Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Японд айлчлахдаа “болчимгүй” үг хэллээ

10404489_858667914201090_3769498323729006889_nЕрөнхий сайд  Ч.Сайханбилэг  хэдхэн  хоногийн өмнө япон улсад айлчилсан. Тэрээр энэхүү айлчлалынхаа үеэр  Японы Ерөнхий сайд Ш.Абэтай уулзан  Японы  иргэдийг нь  барьцаалж, амийг нь хөнөөсөн Исламын улс бүлэглэлийн тухай түүнтэй  ярилцсан байна. Ч.Сайханбилэг хэлсэн үгэндээ Японы иргэд Исламын улсын гарт алагдсан явдалд эмгэнэл илэрхийлээд “Монголын зүгээс Абэгийн тэргүүлж буй Терроризмтай тэмцэх ажлын хэсэгт хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлнэ” гэж амлажээ.

Үүнийг сонсоод мэл гайхаж, цэл хөхрөв.

Нэгдүгээрт, бид АНУ мэтийн  хөрөнгө чинээлэг улс  шиг бусдад хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг улс орон биш,  Хоёрдугаарт, Исламын бүлэглэл нь манай улсад болон манай иргэдэд  ямар нэгэн харш зүйл хийгээгүй  байтал тэдэнтэй илт дайсагнах нь бидэнд сайн үр дагаварыг авч ирэхгүй,  Гуравдугаарт, Исламын бүлэглэл Монгол улсад заналхийлэх юм бол бид тэдний үйлдлийн эсрэг хариу үйлдэл үзүүлэх боломж хязгаарлагдмал, Дөрөвдүгээрт,  бид  өөрсдөө дотроо эдийн засгийн хямралтай бусдаас   зээл тусламж гуйж яваа атлаа  бусдад туслаж чадах нь юу л бол, Тавдугаарт,  улс төрийн  өндөр хариуцлагатай албан тушаалтны үг яриа   улс орноо бодсон, алсын хараатай байх ёстой болохоос биш “ам хагархай” гэдэг шиг хамаа намаагүй ярьж болдоггүй байлтай.

Түүний дээрх үгийг товчхондоо монголчилвол “Холуур явсан гайг өөр дээрээ дуудна” гэдэг үг л  онох мэт. Монгол улсын Ерөнхий сайдын хэлсэн энэхүү  үгний  “харгайгаар”  Исламын бүлэглэл манай улсыг “дайснаа” гэж тооцон “хар дансандаа”  бүртгэж авсан бол яах вэ?

Сар гаруйн өмнө  Япон улсын Ерөнхий сайд   Ш.Абэ өнгөрсөн  Ойрхи Дорнодод айлчлах үеэр Исламын улсын эсрэг тэмцэлд 200 сая доллар хандивлана гэдгээ  мэдэгдсэн байдаг. Гэвч ердөө маргааш нь Исламын улс Японы 2 иргэнийг барьцаалан  3 өдрийн дотор 200 сая доллар өгөхийг шаардсан. Япончууд өдөр шөнөгүй иргэдээ  сулууллах гээд  оролдсон боловч  энэхүү оролдлого нь талаар болж эцэстээ 2 сэтгүүлийнхээ толгойг тасдуулсан. Хэрэг явдал ийм байтал хаа холын Монголын Ерөнхий сайд нь  Япончуудад “саймширахдаа”  Исламын бүлэглэлтэй дайтахад тусалж дэмжинэ хэмээн   өөрийн улсаа  зарлаатхав.

Манай Ерөнхий сайд  Японыг Исламын улстай тэмцэхэд туслана, дэмжиж байна гэх байр суурь илэрхийлэх нь зөв үү? Өнөөдөр дэлхийн ихэнх  улсууд Исламын улстай хутгалдахаас аль болох зайлсхийж байхад манай Ерөнхий сайд юу бодож, ямар “үнэ цэнээр”   ийн хэлэх болов.  Тэрээр  Монголын ард түмний нэрийн өмнөөс  ийм  шийдвэр гаргах эрхтэй юу?

Төрт ёсны эртнээс улбаатай гадаад улс орнуудтай эв найрамдалтай харилцах Монгол төрийн  алтан аргамжийн бодлогыг Ерөнхий сайд гэдэг хүн дангаараа тодорхойлоод, бусадтай дайсагналцаад явж болох уу?

Муугаар төсөөлөхөд Исламын улсаас бидэн рүү агаараас халдан довтоллоо гэхэд бид улс орноо батлан хамгаалж чадах баталгаа байна уу, Үндэсний аюулгүй байдалтай холбоотой ийм эмзэг асуудалд Ерөнхий сайд  сэтгэлийн хөөрлөөр хандаж болох уу?

Монгол улс  руу довтолдоггүй юмаа гэхэд дэлхийгээр нэг тарсан Монгол иргэдийнхээ аюулгүй байдлыг бодсон ч ийм зүйл ярьж болно гэж үү.

Японд хийсэн айлчлалынхаа үеэр хэлсэн дээрх мэдэгдэл нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг дипломат ёсны анхан шатны ч мэддэггүй хүн гэдгийг нотлон харууллаа. Зүй нь бол  тэрээр асуудалд хандахдаа “Монгол улс терроризмын  бүх хэлбэрийн эсрэг  хатуу байр суурьтай зогсоно” гээд л хэлэхэд л хангалттай байсан.

Ийнхүү манай Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад хийсэн айлчлалынхаа үеэр  Исламын улсыг Монгол улс дайснаа гэж харилцана гэдгийг дэлхий нийтээр зарлачихлаа. Харин одоо  Ерөнхий сайдынхаа “ачаар”  Монгол улсын иргэд та бүхэн маань ойрхи дорнодын улс орнуудаар айлчлах, зорчихдоо  сонор сэрэмжтэй байж  Исламын улс бүлэглэлийнхэнд олзлогдохоос  сэргийлэх хэрэгтэй болж байх шиг байна.

Сэтгүүлч Улмаа,

Ц.Мөнх

Ugluu-logo20282

Санал болгох мэдээ

“Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл” НҮТББ-ын удирдах зөвлөлийн хурал боллоо

“Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл” /НҮТББ/-Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн хурал өнөөдөр …