж хүртэл ирсэн. Тиймээс улс төр хийж байгаа нөхдөд хандаж энэ бол хоцрогдсон арга шүү. Энэ бол Африк арга. Энэ бол Латин Америкийн арга. Үүнээсээ болих хэрэгтэй. Монгол ардчиллаараа бахархъя гэж байгаа юм бол улс төрийнхөө өрсөлдөгчтэйгөө улс төрийн аргаар өрсөлддөг байх хэрэгтэй” хэмээлээ.

МАХН-ынхан ийм байр суурьтай байна. Харин асуудлын талаар АТГ-ынхнаас тодруулахад “Одоогоор энэ талаарх мэдээллийг өгөх боломжгүй байна. Удахгүй албан ёсны мэдээлэл гаргана” хэмээж байлаа.

Л.МӨНХӨӨ

Эх сурвалж: www.dnn.mn

Санал болгох мэдээ

Г.Цолмон: Иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс зогсооно

Улсын их хурлын 2024 ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан сонгуульд санал өгөх иргэд оршин …