Ерөнхийлөгчид 35 тэрбумаас давсан эрх ашиг байв уу ?

527-1425007514527-1424923178110055977909_gsМанай улсын Төрийн тэргүүн Монголдоо хайртай, бас уучламтгай. Монголдоо хайргүй монгол хүн үгүй. Харин Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг ийм уучламтгай гэж бодсонгүй. Магадгүй үе үеийн Ерөнхийлөгчдөөс хамгийн өрөвч зөөлөн нь тэр болж мэдэх юм. Уг нь уучлал үзүүлж, иргэдээ ивээхэд буруу нь юу байхав.

Гэхдээ түүний энэ удаагийн уучлалыг “Уучлахын тулд уучилсан явдал боллоо” гэж дүгнэхээс өөр арга алга. Учир нь, тэрбээр ердөө сар ч хүрэхгүйн хугацаанд найман хүнд уучлал үзүүллээ. Харин энэ найман хүний тав нь монгол, гурав нь гадаадынх. Энд нэг зүйлийг онцлоход, гадаадын иргэнд уучлал үзүүлснийг нь шүүмжлэх гэсэнгүй. Ердөө л эрх мэдэлтэй хүн хийх гэснээ хийдэг юм байна хэмээн сэтгэж суугаагаа нуух юун.
Учрыг тодруулбал, онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийж, шүүхээс ял сонссон Жастин Капла нарын гурван иргэн манай улсын Ерөнхийлөгчөөс уучлал хүссэнээс ердөө 14 хоногийн дараа хүсэлтийг нь ёсоор болголоо. Магадгүй энэ уучлал хамгийн хурдан хугацаанд биеллээ олсон жишээ байж ч мэднэ.
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч гэр бүлийн хүчирхийллийн улмаас аргагүй хамгаалалт хийж, хүний аминд хүрсэн Л.Бямбасүрэн гуайг уучилснаас авахуулаад өнгөрөгч мягмар гаригт татвараас зайлс хийсэн хэргээр ял эдэлж байсан гурван иргэнд уучлал үзүүлэв. Уучлахын тулд уучиллаа гэж хардахын эхний шалтгаан энэ.
Хэдхэн хоногийн зайтай таван хүний уучлал. Харин удаах шалтгаан нь уучлал хүссэн гадаадын гурван иргэнтэй ижил үндэслэлээр ял эдэлж байсан хүмүүст өршөөл үзүүлсэн явдал. “Би татвараас зайлсхийсэн Монгол хүмүүсийг ч бас өршөөж байсан”. Ямар нэгэн сөрөг хандлагын ард түүний хэлэх үгийн урьтал энэ байж болох.
Харин Ерөнхийлөгчийн уучлалыг хүртсэн Монгол Улсын гурван иргэнийхээс ялгаатай нь Жастин Капла нар улсад учруулсан хор хохирлоо буюу 35 тэрбум төгрөгийн татварын өрөө барагдуулаагүй. Хамгийн ноцтой нь иргэний хариуцагч буюу тэдний ажиллаж байсан “Саусгоби Сэндс” компанийнхан 35 тэрбум төгрөгийг улсад төлөхийг эсэргүүцэн, давж заалдах гомдол гаргасан. Нэг үгээр бол,35 тэрбумыг манай улсад төлөхгүй гэсэн үг.
Гэтэл Ерөнхийлөгчид 35 тэрбумаас давсан эрх ашиг үйлчлэв үү эсвэл энэ их хэмжээний мөнгийг улсын төсөвт төвлөрүүлэхээс илүү том ашиг сонирхол гарч ирэв үү. Эдийн засаг хүндрэлтэй, энд тэндгүй хэмнэлт хийж байгаа үед Төрийн тэргүүн маань татвараас орж ирэх 35 тэрбумыг салхинд хийсгэчихэв бололтой.
Филиппиний Ерөнхийлөгч хоёр иргэнээ уучлахыг хүссэн захидал илгээсэн, АНУ-ын иргэдийг суллахыг хүчтэй эсэргүүцсэн, олон байгууллагаас мэдэгдэл гаргасан гэдэг үндэслэлээр ч тэр үү ямартай ч Ерөнхийлөгч өөрт ноогдсон онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд тэднийг уучиллаа.
Харин ийнхүү уучлал үзүүлснээ Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч “Хүнд шийдвэр байлаа. Монголоо хараалгаад суух уу. Монголоо бодох уу, өөрийгөө бодох уу. Монголдоо би хайртай. Уучлал бол гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, өөрөө хүсэлтээ гаргасан хүнд үйлчилдэг шийдвэр. Харин төлбөрийг тухайн аж ахуйн нэгж хариуцна” хэмээн твиттер хуудсаараа дамжуулан тайлбарласан.
Гэхдээ Жастин Капла нар хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч, уучлал хүссэн ч 35 тэрбумыг манай улсад төлөхгүй гэдгээ шулуухан хэлчихсэн. Гэсэн ч тэд Ерөнхийлөгчийн уучлалаар ийнхүү эрх чөлөөтэй боллоо.
М.Өнөржаргал 
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

Санал болгох мэдээ

ЗГ:Элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл …